Австрали улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа өнөөдөр өглөө боллоо. Засгийн газрын ордны өмнө усан зам, агаар, хуурай замын төлөөллийн цэргүүд эгнэн жагссан байв. Тэд өндөр намаараа холилдон жагссан нь далайн давалгаан бэлэгдлийг илэрхийлж байгаа хэрэг юм байна. Харин нөгөө талд нь их бууны ангийн тусгай цэргүүд техник хэрэгслийнхээ хамт жагсчээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг талбайд орж ирэхэд тус улсын Ерөнхий сайд Жулиа Гиллард угтан авч, мэндчиллээ. Үүний дараа их буугаар есөн удаа буудаж, хүндэтгэл үзүүлэв. Манай улс Австрали улстай дипломат харилцаа тогтоосноос хойших 39 жилийн дараа Ерөнхий сайдын айлчлал анх удаа болж байгаа бөгөөд энэ ч утгаараа Монгол Улсын Засгийн газрын тэргүүний айлчлалд тус улс өндөр ач холбогдол өгч байгаа нь алхам бүрт анзаарагдаж байлаа.