Япон Улсын Гадаад Хэргийн дэд сайд Кикүта Макико 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод захидал ирүүлжээ. Японд газар хөдлөлт болсонтой холбогдуулан аврах багаа яаралтай илгээж, сэтгэл санааны болон эд материал, мөнгөн тусламж үзүүлсэнд тэрээр манай улсын Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн байна. “Зовох цагт нөхрийн чанар танигддаг”-ийн адил энэ тусламж нь жинхэнэ анд нөхрийн урам зориг хайрласан тусламж байсныг тэрээр захидалдаа онцолжээ.
Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр талууд “Стратегийн түншлэл” байгуулах нийтлэг зорилт дэвшүүлж ажиллахаар тохирсон. Японы дотно түнш Монгол Улстай найрамдалт хамтын харилцаагаа улам бүр хөгжүүлж, хоёр орны хооронд харилцан ашигтай, бие биенээ нөхсөн харилцааг бий болгоход бүх хүч чадлаа дайчлан ажиллах болно гэж Гадаад хэргийн дэд сайд Кикута Макико захидалдаа тэмдэглэсэн байна.