Мэдлэгт суурилсан бүтээгч улс болох Засгийн газрын бодлогыг дэмжигч нэг хэлбэр нь Монголын Үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэсэн “Залуу зохион бүтээгч“ уралдаан боллоо хэмээн Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байна. Тэрбээр өчигдөр тус телевиз дээр очин, “Залуу зохион бүтээгч” уралдаанд тэргүүлсэн хүүхдүүдэд шагналыг нь олгосон юм. Цагт нэг км зам туулахад хоёр га газрын өвс хадах боломжтой өөрөө явагч машин зохион бүтээсэн ШУТИС-ийн оюутан Н.Тогтох Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан тус уралдааны тэргүүн байрыг эзэллээ. Тэрбээр Увс аймгийн Баруунтуруун сумаас ирж оролцсон бөгөөд хэрэгцээ шаардлагаа дагаад хийсэн түүний машин хамгийн ухаалаг бас эрэлт хэрэгцээтэй техник болж чадсан гэж уралдааны шүүгчид үзсэн байна. Их мөнгө төлж, гадаадаас авдаг тракторыг 22 настай Н.Тогтох хүү ийнхүү монгол ухаанаар зохион бүтээжээ.
Монгол улсын Ерөнхий сайд эдгээр авьяаслаг хүүхдүүдэд шагнал гардуулахдаа хэлсэн үгэндээ “ Завхан аймгаас өвөөтэйгөө хамт ирсэн Гонгор хүү автомат харандаа худалдагчийг хэрхэн хийснийг, мөн робот нохой хийсэн Төгсзаяа нарыг би уралдаанд оролцож байхад нь телевизээр харсан. Тэд ихэнхдээ өсвөр насныхан байсан нь надад бахархалтай санагдаж байлаа. Тэргүүн байранд орсон Н.Тогтох хүүгээр бахархаж байна. Монгол улсын Засгийн газраас ийм сайхан зүйлүүдийг боловсролын системээрээ дамжуулан үргэлж дэмжих болно. Залуу техникчдийн ордон гэж байдаг байлаа. Бараг үүдээ барих шахсан энэ ордонг Залуу зохион бүтээгчдийн ордон болгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Хөрөнгө оруулалт, газрын асуудал нь ч цогцоороо шийдэгдсэн гэдгийг дуулгахад таатай байна. Уралдаанд оролцож шалгарсан нийт залуусдаа бүтээлч сэтгэлгээний амжилтын дээдийг хүсэн ерөөе. Оролцогсод нь улам өргөжихийн ерөөлийг дэвшүүлж байна” хэмээн хэллээ.
Уралдааны хоёрдугаар байрыг Нийслэлийн 55 дугаар сургуулийн сурагч О.Дашдаваа олон хувилбарт эдлэлээрээ эзэлсэн бол, гуравдугаар байрыг ШУТИС-ийн оюутан Г.Хашбат, Г.Отгонбаатар, 84 дүгээр сургуулийн сурагч З.Намуунбадралт нар хамтран эзэллээ. БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр энэ үеэр эхний байруудыг эзэлсэн ШУТИС-ийн оюутан Г.Хашбат, Г.Отгонбаатар нарыг суралцаж байгаа сургуульдаа үргэлжлүүлэн магистраар суралцах эрхийн бичгээр шагналаа. Мөн уралдааны хоёрдугаар байрыг эзэлсэн О.Дашдаваагийн “Бөмбүүлэй” үйлдвэрийн тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь бэлэглэх болсноо дуулгалаа. 80 орчим сая төгрөгийн үнэтэй тус төхөөрөмж суурилагдсанаар “ Бөмбүүлэй” үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаанд гарах ажээ. Тус уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон “ Өндөр Буянт холдинг “ компани эхний байранд орсон ШУТИС-ийн оюутан Н.Тогтохыг таван сая төгрөгөөр урамшууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.