2011 оны 05 дугаар сарын04-ний өдөр Өндөрхаан хот
Хан Хэнтий нутгийн эрхэм хүндэт ард иргэд ээ,
Та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье,
Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш анх удаа Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Өндөрхаан хотод ирж, дэлгэр зуны эхэн сарын шинийн нэгний хур бороотой энэ өдөр Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа билэгшээж байна. Уулзах хүсэл, төлөвлөгөө өнгөрсөн жилээс эхтэй ч учрал ерөөл өнөөдөр тохиолоо. Эзэн Чингэс хааныхаа гал голомтыг сахиж ирсэн ажилч, хөдөлмөрч Та бүхэнтэйгээ уулзсан завшааныг ашиглаж Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар ярьж, санал бодлоо хуваалцахыг хүсч байна.
2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлснээс хойш гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Миний бие Засгийн газрын тэргүүний үүргийг хүлээж аваад жил зургаан сар боллоо. Энэ хугацаанд улс орныхоо өнөө, ирээдүйд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийг тодорхойлж ард олноо ажилтай орлоготой болгох, аж ахуйн нэгж, иргэдээ дэмжиж, хөгжлийг түргэтгэх, хэтийн зорилтуудаа дэвшүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар ихээхэн зүтгэл гарган ажиллаж байна.
Тухайлбал 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж,улс орны эдийн засгийн ачааг үүрч яваа бизнес эрхлэгчдийнхээ ажиллах орчинг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын хүнд суртлыг халах, шат дамжлагыг цөөлөх, хууль эрх зүйн орчноо сайжруулах зэргээр олон ажлыг эхлүүлсэн. Ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл чирэгдэл үүсгэж буй 100 гаруй зөвшөөрлийг хүчингүй болгож, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагуудад шилжүүлж, бүртгэлтэй холбоотой хураамжуудыг хоёр дахин багасгалаа.
Манай улсад ажилгүйдлийн түвшин 9.2 хувьтай байна. Тиймээс Засгийн газар ажилгүйдэл ядуурлын асуудлыг шийдвэрлэхийн төлөө бодлого зорилтоо тодорхой болгох зорилготойгоор 2011 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж олон ажлуудыг эхлүүллээ. Эдийн засгийн өсөлтийг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой уялдуулах, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэн бүртээ хүрч ажиллахын зэрэгцээ өрх бүрээс нэг хүнийг ажил, хөдөлмөртэй болгох замаар энэ жилд 70 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгохзорилт тавиад байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны албан хаагчид, түүний дотор сум, багийн дарга нар, аймаг, орон нутгийн удирдлага, хувийн хэвшлийнхэн, ард иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллийн идэвхтэй оролцоо дэмжлэг чухал юм.
Манай Засгийн газар улс орноо хөгжүүлэх, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, ядууралтай тэмцэх, хамгийн гол нь иргэнээ хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх явдал гэж үзэж, энэ асуудалд онцгой анхаарч байна. Ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг багасгах нь зөвхөн ядуурлыг бууруулах төдийгүй нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргийг багасгах, хүн ардын эрүүл амьдарч аж төрөх нөхцлийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой.
Зарим тохиолдолд аймаг орон нутагт шинээр гарсан ажлын байрны нөхцөлийг голох, ажлаас халшрах, биеэ оторлож хойш сууснаар тухайн аж ахуй нэгжид ажиллах боловсон хүчин олдохгүй байх явдал гарч байна. “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг нь зах зээлийн харилцааны өнөө үед ч нэн чухал боллоо. Хэн хөдөлмөрлөнө, тэр дэвжинэ. Хөгжлийг хүсч буй бол хөдөлмөрлөхөөс өөр гарцгүй. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн үр дүнд хичнээн хүн ажилтай болов гэдэг тоо баримт чухал ч гэсэн шинээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн амьдрал ахуйд ямар өөрчлөлт, дэвшилт гарав гэдэг үүнээс илүү чухалгэж бодож байна. Танай аймаг, орон нутгийн удирдлагуудын ажлыг жилийн эцэст Засгийн газар дүгнэхдээ энэ л шалгуур үзүүлэлтийг гол болгоно гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Эрхэм хүндэт ард, иргэд ээ,
Хамтарсан Засгийн газар байгуулснаар олон жил яригдсан асуудлуудыг шийдвэрлэж улс орны хөгжилд илүү тааламжтай нөхцөл бүрдүүлж эхлээд байна. Та бүгдийн сайн мэдэх Оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны өдийд байгуулсан. Одоо орд газрыг ашиглах, уурхайн үйлдвэрийн ажил ид өрнөж байна. Ирэх оноос үйлдвэр ашиглалтад орж бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байна.
