Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.03 /

ҮНДСЭН ЧИГЛЭЛД НЭМЭЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

“Үндсэн чиглэлд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл”-лийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Төсөлд “Монголын төмөр зам” ХК-ийн ирээдүйд олох ашгийг тооцоолсны үндсэн дээр тус компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг нэмэгдүүлэн тогтоож, нийт хувьцааны 49 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй арилжиж, хөрөнгө төвлөрүүлэхээр тусгажээ.

Хөрөнгийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д туссан эхний болон хоёр дахь шатны төмөр замын суурь бүтэц барихад зарцуулах юм. Төсөл батлагдвал төмөр замын суурь бүтэц барихад шаардагдах хөрөнгө оруулалтын аргачлал бий болохоос гадна хувьцаа арилжсанаар хөрөнгийн зах зээл идэвхжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид томоохон бүтээн байгуулалтад оролцох боломжтой болно. Түүнчлэн хувьцааг биржэд бүртгүүлснээр “Монголын төмөр зам” ХК-ийн санхүү болон үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, компанийн сайн засаглалыг хэвшүүлнэ гэж Засгийн газар үзэж байна.

УИХ-ын 32 дугаар тогтоолын дагуу эхний шатанд Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэлд 1100 км төмөр замын суурь бүтэц барих юм. Энэ хүрээнд Засгийн газар төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ХК-д олгосон бол салбарын сайдын тушаалаар төмөр замын трассын ерөнхий төлөвлөлтийн зургийг батлаад байна. Батлагдсан трассын дагуу мэргэжлийн байгууллагууд газар зүйн байршил, өндрийн цэг, тэмдэгтүүдийг суулгаж, сүлжээ байгуулж эхэлжээ. “Монголын төмөр зам” компани нь эхний үе шатанд барих төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлийг “McKinsey&Company”-иар хийлгэхээр гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлсэн байна.

Эхний үе шатны төмөр замыг барихад нийт 3 тэрбум орчим ам.доллар /1 км зам барихад 2-2,5 сая ам.доллар/ шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Хоёр дахь үе шатанд Нарийнсухайт-Шивээхүрэн, Ухаа худаг-Гашуунсухайт, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг, Хөөт-Бичигтийн чиглэлийн 900 орчим км замын суурь бүтцийг барьж эхлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ГАДААДАД БАЙГАА ИРГЭДЭЭ БҮРТГЭХЭД 684 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Хилийн чанадад амьдарч байгаа иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулахад зориулж 684,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Гадаад харилцааны яамны судалгаагаар гадаадын улс орнуудад манай улсын 112 872 иргэн амьдарч байна. Засгийн газар иргэдээ бүртгэх, бүртгэлийг үнэн зөв хөтлөх, иргэнийхээ эрх ашгийг хангах, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын төрд ногдох ашгаас хишиг, хувь хүртээх, хувьцаа эзэмшүүлэх боломжийг хангахаар шинэчилсэн бүртгэл явуулж байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсад амьдарч байгаа иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах бүртгэлийг 3 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн юм. Манай улс гадаад орнуудад байгаа Дипломат төлөөлөгчийн 38 газраараа дамжуулан хилийн чанадад амьдарч байгаа иргэдээ бүртгэлд хамруулж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН АСУУДЛЫГ ҮАБЗ-Д ТАНИЛЦУУЛНА

Эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу Улаанбаатар хотод баригдах “Улаанбаатарын ДЦС-5”-ын явцын талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. “Улаанбаатарын ДЦС-5” төсөл нь Улаанбаатар хотын ялангуяа зүүн хэсгийн дулаан хангамжийн хэрэгцээг хангах, дулаан доголдлыг арилгах зорилготой. Дулааны гидравликийн тооцоогоор шинэ эх үүсвэрийн байршлыг аль болох хотын зүүн талд байршуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.

Одоогийн байдлаар салбарын яамнаас гурван хувилбарыг гаргаад байгаа бөгөөд хотын зүүн зах буюу Улиастайн аманд шинээр барих, “ДЦС-3” ХК-ын дэргэд одоо ашиглаж буй бүх дэд бүтцэд тулгуурлан шинээр ДЦС барих, эсвэл Багануурын нүүрсний уурхайг түшиглэн конденсацийн шинэ цахилгаан станцыг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар, Улаанбаатар хотыг дулаанаар хангахын тулд нийслэлд хэд хэдэн дулааны станц барих  төлөвлөгөө гаргажээ.

Танилцуулгыг Засгийн газрын гишүүд сонсч, хэлэлцээд “Улаанбаатарын ДЦС-5” төслийг дэмжиж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо. Мөн “Улаанбаатарын ДЦС-5” төслийг концессын “Барих-ашиглах-өмчлөх” хэлбэрийг ашиглан санхүүжүүлж хэрэгжүүлэх, хэрэв энэ хувилбар амжилтгүй болбол концессын “Барих-шилжүүлэх” хэлбэрийг ашиглан төслийг санхүүжүүлж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийг томилж, холбогдох зардлыг 2011 оны төсвийн тодотголд тусгаж, батлуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

ЭНЭ ЖИЛ 281.2 МЯНГАН ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙНЭ

Энэ хавар 281.2 мянган га-д үр тариа, үүнээс 276.5 мянган га-д буудай, 13.9 мянган га-д төмс, 7.4 мянган га-д хүнсний ногоо, 12.6 мянган га-д малын тэжээлийн ургамал тариална. Ирэх намар 388.1 мянган тонн үр тариа, 188 мянган тонн төмс, 94.8 мянган тонн хүнсний ногоо, 36.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахыг зорьж байна. Ингэснээр улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангахын зэрэгцээ 280 мянган га-д чанар сайтай уринш боловсруулах юм.

Хаврын тариалалтад зориулж тариалалтад дутагдах үрийг 30 хувийн урьдчилгаа зээлээр олгож намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр Засгийн газрын өмнөх хуралдаанаас шийдвэрлэсэн. Мөн дизелийн түлшийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор болж гэрээ байгуулж эхэлжээ. Тариалалтын техник засварын ажил 70 гаруй хувьтай байгаа бөгөөд төсвийн хөрөнгө оруулалтаар үрлүүр, сийрүүлүүр, комбайн, үр цэвэрлэгч, өрхийн үйлдвэрлэлийг механикжуулах зорилгоор хүнсний ногоо, бага оврын төмсний иж бүрдэл, нийлүүлж байна. 

Ургацын чанарыг сайжруулах, өвчин, хортонтой тэмцэхийн тулд ариутгалын бодис, гербицид, эрдэс бордоог аж ахуйн нэгж, иргэдэд 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож байгаа зэрэг бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. “Атрын гурав дахь аян”-ы хүрээнд манай улс өнгөрсөн онд 366.3 мянган тонн үр тариа, үүнээс 344.5 мянган тонн буудай, 169 мянган тонн төмс, 90 мянган тонн хүнсний ногоо, 38.9 мянган тонн тэжээлийн ургамал хураан авсан юм.

Ингэснээр жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой болсон юм. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 6 мянга гаруй механикжуулагч, ногоочин ажлын байртай болж, техник, технологийн дэвшил, шинэчлэл нэвтэрсэн байна. Үүний дүнд нэгжээс хурааж авсан ургацын хэмжээ улсын дунджаар үр тарианд 13.9-16 цн, төмс, хүний ногоонд 122.2-138.4 цн хүрсэн ахиц гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • 2011 оны хаврын тариалалтад шаардлагатай ургамлын үр, үрслэг, суулгацыг Дорнод аймгийн Хавирга, Завхан аймгийн Арц суурь, Говь-Алтай аймгийн Бургастай, Хөвсгөл аймгийн Ханхын боомтоор оруулна. Харин ургамал хамгааллын бодис, бордоог Дорнод аймгийн Хавирга, Ховд аймгийн Ярант, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арц суурь, Говь-Алтай аймгийн Бургастай, Хөвсгөл аймгийн Ханхын боомтоор оруулах юм. Засгийн газрын энэ тогтоолыг энэ оноос  эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх юм байна. Баруун болон зүүн бүсийн аймгуудад 50 мянга орчим га талбайд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж жилдээ 10 мянган тн ургамал, хамгааллын бодис, 5 мянган тн бордоо хэрэглэдэг. Хаврын тариалалтад шаардлагатай бодис, бордоог өөрийн аймагт ажилладаг хилийн боомтуудаар импортлох хүсэлтээ орон нутгаас салбарын яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүсэлт болгосон байна.
  • Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтлоо. Зовж зүдэрсэн нэгэндээ энэ өдөр сэтгэл харамгүй туслах, хүн хүнээ хайрлах, дэмжих, чин сэтгэлийн хариу нэхээгүй тусламж, дэмжлэг үзүүлэх, энэрэнгүй үйлсийг үнэлэх, талархах арга хэмжээ  зохион байгуулж байх юм.

“ӨНДӨР ХУРДНЫ ӨРГӨН ЗУРВАСЫН СҮЛЖЭЭ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

“Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран боловсруулж батлуулан, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо, технологийн газрын дарга нарт даалгав.

Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгах, хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгасан байна.

Манай оронд өндөр хурд шаардсан зарим технологи хараахан нэвтрээгүй, шинэ технологи, стандартын шилжилт хийгдээгүй. Гэсэн ч интернет хэрэглэгчдийн тоо улам бүр өсөх хандлагатай байгаа нь өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ, үйлчилгээний хэрэгцээ, шаардлагыг нэмэгдүүлж байгаа юм. Энэ нь зөвхөн энгийн интернет хандалтаас бус хэрэглэгчдийн өндөр багтаамж шаардсан гурвалсан үйлчилгээ, телетооцоолол, тоглоом болон мультимедиа зэрэг олон төрлийн хэрэглээнээс урган гарч байна.

Эдгээрийг ойрын үед ажил хэрэг болгоно гэж тооцвол одоогийн сүлжээний чадамж шаардлага хангахгүй. Иймээс өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулах, өргөтгөх, ашиглах, эзэмших, хөгжүүлэх хууль эрх зүй, зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх, цаашид хийх арга хэмжээг нарийвчлан тодорхойлсон Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Хөтөлбөр нь нийт нутаг дэвсгэрийг хамарсан өндөр чадамжтай, өндөр хурдны өргөн зурвасын сүлжээг өргөтгөн, өртөг багатай мэдээллийн цогц үйлчилгээг төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөд хүргэж эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын түвшинг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

“Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөрийг 2011-2015 онд хэрэгжүүлэх юм байна. Өргөн зурвас гэдэг нь өндөр хурдтай интернетийн байнгын холболтод суурилсан гурвалсан үйлчилгээ, энэ үйлчилгээг дамжуулах өндөр чадамжтай сүлжээ зэрэг бүх төрлийн технологийн нэгдлийг хэлдэг. Харин гурвалсан үйлчилгээ гэдэг нь дуу, дүрс, өгөгдлийг нэг өргөн зурвасаар дамжуулах буюу интернет, телевиз, телефоны үйлчилгээг нэг дамжуулах шугамаар хүргэх боломжийг хэлдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙГ УДИРДАХ ХОРОО БАЙГУУЛАВ

Төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратегийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнд нь үнэлгээ, дүгнэлт өгөх ажлыг уялдуулан зохицуулах үүрэгтэй орон тооны бус Удирдах хороо байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай, хэвийн явуулах шаардлагатай учир Төрийн албаны зөвлөлд 3-4 хүний орон тоо нэмэхээр болж байна. Төрийн албаны шинэтгэлийг удирдах ийм бүтэц байхгүйгээс шинэтгэлийг улсын хэмжээнд нэгтгэн удирдах, зохицуулах ажил эзэнгүйдэж, шинэтгэлтэй холбоотой асуудлаар төрөөс баримталж байгаа зарчим, бодлогыг хэрэгжүүлэхэд хүч тарамдаж байгаа юм.

Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам зэрэг төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх гол үүрэгтэй байгууллагуудын уялдаа холбоо ч сайнгүй явж иржээ. Төрийн албаны шинэтгэлтэй холбоотой хууль, тогтоомжийн төслүүд хэлэлцэгдэж байгаа боловч талуудын оролцоог тэр бүр хангахгүй байгаагаас тодорхой бус, ойлгомжгүй байдал ч бий болж байна. Энэ нь төрийн албаны шинэтгэлийн үйл явцын эрчимжилт, үр дүнд цаашид сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Засгийн газар үзлээ. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь эдийн засгийн шинэтгэлтэй холбогдсон асуудлыг голлон хариуцаж байгаа тул төрийн албаны шинэтгэлийг улс орны хэмжээнд уялдуулан зохицуулах шууд чиг үүрэггүй учир энэ ажлыг хариуцуулах боломж байхгүй юм байна.

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ЗАРЧМЫН ХУВЬД ДЭМЖИЖ БАЙНА

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нарын гишүүд “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төсөл”-ийг санаачлан боловсруулсан байна. Энэ нь сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, санал авах, санал тоолох, сонгуулийн дүн гаргах зэрэг сонгуулийн үе шатны ажиллагааг боловсронгуй, шуурхай болгох, сонгогчдын сонголтыг будлиулж, дүнг гажуудуулах аливаа оролдлогыг хаах зорилготой юм.

Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар боллоо. Хуулийн төслийг эцэслэн боловсруулахдаа сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн дүнг гаргах журмыг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх эсэх асуудлыг судлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Түүнчлэн уг автоматжуулсан системийг бий болгосноор иргэний бүртгэлийн мэдээллийн сантай хэрхэн уялдах, сонгогчдын шилжилт, хөдөлгөөний талаарх байнгын бүртгэлийг хэн хийж байх, санал хураалтын үед санал тоолох хэдэн машин шаардлагатай болох, уг системийг бүрдүүлэх, суурилуулахад төсвөөс хэдий хэмжээний зардал гарах зэрэг бусад нарийвчилсан тооцоо, судалгааг өөрийн орны нөхцөл байдал болон бусад орны туршлагыг үндэслэн хийх шаардлагатай байна гэж  үзлээ. Мөн сонгуулийн үед ямар нэг будлиан маргаан гарсан тохиолдолд гараар тоолох асуудлыг төсөлд тусгах саналаа уламжилжээ.  



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЗҮҮН ГУРВАН АЙМАГТ АЖИЛЛАХ ТОМИЛОЛТОО ХЭНТИЙ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзахдаа хэлсэн үг
Хур бороо дагуулж ирсэн Ерөнхий сайдыг Сүхбаатарчууд хүндэтгэн хүлээн авлаа
Мэндчилгээ
Дэлхийн топ 50 их сургуульд суралцах оюутнуудын төлбөрийг Засгийн газар даахаа амлалаа
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД АЛТАН МӨРДӨСТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан