Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд үйлдвэржүүлэлтийн бодлогыг зангиддаг бөгөөд энэ хүрээнд улсын төсвөөс олгож байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хэрэгжилт хөдөө орон нутагт хэрхэн явагдаж байгааг газар дээр нь очиж танилцдаг. Энэ удаа тэрээр Булган аймагт ажиллаж, зээл авсан иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус аймгийн хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 1,4 тэрбум төгрөг ЖДҮ-ийг дэмжих сангаас иргэдэд тараасан байна. Тус аймагт үйлдвэржүүлэлтийн бодлого амжилттай хэрэгжиж, үүний үр дүнд аймагт 423 ажлын байр шинээр бий болж, ард иргэд ажил хийх хүсэл сонирхолтой, амьдралын төлөө гэсэн урам зоригтой болж, амьжиргааг нь дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа гэдгийг аймгийн засаг дарга нь онцоллоо.
Тэргүүн шадар сайдын орсон эхний үйлдвэр чацаргана боловсруулах “Булган Ундарга” компани. Тус компани 7 жилийн өмнө Увсын Тэс сумаас Чандмань сортын суулгацыг авчирч тариалсан бөгөөд дөрөв дэх жилдээ ургац авч байгаа. Одоо 5 мянга орчим суулгацтай болсон бөгөөд энэ жил хамгийн өндөр ургац аваад байгаа гэнэ. Тэд чацарганы нэг модноос 2-12 кг үр жимс авдаг бөгөөд энэ жил чацарганаас зургаан тонн, үхрийн нүдээс хоёр тонны ургац авсан байна. Тэрээр жижиг дунд үйлдвэрлэлийг дамжих сангаас 15 сая төгрөг авч чацарганы үйлдвэрлэлийг энэ жилээс эхлэн явуулж байгаа. Одоогийн байдлаар чацарганаар ундаа, жүүс, дарс, вариань, тос гарган авч орон нутгийн хэрэгцээг хангадаг байна. Иргэд эх орны байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үзэх болсон энэ цаг үед энэ төрлийн бүтээгдэхүүний орлого сайн болсон. Өдөрт дээд тал нь 700-800 мянган төгрөгийн орлого олдог бөгөөд үйлдвэрлэл явуулж эхлээд 30 сая төгрөгийг борлуулалт хийгээд байгаа гэдгээ компаний захирал Б.Долгорсүрэн Тэргүүн шадар сайдад танилцууллаа.
|
Тэргүүн шадар сайд мөн тус аймгийн “Гурил тэжээл Булган” үйлдвэрийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэр хоногт 120 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ өргөтгөж байгаа юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор гурилын үнэ 50-80 төгрөгөөр буурах бололцоотой. Үйлдвэрлэл ашиглалтад орсноор 30 орчим хүний ажлын байр бий болох юм байна. Тэргүүн шадар сайд манай улсын газар тариалангийн томоохон бүс нутаг тариалсан тариагаа өөр аймагт боловсруулаад худалдаж авах гэж байхаар газар дээрээ ийм өндөр хүчин чадал бүхий үйлдвэр шинээр босож, орон нутгаа улмаар баруун бүсээ хангах болж байгааг ихэд сайшаалаа.
Мөн Тэргүүн шадар сайд Чех улсад айлчилж байхдаа сонирхож байсан зөөврийн сүүний үйлдвэрээс Монгол руу хоёр ширхэг явсан гэдэг сургаар олдсон Булган аймгийн “Шинэ тэнгис” компаний сүүний үйлдвэрийг очиж сонирхсон юм. 45 еврогийн өртөг бүхий уг зөөврийн үйлдвэрлэлийг худалдан авахаар тус компани ЖДҮ-ийг дэмжих сангаас 50 сая төгрөгийн зээл авсан байна. Хоногт 400 литр сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд технологийн өндөр хүчин чадлаар нэгэн доор сүү тараг, аарц савлан гаргах боломжтой авсаархан үйлдвэр юм байна. Евро стандартыг монголд нэвтрүүлнэ гэж яригдаж байгаа энэ үед ихээхэн өндөр ач холбогдолтой үйлдвэрлэл болохыг Тэргүүн шадар сайд онцолж байлаа.