Мөн Таван толгойн нүүрсний орд газрыг ашиглахтай холбоотой асуудлын талаарх төрийн бодлого, үзэл баримтлалыг Засгийн газар боловсруулан Улсын Их хурлаар батлуулсан. Ингэснээр Таван толгойн орд газрын 536 ширхэг хувьцааг иргэн бүртээ үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх шийдвэрийг манай Засгийн газар гаргалаа. Монгол хүн бүр эцэг өвгөдөөс өвлүүлж үлдээсэн өгөөж баян байгалийнхаа хишиг, хувийг ижил тэгш хүртэхийн зэрэгцээ эзэн хүний хувьд хараа хяналтаа тавих үүрэг, боломжуудыг бүрдүүллээ.
Стратегийн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хангаснаар нааштай эхлэлүүд бий болж, бүтээн байгуулалтын ажлуудад манай ард иргэд, аж ахүйн нэгжүүд идэвхи санаачилгатай оролцож, өргөн уудам говь нутагт хүн ам олноор суурьшиж эхлээд байна. Манай улсын уул уурхайн салбарын нийт ажиллагсадын тоо 48.000 хүрлээ. Өнөөгийн байдлаар Оюу толгой төсөлд 4600 гаруй монгол ажилтан ажиллаж байна.
Ашигт малтмалын салбар Монгол орны ирээдүйн хөгжилд гол нөлөө үзүүлэх нь тодорхой болсон бөгөөд манай улс нүүрс, алт, зэс, уран, нефт болон бусад төрлийн ашигт малтмалын арвин нөөцтэй болох нь батлагдаж байгаа. Тиймээс цаашид стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг нарийн тооцоо судалгааны үндсэн дээр, ээлж дараалан улс орны эрх ашгийн үүднээс ашиглалтанд оруулах бодлогыг баримтлана.
Хувийн хэвшлийнхэн маань уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг эх орныхоо өнцөг булан бүрт хийсээр байна. Өмнөговь, Сэлэнгэ, Ховд зэрэг аймгуудад томоохон бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн. Уул уурхайн салбарын үр шимийг хүртэхийн тулд зөвхөн орд газруудыг ашиглалтанд оруулснаар хязгаарлагдахгүй. Олборлосон ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах нь чухал боллоо. Тиймээс томоохон орд газруудыг түшиглэн төвлөрсөн аж үйлдвэрийн парк бий болгох, ирээдүйд үр өгөөжөө өгөх их бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.
Засгийн газраас баталсан "Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл", “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр", “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр” зэрэг баримт бичиг нь энэхүү бодлого, зорилгод чиглэж байгаа юм. Орд газруудыг түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолборыг Сайншандад байгуулахаар шийдлээ. Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд зэс хайлуулах, газрын тос боловсруулах, хар металлургийн, коксийн, гангийн, нүүрс химийн, барилгын материалын зэрэг томоохон үйлдвэрүүд баригдана.Үр дүнд нь манай улс байгалийн баялгаа түүхийгээр нь гадагш гаргахгүй, харинболовсруулж, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эрэлт хэрэгцээг хангахаас гадна гадаадад илүү үнэтэй худалдаалах боломжууд нээгдэнэ.
