Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ХОЁР ОРОН ХАМТРАН АЖИЛЛАХ ИХЭЭХЭН НӨӨЦ БОЛОМЖ БАЙГАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.08 /
Нэг Азийн төлөөх Солонгос Монголын харилцаа” сэдэвт Солонгос Монголын бизнес форум өнөөдөр Чингис зочид буудалд эхлэв. Тус бизнес форумд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо.

Засгийн газрын тэргүүн  тус форумын үйл ажиллагаанд амжилт хүсч,  хэлсэн үгэндээ “  Энэ оны гуравдугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орон харилцаагаа бүх салбарт гүнзгийрүүлэх, ялангуяа хоёр талын сонирхол, нөөц боломжид тулгуурласан ирээдүйд чиглэсэн харилцан үр ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохирсон билээ. Энэхүү айлчлалын дараахан Солонгосын бизнесийн болон төр, засгийн эдийн засгийн гол байгууллагуудын төлөөлөгчид Монголд ийнхүү хүрэлцэн ирж манай төр, хувийн хэвшлийнхэнтэй ажил хэрэгч яриа өрнүүлж,  санал солилцож байгаад баяртай байна.

Солонгосчууд Монголыг Чингис хааны өлгий нутаг гэдгээр сайн мэднэ. Тэгвэл Монгол улс өнөөдөр бүс нутагтаа төдийгүй олон улсын хэмжээнд эдийн засгийн өсөлтийн хурд,нөөц боломжоороо танигдаж эхэллээ. Монгол улс 1990 оноос эхлэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ардчилсан, хүмүүнлэг, зах зээлийн эдийн засгийн харилцаанд тулгуурласан нийгмийн тогтолцоо руу шилжих зорилтыг харьцангуй богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа цөөн орнуудын нэг юм. Манай улс 30 гаруй сая малтай, байгалийн арвин их баялагтай, хоёр том зах зээлтэй хаяа нийлэн оршдог бөгөөд хүн амын 70 гаруй хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг, боловсролын түвшин өндөр зэрэг эдийн засгийн олон давуу хүчин зүйлүүдтэй.

Бид эрдэс баялаг, мал аж ахуй, газар, байгалийн болон хүний давуу хүчин зүйлүүдээ эдийн засгийн эргэлтэнд оруулж, тогтвортой өсөлтийг бий болгох, хүний хөгжлийг хангах, улмаар ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахыг зорьж байна. Үүний үр дүнд 2011-2015 онд гэхэд манай улсын ДНБ дунджаар 15 хувиас доошгүй өсөх, нэг хүнд ногдох орлого 2,2 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Өнөөдөр Монгол Улсад Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газрыг ашиглах, түүнийг дагасан дэд бүтэц, хүний нөөц, банк санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

Дан ганц уул уурхай төдийгүй 100 мянган айлын орон сууц, төмөр зам, чөлөөт эдийн засгийн бүтэц, эрчим хүчний нэмэлт эх үүсвэр, Сайншандын аж үйлдвэрийн бүс, автозам зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой олон мега төсөл хэрэгжиж байна. Монгол Улсын эдийн засаг  2010 онд  6.1 хувиар өсч, энэ онд 7 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна. 2010 онд гадаад худалдааны нийт бараа эргэлт  өмнөх оныхоос 50 гаруй хувиар өслөө. Монгол Улсын хүний хөгжлийн индекс 2010 оны байдлаар 0.765 болж 2007 оныхоос 3,6 хувиар нэмэгдлээ.  

БНСУбол манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн харилцаатай орнуудын нэг бөгөөд гадаад бодлогын гуравдагч хөрш, бүс нутаг дахь хамгийн ойрын түнш билээ. Хоёр улс газар нутгийн хувьд ойр, соёл, сэтгэлгээний  нийтлэг зүйл олонтой, бие биедээ элэгсэг дотно ханддаг нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд харилцааны бат бэх үндэс тавигдах таатай нөхцөл болсон билээ. Хоёр орны “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны Тvншлэл"-ийн харилцааг цаашид шат ахиулж худалдаа, хөрөнгө оруулалтыг далайцтай нэмэгдүүлэх замаар бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл, хүмүүнлэгийн харилцааг гүнзгийрүүлэхийг зорьж байна.

Монгол Улсын Засгийн газар эрдэс баялаг, уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд түшиглэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр, мөн эрчим хүч, дэд бүтэц, төмөр замын салбарыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Энэ чиглэлээр БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалт, тэргүүний болон байгальд ээлтэй дэвшилтэт технологи, хүний нөөцийн хамтын ажиллагаанд бид ач холбогдол өгч  хамтран ажиллах болно. Түүнчлэн байгаль орчин, аялал жуулчлал, технологи, инноваци, хөдөө аж ахуй, барилга, ложистик зэрэг бусад салбарт хоёр орны бизнес эрхлэгчид, төр, засгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч байгууллагууд хамтран ажиллах ихээхэн нөөц боломж байгааг энэ ялдамд тэмдэглэе.

Монгол Улсын Засгийн газар хоёр орны бизнес эрхлэгчид болон бизнесийг дэмжигч бүх түвшний байгууллагуудын үйл ажиллагаанд цаашид дэмжлэг үзүүлж, ийм төрлийн ажил хэрэгч уулзалт, арга хэмжээг тогтмолжуулж өргөжүүлж ажиллах болно. “Нэг Азийн төлөөх Солонгос Монголын харилцаа” сэдэвт энэхүү Солонгос Монголын бизнес форумхоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бодитойгоор урагшлуулах нөөц, боломжийн талаар санал бодлоо илэн далангүй ярилцсан ажил хэрэгч арга хэмжээ болно гэдэгт итгэж байна” хэмээн тэмдэглэсэн юм.

Тус бизнес форумыг БНСУ-ын эдийн засгийн өдөр тутмын сонин болох “ Мэйл генжэ” сонины газар санаачлан зохион байгуулж байгаа  юм байна. Бизнес форумд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Солонгос Монголын бүлгийн дарга Жөн Жан Сөн, БНСУ-ын мэдлэгийн эдийн засгийн тэргүүн дэд сайд Юн Сан Жиг нарын хүндэт зочид хүрэлцэн иржээ. Солонгосын “ Мэйл генжэ” сонин  өмнө нь ийм бизнес форумыг Вашингтон, Бээжин, Токио, Мумбай зэрэг хотуудад зохион байгуулсан бөгөөд энэ удаа Улаанбаатар хотноо хийж байгаа нь ихээхэн онцлог ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
ОЮУТОЛГОЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
Газар хөдлөлтийн гамшгийн үед НҮБ-тай хамтран ажиллана
“ОЮУТОЛГОЙ” ХХК-ИАС МОНГОЛЫН ТАЛД 100 САЯ АМ.ДОЛЛАР ШИЛЖҮҮЛЛЭЭ
Н.АЛТАНХУЯГ: ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ САНАЛ САНААЧИЛГЫГ ТӨРИЙН БОДЛОГОД ТУСГАНА
Ерөнхий сайд С.Батболд К.Кемпбеллийг хүлээн авч уулзлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан