-Төрийн албаны шинэтгэлийн томоохон хурлыг таны санаачилгаар хийсэн. Энэ үеэр бол таны амнаас жалга довны хуучин юмыг төрийн албанд бид цааш нь чирж явахгүй шүү гэсэн хатуу сануулга унасан. Энэ ажил хэр явж байна?
-Энэ ажлыг гарцаагүй хийх ёстой. Дэлхий ертөнц даяарчлагдаж байна. Бид өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй байна. Төрийн ажлыг ч өндөр төвшинд өрсөлдөх чадвартай хийх ёстой болж байна. Төрийн ажил гавьяа зүтгэл, мэдлэг чадвар, ажилласан жилийн туршлага гээд бүх зүйл дээр үндэслэж, дүгнэгдэж явах ёстой. Албан тушаалын сонголт, томилолт, дэвшүүлэлт нь бүгд үүн дээр үндэслэх ёстой. Тэрнээс биш улс төрийн намын сонгуулийн ялалтаас хамаардаг, эсвэл нэг сайдын нутгийн юмуу, намын найз нөхдөөс шалтгаалаад өөрчлөлт хийдэг энэ зарчмыг бид хуулиараа зохицуулах ёстой. Би Канадад хийсэн айлчлал дээрээ ч үүнийг ярьсан. Ер нь би айлчлал дээрээ тодорхой зүйл ярихыг боддог. Канад хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэр технологи ярихын зэрэгцээ Канадын төрийн албанаас авах зүйл их. Канад бол харьцангуй цөөн хүн амтай, жижигхэн улс ч Америк гэдэг том улсын хажууд байж байна. Гэхдээ төрийн алба нь маш тогтвортой. Өндөр хөгжчихсөн ийм улс орон. Тэнд төрийн албаны нь үйл ажиллагаа нь маш системтэй, хуульчилсан, төлөвшчихсөн байж байна. Бид тийм улс орны жишгээс суралцах ёстой. Яагаад гэвэл манайд мэрит зарчим буюу гавьяа зүтгэл, туршлага, мэдлэг чадвар дээр үндэслэсэн энэ тогтолцоог хэвшил болгохгүй бол төрийн алба өөрөө тогтворгүй байгаад байна. Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Яаманд, агентлагт, төрийн албанд гурваас таван жил тогтвортой ажилласан хүн дараагийн шатны албанд нэр дэвшдэг байх ёстой. Тэгэхгүй бол гэнэт нэг хүн хөндлөнгөөс орж ирээд хэлтсийн дарга, албаны дарга, газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга байж болохгүй. Ийм таагүй зүйлүүд төрийн албаны идэвх сонирхлыг мохоож байгаа юм. Сонгуулиас хамаарч савладаг ийм төрийн албатай байж болохгүй. Ер нь зах зээлийн орнуудад төрийн алба маш тогтвортой байдаг. Сайд ирж л байдаг, явж л байдаг. Тэр төрийн алба бол доор нь ёстой Швейцарь цаг шиг л ажиллаж байдаг. Хууль тогтоомж бүх юм нь ойлгомжтой. Ер нь төрийн алба өөрөө биеэ даасан суурь зарчмууд дээрээ тулгуурласан дэвшүүлэлт, сонголт энэ бүхэн нь хуульчлагдсан байх юм бол тогтвортой болно. Мэдээж хэрэг төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг зөв зохицуулах ёстой. Гэхдээ дахиад тусгайлсан юм хийх биш. Төрийн албан хаагчдын хүүхэд болохоор л тусгай хөнгөлөлттэй сурдаг ч юм уу, төрийн албан хаагч болохоор тусгайлж байранд ордог биш. Энэ нь бол нийтийн жишгээр байх ёстой. Харин төрийн албан хаагчийн үнэлэмж, цалин өөр байх ёстой. Чадвартай хүний цалин өндөр л байг л дээ. Энэ зарчим руу орох ёстой. Бид нар энэ рүү явж байна.
-Шатахууны хомсдол нэлээн анхаарлын төвд байна. Жил бүр ургацын үеэр ч юмуу, тариалалтын үеэр ч юм уу ямар нэгэн ачаалалтай үеэр л ийм юм болдог. Иргэд үүнд их бухимдах юм. Манайх энэ зовлонгоосоо хэзээ салах юм бэ?
-Энэ бол өмнө нь байгаагүй асуудал биш байсан л асуудал. Гэхдээ гарцаагүй шийдэх асуудал. Хамтарсан Засгийн газар энэ тал дээр нэлээн бодитой бодлого гаргаж ирж байгаа. Бид өөрийн үндэсний нефть боловсруулах үйлдвэрийг барих ёстой болжээ. Одоогоор манай түүхий нефть олборлолт хангалтгүй байгаа. Гэхдээ бид нефть боловсруулах үйлдвэрээ барина. Өөрсдөө өөрсдийгөө хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэж итгэж байгаа. Тийм учраас саяхан Засгийн газрын хуралдаанаараа нефть боловсруулах үйлдвэрийн асуудлыг авч хэлэлцээд зарчмуудыг нь шийдээд гаргаж байна. Нэгд, өөрийн үндэсний үйлдвэртэй болъё. Хоёрдахь нь бол бид нэг нийлүүлэгчээс хамааралтай байдаг энэ хамаарлаа багасгана. Үүнийг өмнө нь зөндөө ярьж байсан. Гэхдээ хэзээч тогтвортой тууштай авч хэрэгжүүлж байгаагүй. Бид хоёрдогч эх үүсвэр, гуравдагч эх үүсвэрээс нефть авах урт хугацааны гэрээ хэлэлцээр хийж байгаагүй. Цаг үеийн асуудлаа л шийдэж байсан. Одоо бол бид тогтвортой урт хугацааны гэрээ хийх асуудлыг нэгдүгээрт тавь гэж байгаа юм. Тэгэхгүй бол нэгнээс нь авч байгаад дуусангуут нь мориндоо мордоод хажуу талын айл руу давхидаг байж болохгүй ш дээ. Үүнийгээ системчлэе, тогтвортой болгоё, урт хугацааны гэрээ болгоё. Энэ зарчмыг шийдэж байгаа. Тэгээд ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг нэг сайдыг, нэг засгийг энэ асуудлаар буруутгах нь утгагүй л дээ. Мэдээжийн хэрэг үүрэг хариуцлага хүлээж байгаа хүмүүс нь үүнийхээ хариуцлагыг хүлээж байх ёстой. Тэрэн дээр бол хариуцлага тооцох юмыг нь тооцох ёстой. Тооцох ч болно. Гэхдээ урт хугацааны үндэслэлтэй шийдвэрийг гаргах ёстой. Энэ шийдвэрийг энэ Засгийн газар гаргаж байгаа. Эрвийх дэрвийхээрээ бүх шатанд нь ажиллаж байна.
-Сонгуулийн хуулийн талаар хоёр нам санал нэгдэхгүй байна. Эцэст нь та МАН-ын даргын хувьд ард түмнээсээ асууя гэж санаачилга гаргасан. Харин энэ саналыг АН хүлээж авах бололцоогүй гэж байна?
-Энэ бол ардчилсан нийгэм шүү дээ. Хууль нь байна. Ер нь бол ард нийтийн санал асуулгыг асуух тухай хууль байгаа шүү дээ. Бид 93 онд батлаад тавьчихсан. Тэгэхээр ийм асуудал байж болохгүй гэж ярих нь бол зохимжгүй явдал. Олон улсад жишээлбэл, Швейцарьт бол хамгийн энгийн асуудлаар санал хураалт явуулж байдаг ийм практик хэвшчихсэн. Ийм улс орнууд маш их байна. Саяхан Англи улс жишээлбэл сонгуулийн хуулиараа санал асуулга асуугаад явж байна. Италид санал асуулга хийсэн байна. Ер нь Ардчилсан улс орнууд олон түмнээс асуулга асуух хэлбэр байж л байдаг. Мэдээж хэрэг манайд хэвшээгүй, практик болоогүй учраас дээр нь хууль эрх зүйн зохицуулалтууд нь боловсронгуй болоогүй учраас эргэлзээд байна. Бас Үндсэн хуулийн өөрчлөлтүүдтэй холбогдуулаад илэрхийлж байгаа байр суурь бол бий л дээ. Бид үүнийг тооцох ёстой. Гэхдээ асууна гэж байгаа маань өөрөө буруу зүйл биш . УИХ бол ард түмний мөрөөдөл сонирхолын төлөө л байгууллага.
-Ерөнхийлөгчийг яагаад хориг тавьсан гэж бодож байна?
-Ерөнхийлөгч манай бүлгийн дарга нартай уулзаж хууль эрх зүйн хувьд бол амаргүй асуудал шүү гэдэг талаас нь ярилцсан байгаа. Хууль эрх зүйн талаас нь нэлээн судалж үзэх асуудал гэсэн ийм байр суурийг илэрхийлсэн байгаа. Бид үүнийг авч үзэх ёстой. Үнэхээр өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд болж байгаа хэсэг нь аль юм, болохгүй хэсэг нь аль юм гээд салгаад ярилцаж болно ш дээ. Бид ч заавал тулгаж байгаа зүйл биш, ард түмнээсээ асууя гэсэн хувилбарыг л санал болгож байгаа юм. Энэ хувилбарыг маань эсэргүүцэх юм уу, хориг тавьж болно шүү дээ. Энэ бол нээлттэй зарчим. Сонгуулийн хуулийг бол зарим нь намын нэрээр хйих ёстой гэж яриад байгаа юм. Зарим нь хүнээ мэдэх, гишүүнээ мэдэж мэдрэхийг чухалчилж байгаа. Яагаад гэвэл АН, МАН гээд дугуйлчихдаг. Цаана нь хэн байгааг мэдэхгүй. Тэр нь буруу ч юм уу, зөв ч юм уу хэнийг нь мэдэхгүй хүнийг дугуйлчихдаг. Гэтэл яг иргэн хүнд бол намайг төлөөлж УИХ-д суух гэж байгаа тэр хүн аль намын хэн гэдэг хүн бэ гэдэг чухал байгаа юм. Энэ хүнийг сонгох зөв хүн үү, мэдлэг боловсрол бүх талаараа энэ хүн шаардлагыг маань хангаж байна уу гэдгийг харахгүйгээр зүгээр нам дугуйлчихаад байх бол амаргүй шүү дээ. Сонгуулийн тогтолцоо намыг дугуйлна гээд ярих нь өөрөө хүнд их гоё сонсогдоод байгаа боловч энэ өөрөө төгс төгөлдрийн туйл уу гэвэл бас биш . Тийм учраас бид холимог тогтолцоог ярья. Энэ элементийг оруулъя. Үе шаттайгаар энэ рүү явъя. Гуравны нэг нь бид нам сонгоно, гуравны хоёр нь хүнээ сонгоё. Тэгээд үүнийг үзье. Дараа дараад нь бид үнэхээр боловсронгуй байна гэх юм бол цааш нь хөгжүүлээд явъя гэдэг дээр ерөөсөө эргэлзэхгүй байгаа ш дээ. Ганцхан пал хийтэл нь нам болгоод тавьчихъя. Хүн нь чухал биш нам нь л гээд тавьчих юм бол зөв юм уу буруу юм уу гэдгийг өнөөдөр хэн нь ч хэлж чадаагүй ш дээ. Магадгүй хүмүүс бас хүнээ харъя гэж байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр хэн нь сайн пиар хийж, хэн нь илүү хэвлэлийн бага хурал хийснээр ажлыг дүгнэдэг хорвоо бол өнгөрчихөөд байна. Одоо манайд бол уураа л хүрвэл гүйж гараад хэвлэлийн бага хурал зарлана. Пиар хийнэ. Ард түмэндээ хандана гэдэг. Би тэрийг бол зөвшөөрч байна. Ганцхан үндэслэлтэй, судалгаатай, зөв байх ёстой. Энэ асуудалд бид болгоомжтой, үндэслэлтэй, хуулийн дагуу хандана. Наад зах нь Үндсэн хуулиа хар л даа. Цагаан дээр хараар Монгол Улсын их хурлын гишүүнийг шууд сонгоно гээд биччихсэн байгаа. Энэ дээр намыг сонгоно гэж бичээгүй. Гишүүнийг сонгоно гэсэн байгаа.
-Сонгуулийн хуулиас болж таныг огцруулах асуудлыг Э. Бат-Үүл гишүүн өргөн барина гэдгээ мэдэгдсэн байгаа. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин нар таныг намын удирдах зөвлөл дээрээ хэлэлцсэн асуудлуудаа парламентаар хэлэлцүүлдэг боллоо, парламентын бүрэн эрхэд халдаж байна гэж хурцаар шүүмжилж байна. Харин та хэрхэн хүлээж авч байна вэ?
-Би Бат-Үүлийг улстөрчийнх нь хувьд бол хүндэлдэг юм. Яах аргагүй манай ардчиллын алтан хараацайн нэг гэж хэлж болно. Ер нь зарчмын асуудлууд дээр гол ч байр сууриас ханддаг гэж боддог. Ардчиллын үнэт зүйлсүүдийг хамгаалах, зах зээлийн суурь зарчмуудыг хамгаалах, төр хувийн хэвшлийн харилцаа, төр нийгэм ардчиллын суурь зарчмуудаас мань эр ухардаггүй. Шаардлагатай бол эдгээр үнэт зүйлсийн төлөө ямар ч алхам хийх чадвартай цөөхөн хүмүүсийн нэг гэж би үздэг л дээ. Тэр утгаараа бол хүндлэлтэй ханддаг. Гэтэл нөгөө талаасаа Э.Бат-Үүл маань болчимгүй алхам хийдэг л хүн юм байна. Хариуцлагагүй нөхөр юм байна. МАН-ын даргын хувьд би Э.Бат-Үүлийг хариуцлагагүй мэдэгдэл хийж байна гэж үзэж байна. Аливаа нам улс төрийн зохион байгуулалтын хэлбэр, АН ч тэр, МАН ч тэр мөрийн хөтөлбөрөө гаргаад, мөрийн хөтөлбөр дээрээ дэвшүүлсэн зорилтуудаа өөрийнхөө их хурал, бага хурал, удирдах зөвлөлөөрөө яриад л явдаг. Тавьсан мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг дүгнээд, улс орны өмнө тулгамдаж байгаа нийгэм эдийн засгийн бүх асуудлуудыг улс төрийн намууд л ярина ш дээ. Одоо “Монгол хүн-2020” гээд хүн болгоноо ажилтай болгоно, мөнгөтэй болгоно гээд л АН чинь аймаг болгоноор давхиад л байгаа биз дээ. АН-ынхан өөрсдөө болохоор 2020 онд бүгдэд нь аманд нь баахан юм чихэж хаяна гэж ярьж давхичихаад, МАН болохоор эдийн засаг, хөгжлийн асуудал ярингуут буруу болноо гэдэг асуудал бол байж болохгүй байх. Аягүй хийсвэр юм ярьж байгаа байхгүй юу. Угаасаа УИХ-ын бүтцүүд байнгын хороо, УИХ-ын бүлэг бол шийддэг зарчмаараа л зарчмаа шийднэ. Аль аль намын удирдах зөвлөлүүд бол шийдвэрээ улс төрийн намын хуулийн хүрээнд гаргана. Тэгэхээр үүнийг удирдах зөвлөл нь шийдвэр гаргаад яваад байна гэж шүүмжилж байгаа нь том улстөрчийн хувьд бол туйлын инээдтэй зүйл ярьж байх шиг харагдах юм. Э.Бат-Үүл гишүүнийг ингэж ярьж байгаад их гайхаж байгаа. Ийм инээдтэй болчимгүй алхам хийхээ боль гэж би Э.Бат-Үүл гишүүнд хэлмээр байна. Х.Тэмүүжин гишүүнийг бол би залуу улстөрчдийн нэг гэдгийг ойлгож байна. Гэхдээ өөрийнхөө намын асуудлыг ярьж байгаа бол өөр хэрэг. Манай намын асуудалд орох нь зохисгүй гэж үзэж байна. Ёстой нөгөө хүний хэрэгт бүү хошуугаа дүр гэж нэг үг байдаг байх аа. Мэдэхгүй юмаа ярьж хэрэггүй дээ гэж зөвлөмөөр байна. Хүн бол бас асуудлыг мэдэж байж ярих хэрэгтэй ш дээ. Мэдэхгүй юмаа ярихаар хүн эвгүй харагддаг. Би одоо АН дотор байгаа юмыг яриад байвал бусдад таагүй харагдана биз дээ. Бид АН-ын удирдлагуудын асуудлаар дүгнэлт хийгээд яриад байдаггүй. Надад тийм ёс суртахуун ч байхгүй. Тийм хүмүүжил ч байхгүй.