Урьдчилсан тооцоогоор Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулснаар эдийн засгийн бодит өсөлт эрс хурдацтай нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 60 орчим хувьд хүрнэ. Мөн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин нэмэгдэхийн зэрэгцээ айлөрх бүрийн орлого мэдэгдэхүйцөсч ард иргэдийн аж амьдралд нааштай өөрчлөлтгарах ирээдүй ойртлоо.
Уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг дагаж улс орныхоо дэд бүтцийн хөгжлийг хангах нь бидний бас нэгэн том зорилт сорилт болж байна. Энэ зорилгоор Даланзадгад - Тавантолгой - Цагаан суварга - Зүүнбаян - Сайншанд - Баруун-Урт - Хөөт - Чойбалсангийн чиглэлийн 1100 км шинэ төмөр зам барих ажлыг саяхан эхлүүллээ. Энэхүү бүтээн босголтод гадаад, дотоодын мэргэжилтнүүдээс гадна орон нутгийн ард иргэд, оюутан залуусыг татан оролцуулах бодлогыг түлхүү баримтлана. Бид бас бүх аймгийг хатуу хучилттай авто замаар холбох ажлаа үргэлжлүүлэн хийнэ.
Улаанбаатараас Хэнтий хүртэл хатуу хучилттай авто замаар явахад туйлын таатай байна. Гэвч замыг чанаргүй хийж, дахин засварлаж байгааг холбогдох хүмүүс анхааралдаа авах хэрэгтэй. Энэ мэтээр дэд бүтцийн салбарт харагдахуйц олон бүтээлч ажлуудыг эхлүүллээ. Үр дүн нь алсдаа иргэн бүрт мэдрэгдэнэ. Бид өнөө маргаашыг биш арав, хорин жилийн алсыг харж, зорьж ажиллаж байна. Монгол Ардын Намын XXVI Их хурлаас дэвшүүлсэн “Их бүтээн байгуулалт”-ын зорилт ч үүнд чиглэгдэнэ. Манай нам сонгуульд ялсан ч улс орны хөгжил, хэрэгцээг угтан харж, нийгмийн сайн сайхан ирээдүйн төлөө Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулсан юм. Өнөөдөр үүнийг шүүмжилж эсэргүүцэгчид байгаа ч ирээдүйд улс орны хөгжилд дэвшил гарсан гэж дүгнэх нь гарцаагүй.
Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл уламжлалт мал аж ахуйгаа тогтвортой хөгжүүлж шинэ шатанд гаргах нь уул уурхайгаас дутахааргүй ач холбогдолтой юм. Иймээс “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүний нэг илрэл нь “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт улсын зөвлөгөөн юм. Энэхүү зөвлөлгөөнийг баруун, хангайн, төв, зүүн гэсэн 4 бүсүүдэд хийхээр шийдвэрлэж, Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа. Дорнод аймагт болох Зүүн бүсийн улсын зөвлөлгөөнд оролцож байр сууриа илэрхийлж, малчдынхаа санал бодлыг сонсох нь энэ удаагийн ажлын бас нэгэн зорилго болж байгаа.
“Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхан шатны нэгжийг бүх сумдад байгуулан гурван хүний орон тоотой “Мал эмнэлэг, үржлийн тасаг”-ийн ажлыг эхлүүллээ. Ингэснээр манай улсын 329 суманд шинээр658 мэргэжилтэн ажлын байртай боллоо. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвөөс 2010 онд 5.3 тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2011 онд 51.0 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийх болно.
Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгоор анх удаа аймаг бүрт орон нутгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон дунджаар 800.0 сая, 5 бүсийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр 24.0 сая, сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан бий болгоход 24 тэрбум төгрөгийг улсын төсөвт шинээр суулгасан. Аймаг, сумдад зарцуулагдах эдгээр мөнгийг жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих чиглэлд түлхүү зарцуулах ёстой гэсэн Засгийн газрын байр суурийг илэрхийлье. Орон нутгийн удирдлагууд үүнд анхаарах ёстой.
