Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ОЮУТОЛГОЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.09 /
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсноор Монголын тал “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны 34 хувийг эзэмшигч, хувь нийлүүлэгч болсон. Дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсноос хойших хугацаанд төслийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, санхүүжилтийн арга хэлбэр, нөхцөлийг Монголын талд илүү үр ашигтай байдлаар шийдвэрлэх зэрэг асуудлаар хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ Засгийн газрын ажлын хэсгийн түвшинд эрчимтэй хийгдлээ. Өнгөрсөн 5 сарын хугацаанд хийсэн яриа хэлэлцээний үр дүнд Оюутолгой компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, төслийн санхүүжилтийг гуравдагч этгээдээс тэргүүн ээлжинд авах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбарыг ашиглах, өмнө нь гэрээнд тусгагдсан байсан давуу эрхийн хувьцааны асуудлыг өөрчлөх, Монголын талын эзэмшлийн 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй байх зэрэг асуудлыг тусган нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон юм. Өнөөдөр энэхүү гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа Төрийн ордонд боллоо.

 “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дараах нэмэлт, өөрчлөлт оруулсан тус гэрээнд Монголын талаас Эрдэнэс МГЛ ХХК-ийг төлөөлж тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, ОюуТолгой ХХК-ийг төлөөлж тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Мак Рэй, Айвенхоу ОюуТолгой (БиВиАй) компанийг төлөөлж Хууль, эрх зүйн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Жон Фониани, Оюу Толгой Нидерланд БиВи-ийг төлөөлж Бизнес хөгжил хариуцсан Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Сэм Риггал нар гарын үсэг зурлаа.

 “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна. Үүнд:

  • Санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ: Төслийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ 9,9% нэмэх нь АНУ-ын инфляц байсныг өөрчлөн Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5%-иар тооцохоор боллоо. 2011 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн энэ тохиролцоог мөрдөх юм.
  • Монголын талын санхүүжилт хийх эрх:  Монголын тал төсөлд шаардлагатай нийт мөнгөн хөрөнгийн өөрт ногдох хэсгийг ямар ч үед гаргах эрхтэй боллоо.
  • Санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбар /Funding hedging options/: Дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдлаас шалтгаалан хэрэв Лондонгийн банк хоорондох зээлийн хүү компани болон хувь нийлүүлэгч талуудад өндөр өртөгтэй болох тохиолдолд компани санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авах мөн санхүүжилт болон зээлийн хүүгээ 7 жил тутам дахин судалж хэлэлцэхээр болов.
  • Гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилт: Компани нь олон улсын банкны зах зээлээс Оюутолгой төслийн хувьд үр өгөөжтэй, зохистой гуравдагч этгээдийн төслийн санхүүжилтийг тэргүүн ээлжинд авч ашиглах заалтыг нэмж тусгалаа.
  • Монголын талын эзэмшлийн 34 буурахгүй байх: Монголын талын эзэмших 34 хувь буурахгүй байх асуудлыг өмнө нь гэрээнд тусгасан байсан.  Харин манай талаас шаардсан мөнгөн хөрөнгийг компанид нийлүүлэхээр шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран Монголын талын хувь эзэмшил (34%)-ийг түүний зөвшөөрөлгүйгээр бууруулахгүй байх асуудлыг гэрээний төсөлд холбогдох заалтуудаар давхар баталгаажууллаа.
  • Давуу эрхийн хувьцаа: Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдсан байсан давуу эрхийн хувьцаатай холбоотой аливаа асуудлыг бүрэн өөрчлөх үүднээс гэрээнээс хасахаар хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцлоо.

Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний тал болох Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компани гэрээний дагуу "Оюу толгой" ХХК-д эзэмшиж буй аливаа хувьцаагаа төрийн өмчийн оролцоот этгээдэд, эсхүл “Оюутолгой” ХХК-ийн шууд буюу шууд бус хамааралтай этгээдэд худалдах буюу шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газартай урьдчилан зөвшилцөж бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хийхээр тохиролцсон юм. Үүний дагуу хөрөнгө оруулагч талууд хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан асуудлаар тусдаа гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажууллаа. 

Тус гэрээнд Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Эрдэс Баялаг Эрчим Хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанийг төлөөлж Рио тинто компанийн Зэсийн бүлгийн гүйцэтгэх захирал Андрью Хардинг нар гарын үсэг зурлаа.

САНГИЙН ЯАМ

Мэдээний бүлэг: Эдийн засаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Газар хөдлөлтийн гамшгийн үед НҮБ-тай хамтран ажиллана
ГЕРМАНЫ АЖ АХУЙН НЭГЖҮҮД МОНГОЛЫГ СОНИРХОЖ БАЙНА
Монголын хүн амын тоо 2 сая 754. 685 болжээ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
ХОЁР ОРОН ХАМТРАН АЖИЛЛАХ ИХЭЭХЭН НӨӨЦ БОЛОМЖ БАЙГАА
“ОЮУТОЛГОЙ” ХХК-ИАС МОНГОЛЫН ТАЛД 100 САЯ АМ.ДОЛЛАР ШИЛЖҮҮЛЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан