Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Мэн Зяньжу тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирсэн эрхэм төлөөлөгчдийг Монгол улсын Засгийн газрын тэргүүн Монгол улсад тавтай сайхан айлчлахыг хүсээд, түүний энэ удаагийн айлчлал нь ач холбогдолтой болж байгааг тэмдэглэлээ. Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас манай хууль, зүй дотоод хэргийн байгууллагуудад таван сая юаний техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай ноот солилцож, Улаанбаатарын хэлэлцээний дүнгээр протокол байгуулсанд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ.
Түүнчлэн өнгөрөгч зургадугаар сарын дундуур БНХАУ-д айлчлах үеэрээ Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл гаргасныг онцолж байв. БНХАУ манай худалдаа, эдийн засгийн хамгийн том түнш болж байна гэдгийг Монгол улсын Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, худалдаа, бараа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлт, жуулчлал, зам харилцаа, тээвэр, холбоо чөлөөтэй урсах орчинг холбогдох байгууллагууд бий болгох нь зүйтэй гэдгийг уулзалтын үеэр тэмдэглэлээ.
Мөн түүнчлэн хоёр улсын ард иргэдийн солилцоо, харилцан зорчих явдал улам бүр нэмэгдэж байна. Иргэдийн солилцоог хариуцдаг байгууллагууд хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, холбогдох үйлчилгээг сайжруулах, тулгамдсан асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэд болон хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах бодитой ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг онцлоод, хил дамнасан, зохион байгуулалттай, ноцтой гэмт хэрэгтэй хатуу тэмцэх болно гэдгээ илэрхийлж байлаа.
Эрхэм зочин Мэн Зяньжу хариу талархал илэрхийлээд, хоёр улсын Засгийн газрын хүчин чармайлтаар хоёр талын хамтын ажиллагаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдаад, БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн мэндчилгээг уламжиллаа. Мөн түүнчлэн өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалтууд нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тэрбээр тэмдэглээд, хориод хоногийн өмнө Монгол улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал нь үүний тод жишээ юм гэдгийг онцолж байв. Хоёр талын худалдаа эдийн засгийг хөгжүүлэхэд Хятадын тал идэвхтэй дэмждэг гэлээ.
Мөн БНХАУ нь зах зээл болон техник технологи сайтай бол, Монгол улс нь уул уурхай эрдэс баялгаар арвин орон юм. Ийм харилцан бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж хоёр оронд их байгааг ноён Мэн Зяньжу онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.