Энэ бүхэн хөдөөгийн хөгжлөө дэмжсэн, хүнрүүгээ хандсан бодлогын илрэл юм. “Монгол мал” хөтөлбөрийн эцсийн зорилго нь ч гэсэн малчин хүнийг хөгжүүлэх, чадавхижуулах, амьдралын түвшинг нь дээшлүүлэхэд л чиглэгдэх учиртай. “Атрын IIIаян” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьж, тариаланчдыг дэмжих олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрлээ.2010 онд манай улсын газар тариалангийн салбарынхан дотоодын хэрэгцээний үр тариа болон төмсөө 100 хувь хангах боломжийг бүрдүүлсэн.
Хүнсний ногооныхоо 53,7 хувийг хангасныг Та бүхэн мэдэж байгаа. Энэ онд гаргасан амжилтаа ахиулах, бататгахын төлөө ажиллах болно. Энэ нь газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх тэлэх төдий бус улс орныхоо эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, удмын санг хамгаалахтай холбогдолтой стратегийн чухал зорилт билээ. Засгийн газар боловсролын салбарт томоохон шинэчлэлийг хийж байна. Тухайлбал төрийн өмчийн 42 их, дээд сургуулийг 16 болгон цөөллөө. Их, дээд сургуулийг гэхээсээ илүү мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг шинээр барьж байгуулахыг илүүд үзэж байна.
Тиймээс Засгийн газар, УИХ-аас Зүүн бүсийн мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийг Хэнтий аймагт барьж 2012 онд ашиглалтанд оруулна. Жилд төрөл бүрийн мэргэжилтэй 2000 гаруй хүнийг сургах энэхүү төвийн үйл ажиллагаа жигдэрснээр Хэнтий аймагт томоохон дэвшлийг авчирна гэж бодож байна. Их, дээд сургуулийг хотоос нүүлгэн олон улсын жишиг стандартын дагуу хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлого гаргалаа. Үүний эхлэл болгож Налайхын ойролцоо Шивээтийн хөндийд ШУТИС-ийн хотхоныг барьж байгуулахаар ажил нь эхэлж байна.
Боловсролын салбарын шинэчлэл их, дээд сургууль Мэргэжлийн сургалт үлйдвэрлэлийн төвүүдэд хийгдэхээс гадна ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх насны хүрээг ч гэсэн хамарна. Энэ жилээс олон улсын Кембрижийн стандартын дагуу монгол улсын 21 аймаг, нийслэл хотод 30 лабартори сургуулийг хичээллүүлж эхлүүлнэ. Танай аймагт ч гэсэн нэг сургууль олон улсын Кембрижийн стандартаар хичээллэж эхлэх учиртай. Цаашид бүх аймаг сумын сургуулийг энэ тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр манай хүүхдүүд олон улсын стандартын дагуу суралцаж төгсөх, дэлхийн жишигт нийцсэн боловсролтой болох боломж нээгдэнэ.
Хүнээ хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хүн амынхаа амьжиргааг дээшлүүлэх нь бидний хамгийн том зорилт болох учиртай. Тиймээс миний бие хүнийхээ хөгжилд анхаарах болно гэдгээ олон удаа хэлж ярьж, бодлого зорилтоо хүнийхээ хөгжилтэй уялдуулж ирлээ. Энэ зорилгоор “Хүний хөгжил сан”-г УИХ, Засгийн газраас байгуулсан. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр бүхэн энэхүү зорилгодчиглэж байна. Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй, бүтээлч байх боломжийг бүрдүүлэх үүднээс нийгмийн баялагаас хишиг, хувь хүртээх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг тогтмол олгож байна.
Өмнө нь 120.000 төгрөг олгосныг Та бүхэн маань авсан байх гэж бодож байна. Цаашид сар бүр олгож байгаа 21.000 төгрөгийг өрхийн бичил бизнес, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжиын зориулалтаар ах дүү хамаатан садан, өрх гэр найз нөхдөөрөө нийлэн хөрөнгө оруулна гэсэн тохиолдолд бөөнөөр нь өгч болох асуудлыг Засгийн газар судалж байна. Энэ мэтээр 500.000 төгрөгийг ард түмэндээ бэлэн хэлбэрээр олгоно. Харин үлдэх 1.000.000 төгрөгийг боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц, малчны ба бусад зээлийн төлбөрт нь зарцуулах болно.
Засгийн газрын тогтоол гаргаж, их, дээд сургууль, коллежийн суралцагчийн төлбөрөөс 500,0 мянган төгрөгийг 2011 оны 1 дүгээр сараас “Хүний хөгжил сан”-гаас бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь манай ард иргэдэд учирч байсан оюутны сургалтын төлбөрийн болон банкны зээлийн дарамтыг багасгаж, тэдний ахуй амьдралд дэмжлэг болохуйц зөв зүйтэй шийдвэр болсныг хүмүүс хэлцгээж байгаа.
Иргэдийнхээ нийгмийн халамж, хамгааллын асуудлыг цэгцлэх, хурдан шуурхай хүргэх талаар Засгийн газар бодлогоо шинэчилж байна. Улс орны эдийн засгийн чадавхи, хөрөнгө санхүүгийн хэмжээ өсөхийн хэрээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ бодлогын үүднээс 2010 оны 10 дугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар, 2011 оны 4 дүгээр сарын 5 өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөн 30 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлэн өгч байна.
Засгийн газраас эдийн засаг, нийгмийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлаа товчлон дүгнэхэд ийм байна. Засгийн газарт хийх, хэрэгжүүлэх ажил их бий. Бас цаг хугацаа давчуу, бэрхшээл саад багагүй байна. Гэвч бид зорьсондоо хүрэхийн төлөө ажиллана. Үүний тулд захиргааны шинэтгэлийг эрчимжүүлж, төрийн албыг чадавхижуулах, иргэдэд ойр, түргэн шуурхай болгох талаар шат дараатай арга хэмжээ авах болно.
Эрхэм хүндэт Хан Хэнтийчүүд ээ,
Хан Хэнтийчүүд маань буурал түүхийн шар хуудаснаа мөнхрөн үлдсэн арвин баялаг түүхтэйгээс гадна алдартан гавъяатан олноор төрсөн сайхан нутаг билээ. Тухайлбал, Улсын баатарШ.ГонгорХ.ДамбаЭ.Бат-үүл, Хөдөлмөрийн баатар Ц.Чойдорж,Л.Дамдинсүрэн, УИХ-ын гишүүнБ.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Н.Ганбямба, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх зэрэг улс төр,урлаг соёл хөдөлмөрийн олон алдартнууд төрөн гарсныг Монголчууд бид сайн мэдэх билээ.
Хувьсгалч, баатарлаг, хөдөлмөрч уламжлалаараа Та бүхэн улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглье. Одоо шинэ зууны Хэнтийчүүд Та бүхнийг XXI зууны монголын их бүтээн байгуулалт сорихоор угтаж байна. Та бүхэн их бүтээн байгуулалтын талбарт ажиллан түвшин сайхан амьдралаа цогцлоох учиртай.
Хан Хэнтий нутгаа хөгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд Та бүхэн болон аймгийн удирдлагууд багагүй зүтгэл гарган ажиллаж байгааг харахад таатай байна. Өлзийт тосгоны Атарчандгана компанийн 1000 үнээний фермийн үйл ажиллагаатай танилцаж, бусдад үлгэр дууриал болох сайн эхлэл байгааг харлаа. Тус аймаг өөрийн онцлогт тохирсон “Хэнтий аймгийн хөгжлийн цогц хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.
2009 оноос эхлэн Хэнтий аймаг санхүүгийн хувьд бие даан ажиллаж улсын төвлөрсөн төсвөөс санхүүгийн дэмжлэг авахгүйгээр орлогоо өөрсдөө бүрдүүлдэг болсон. Одоо айл өрх бүрийг амьдралын хангалттай эх үүсвэртэй болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Айлаас гуйж, алгаа тосохгүйгээр амьдралаа залгуулна гэдэг иргэн хүний нэр төрийн хэрэг төдийгүй эрх чөлөөтэй байхын үндэс юм. Та бидний сонголт үүний төлөө байна.
“Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас олгосон зээлээр танай аймагт 23 аж ахуйн нэгж шинээр байгyyлагдаж, 57 аж ахуйн нэгж үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөтгөж, шинээр 242 ажлын байр нэмэгдүүлжээ. Үүнд танай аймагт ”Жижиг дунд бизнесийн дэмжих сан” байгуулж банкаар дамжуулахгүй, хүүгүй эргэлтэнд оруулсан тэрбум гаруй төгрөгийн хувь нэмэр их байгааг хэлэх нь зүйтэй. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-д зээлийг хүрэх ёстой эзэнд нь хүргэж ажиллах хэрэгтэй байна. Ийм боломж ч бий.
Аймаг орон нутгийн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд анхаарч БНСУ-ын Тайжон хотын Хан Мин Их сургуульд жил бүр 20 оюутан, БНХАУ-ын Хөх хотын Ерөнхий боловсролын сургуульд 10 хүүхэд сургах болсон зэрэг олон бүтээлч ажил хийж, санаачлагатай ажилласныг дэмжиж байна. Орон нутагт хөгжлийг авчрах шинэ цагийн боловсон хүчин нэн чухал. Хөгжсөн хүн л улс орноо, орон нутгаа дэвшилд хүргэнэ. Эдгээр амжилт ололтуудаа цаашид бататгаж, нутаг орны хөгжил ард иргэдийн амьдрал, нийгмийн тулгамдсан олон асуудлыг бүрэн шийдвэрлэхийг зорьж ажиллахыг хүсье. Үүнд орон нутгийн төрийн байгууллагын үүрэг нэн чухал гэдгийг хэлье.
Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад Та бүхэн анхаарч тендэр шалгаруулалтыг ил тод явуулах, хяналтыг сайжруулах зорилгоор иргэний нийгмийн төлөөллийг ажлын хэсэгт оруулдаг болжээ. Мөн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэний нийгмийн төлөөллийг багтааж, хэлэлцэж буй асуудлынхаа талаар орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа талаар нутгийн удирдлага танилцууллаа.
Хэнтий аймгийн Засаг даргын Ерөнхий сайдтай байгуулсан гэрээний биелэлт боломжийн түвшинд байгаа. Гэхдээ гэрээний биелэлт ард иргэдэд хүрч, хүлээн зөвшөөрөгдөж байж үнэн бодит үнэлгээ болох учиртай. Эцсийн байдлаар иргэд төрийн ажил үйлчилгээнд хэр их сэтгэл ханамжтай байна, амьдралд нь мэдэгдэхүйц нааштай ямар өөрчлөлт гарсан эсэхээр үр дүн нь үнэлэгдэнэ. Хэнтий аймаг 2010 онд мал сүргээ өсгөж, 2.2 сая орчим толгой мал тоолуулсан.Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд манай Хэнтийчүүд бусдаас тусламж ирэхийг урьтал болголгүй өвөл, хаврынхүнд сорилтыг ажилч хичээнгүй хөдөлмөрөөр, өөрсдийн нөөц бололцоогоор даван гардагийг тэмдэглэх ёстой.
Засгийн газраас аймаг, нийслэлийн 2009 оны ажлыг дүгнэхэд Хэнтий аймаг эхний 5-д орсон. Үүний зэрэгцээ улсын тэргүүний загвар сумыг бүс бүрээс шалгаруулж Засгийн газраас 100.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан. Энэ жил Зүүн бүсийн сумдаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум загвар сумаар шалгарсныг Та бүхэн мэдэж байгаа. Тиймээс улс орныхоо загвар сум болж, үлгэр жишээчээр түүх намтраа баяжуулж байгаа Өмнөдэлгэр сумынхандаа Засгийн газрын өмнөөс баяр хүргэж амжилт хүсье. Мөн Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн иргэдийн удаа дараагийн хүсэлтийн дагуу Бор-Өндөрийг сум болгох асуудлыг Засгийн газар хурлаараа хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг асуудлыг удахгүй УИХ-д оруулахаар бэлтгэж байна.
Хэнтий аймаг “Мянганы зам”–ын хэвтээ тэнхлэг болох Багануур-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай замд бүрэн холбогдож, аймгийн нийт сумд цахилгаан, эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэртэй болсноор тав тухтай орчинд ажиллаж амьдрах, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх боломж бүрдсэн. Үүрэн телефоны 4 оператор бүх сумдад байгуулснаар тус аймгийн холбоо үйлчилгээний хүртээмж сайжирч, дотоод, гадаадтай шууд харилцах нөхцөл бүрдсэн,интернет ашиглах боломжтой болсон. Ийнхүү орон нутгийн хувьд нийгмийн болон хүний хөгжлийн суурь үндэс, үйлдвэрлэлийн дэд бүтэц үндсэндээ бүрджээ. Одоо эдгээр боломжоо ашиглаж, өөрсдийн санаачилга, хөдөлмөр зүтгэлээр сайн сайхан амьдралаа бүтээх нь нэн чухал болоод байна.
Хан Хэнтийчүүд Та бүхний хөгжлийн бас нэг эх үндэс бол баялаг түүхтэй, онгон дагшин, гоо үзэсгэлэнт байгальтай билээ. Хан Хэнтийн нуруу, Хэрлэн, Онон, Улз, Балжийн гол, Гурваннуур, Аварга тосон, Тарс, Хангал, Хөхнуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Их Монголын буурал түүхийн хуудаснаа мөнхөрч, хүн төрөлхтний Мянганы түүхт хүнээр тодорсон их эзэн богд Чингис хааны амьдрал үйлсийн улбаа мөрийг үндэс мөчир, ширхэг чулуу бүртээ хадгалсан Бурхан Халдун, Хар зүрхний Хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арал, Дэлүүн болдог, Хажуу булаг зэрэг түүхэн дурсгалт газрууд олон байна. Энэ газар орныг түшиглэнаялал жуулчлалыг цогц байдлаар үлгэр жишээ болгож хөгжүүлэх өргөн боломжнэмэгдэж байгаа юм.
Гэхдээ эдгээр онгон догшин байгалиа хайрлан хамгаалах нь Та бүхний төдийгүй Монгол хүн бүрийн ариун үүрэг гэдгийг онцлон тэмдэглье. Учир нь эдгээр газар нутаг бол уугуул Монгол хүний шүтээн болсон ариун өлгий гэдгийг бид бүгдээрээ мартах учиргүй. Тиймээс “Их эзэн Чингэс-Түүхийн дурсгалт газрууд” хэмээх соёл, түүхийн дурсгалын хөтөлбөрийг санаачлан боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байна. Ажлын хэсэгт манай улсын нэртэй түүхчид, соёл, архелогийн эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс багтаж байгаа.
Цаашид өргөн уудам түүхт газар шороо, байгалийн их нөөц баялагтаа тулгуурлан хөдөө аж ахуй,аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлж нутаг ус, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ажиллах боломж нэмэгдлээ. Аливаад сэтгэлээсээ хандаж, амжилт гаргаж, илүүг бүтээж, ихийг хийж, эзэн Чингэс хааныхаа ариун голомтыг сахин хамгаалж, аз жаргалтай амар тайван аж төрөхийн өлзийтэй ерөөлийг Хан Хэнтийн бүх ард иргэдээ хүсэн ерөөе.
Анхаарал тавьсанд баярлалаа.