Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.28 /
УИХ-ын дэд дарга, гишүүд ээ,

Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар аа,

Энхийг сахиулагч цэрэг дайчид аа,

Хатагтай, ноёд оо,

Та бүхэндээ “НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн баярын мэндийг хүргэн мэндчилж байна.

Манай улс энхийг эрхэмлэгч, энхийн төлөөх улс орон билээ. Монголын төр, ард түмэн энхийг сахиулагч эрэлхэг хөвгүүдээрээ бахархаж, хүндэтгэж ирсэн. Энэ жил Монгол Улсын Батлан хамгаалах яамны 100 жил, Зэвсэгт хүчний 90 жилийн түүхэн ой тохиож байна. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхэн маань эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баттай хамгаалж ирсэн бахархам сайхан намтар, түүхтэй. Энэ бахархам түүхээ даян дэлхийн амар амгалан, аюулгүй байдлын төлөөх энхийг дэмжих ажиллагаанд оруулсан хувь нэмрээрээ баяжуулсаар байна.

Монгол цэргүүд энхийг сахиулах олон улсын ажиллагаанд оролцох болсон нь Зэвсэгт хүчний шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцын түүхэн ололтуудын нэг юм. Өнгөрсөн хугацаанд Конго, Баруун Сахар, Ирак, Афганистан, Косово, Сьерра-Леон, Гүрж, Этиоп-Эритрей, Чад, Судан зэрэг дэлхийн 3 тивийн 10 гаруй улсад манай 5000 гаруй цэргийн албан хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ. Монгол цэргийн ур чадвар, тэсвэр тэвчээр, хатуужил дэлхийн хэмжээнд үнэлэгдлээ. 

Монгол Улсын энхийн үйлсэд оролцсон цэргийн тоог хүн амтай нь харьцуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орны нэг болж чадсан. Ингэснээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн нэмэгдэж, гадаад харилцаа улам бүр нээлттэй, чөлөөтэй болж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Өнөөдөр Монгол цэрэг мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадавхи, бие бялдрын болоод сэтгэл зүйн бэлтгэлжилтээрээ ямагт манлайлж ирсэнд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бахархалтай байна. Монголын төр гадаад орны амаргүй нөхцөлд үүргээ гүйцэтгэж ирсэн энхийг сахиулагчидаа урамшуулан шагнасаар байх болно. Цаашид ч бид энхийг сахиулагч цэргийн алба хаагчдынхаа хийсэн бүтээснийг үнэлэх, үйл хэргийг нь алдаршуулах, ажлын орчин нөхцөл, зэвсэг техникийг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх талаар тодорхой бодлого хэрэгжүүлнэ.  

Олон улсын энхийн хүчин чармайлтын талаархи Монгол Улсын байр суурийг анхнаас нь дэмжиж хамтран ажилласан НҮБ болон батлан хамгаалах, цэрэг техникийн салбарт хамтран ажилладаг улс орнуудад гүн талархал илэрхийлье. Эх орныхоо нэрийн хуудас болж үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн нийт энхийг сахиулагчид, тэдний гэр бүл, энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцсон бүх хүнд Засгийн газрынхаа өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсынхаа төлөө, даян дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэж буй энхийг сахиулагчдийн маань суу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай.

Сүхбаатарын талбай.                                                        2011.05.28 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Лондон хотноо Монгол тамирчдын бэлтгэлийг хангуулах боломжийг судална
ӨМНИЙН ГОВИЙНХОН НИЙСЛЭЛ ХОТНОО СОЁЛЫН ӨДРҮҮДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
ЭНЭТХЭГ УЛСТАЙ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
ОХУ-ТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА
Төрийн ажилд эргэлт гаргах нь хөгжлийн хөшүүрэг хэмээн Ерөнхий сайд тэмдэглэлээ
“ICT 90 EXPO“ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан