Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлч, ажилтнууд та бүхэндээ болон уншигч, сонсогч, үзэгчиддээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэндийг хүргэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өргөн хүрээнд тэмдэглэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол үнэний дуу хоолой болсон сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны төдийгүй чөлөөт хэвлэлийн үр шимийг хүртэгч уншигч, сонсогч, үзэгчдийн баяр билээ.
Манай улс 1998 онд “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийг батлан хэрэгжүүлж эхэлснээр хэвлэл мэдээллийн салбар хараат бус, бие даасан байдлаар хөгжих үндэс суурь бүрдсэн юм. Өнгөрсөн хугацаанд чөлөөт хэвлэлийн салбар өргөжиж, дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн. Гэсэн хэдий ч манай улсын хэвлэлийн эрх чөлөө дэлхийн хэмжүүр, шалгуураар “хагас эрх чөлөөт” ангилалд багтсаар байна. Ардчилал эрх чөлөөний гол хэмжүүр болсон чөлөөт хэвлэлийн дархлааг бэхжүүлж, Монголын хэвлэл мэдээллийн салбарыг “бүтэн эрх чөлөөт” болгох ёстой. Үүнийг дагаад сэтгүүл зүйн салбарын эрх үүрэг, хариуцлагын асуудал ч хөндөгдөх учиртай.
Засгийн газраас “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэчлэн ард түмний дуу хоолой болсон дөрөвдэх засаглалаа хөгжүүлэх, мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангаж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд төр засгийн зүгээс анхааран ажиллаж байна.
Улс үндэстнийхээ нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, хариуцлагатай, ёс зүйтэй, хүнлэг, иргэнлэг сэтгүүл зүйг хөгжүүлэхэд сэтгүүлчдийн идэвх санаачлага, бүтээлч ажиллагаа чухал үүрэгтэй. Монгол улс хөгжлийнхөө шинэ гараанд ирж, эдийн засаг зүй тогтлоороо хурдацтай урагшилж байна. Нийгэм хөгжихийн хэрээр монголчууд биднээс илүү сайн ажиллах ,хариуцлагатай байх шаардлага тулгарч байна. Үүнд дөрөвдэх засаглалынхан та бүхний үүрэг оролцоо ч асар их билээ.
Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд ойлгуулах, ард түмнийхээ санал бодлыг төр засагтаа хүргэхэд хэвлэл мэдээллийн салбарынхан ихээхэн хувь нэмэр оруулж ирсэнд талархаж буйгаа баярын энэ өдөр тань онцлон тэмдэглэж байна. Сэтгүүлч, уран бүтээлчид та бүхний үг тань үнэн, үзэг тань хурц байх болтугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд