Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр эхэллээ. Монгол улсын хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцох тус чуулган эхэлсэнтэй холбогдуулан чуулганыг зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Өөрөөр хэлбэл Эдийн засгийн форумын удирдах зөвлөлийн дарга, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд зохион байгуулагчдын хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Манай улсад хоёр дахь жилдээ болж байгаа эдийн засгийн форум энэ жил хөгжлийн төлөө хамтдаа уриан дор 4 гол чиглэлээр зохион байгуулагдаж, 15 салбар хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэгүүд өрнөж байна.
Нийгмийн бүх давхаргыг хамарсан төлөөлөл хамтран ,улс орныхоо ирээдүйн зорилтоо тодорхойлж хөгжлийн асуудалд тодорхой шийдэлд хүрэх уулзалт болж байна гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байна. Энэ шийдэл нь төр засгийн түвшинд зөвлөмж болох учиртай, бүр цаашлаад улс орны стратегийн зах зээлийн төлөвлөлтийг бий болгох чиг хандлага болно гэдгийг тэрбээр онцоллоо. Өнгөрсөн онд анхны чуулганаараа хөрөнгийн зах зээл, өрсөлдөх чадвар, улсын бүртгэлийн шинэчлэл, төсвийн шинэчлэл,уул уурхай, ногоон эдийн засаг зэрэг улс орны амьдралд чухал нөлөө бүхий асуудлаар төр, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчид хамтран хэлэлцүүлэг өрнүүлж тодорхой шийдэл, сэжүүр гаргасан нь амжилт байсан.
Өргөс авсан мэт үр дүн нь хурдан гарахгүй ч амьдралд хэрэгжих эхлэл тавьсан гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглээд, энэ жил энэ хурлыг дахин үргэлжлүүлж тодорхой асуудлаар буюу хөгжлийн асуудлаар чуулна гэдгийг дурьдлаа. Нийгмийн диалог хэмээн тодорхойлсон тус чуулга уулзалтын бас нэг онцлог нь засаглал, төр болон компанийн засаглалын талаар ярилцахад оршиж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