-МАХН гэдэг томъёоллоор хуучин намын дарга байсан Н.Энхбаяр улсын дээд шүүхээс гэрчилгээ авчихлаа. Уг нь өмнө нь Монголын Алдарт Хувьсгалчдын нам (МАХН) гэж тэд хүсэлт гаргаж байсан санагдах юм. Тэр нам гэрчилгээ авчихав уу. Эсвэл хэдхэн сарын өмнө таны даргалж байсан МАХН-ын гэрчилгээг авчихав уу. Ерөөсөө ойлгохоо байчих юм?
-Та ойлгохгүй байна ш дээ. Та юмыг олон талаас нь хардаг, өндөр төвшний мэдээлэлтэй байдаг, нэр хүндтэй сэтгүүлч хүн. Та ойлгохгүй байнаа гэдэг бол нийгэм ойлгохгүй байна гэсэн үг. Тантай яг адилхан би ойлгохгүй байна. Яахаараа Монгол Улсын хууль тогтоомжуудыг өөрсдийн өнцгөөс тайлбарлаад, ингээд юмыг хүслээрээ хийгээд явж болдог юм бэ. Хуультай зөрчилдсөн ийм шийдвэр гарлаа л гэж бид үзэж байгаа. Тиймээс манай намаас Улсын дээд шүүхээс яагаад ийм шийдвэр гаргасныг нь судалж үзэх гэж гаргасан тогтоолоо өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Саяхан тогтоолыг нь авлаа. Бид энэ үндэслэлтэй санал нэгдэхгүй. Тийм учраас бид Улсын дээд шүүхэд хуулийн дагуу давж заалдаж байгаа. Нэг шинэ улс төрийн нам шинээр бий болох нь мэдээж нээлттэй. Ижил нэртэй олгогдчихсон нь хууль зөрчсөн явдал гэж бид үзэж байгаа юм. Уг нь бол сая бол 19 дэх шинэ нам, отгон нам бий болсон шүү дээ.
-МАХН-ын улс төрийн товчооны гишүүн байсан Т.Рагчаа гуайтай ярилцсан нэгэн сонирхолтой номыг би сая уншлаа л даа. Тэр хүн бол 96 настай. Намын нэрний талаар байр сууриа илэрхийлжээ. “Төөрөлдсөн эсвэл ашиг хайсан хэдэн хүн л тэр хувьсгалт гэдэг үгний хойноос гүйнэ биз дээ. Одоо шинээр бүртгүүлээд байгаа МАХН гэдэг бол байдаггүй, бараа туруу нь харагддаггүй, цаасан дээр байдаг олон намуудын л нэг болно” гэж . Би энэ хүнийг бол гайхалтай сэргэг, шинэ, ямар айхтар хүн бэ гэж харсан. Иймэрхүү ахмад гишүүд олон байна уу, эсвэл зарим хэвлэлүүдийн бичиж байгаа шиг нам минь гээд бүгдээрээ сүүгээ өргөөд ханараад байна уу?
-Т.Рагчаа гуайг мэдэлгүй яахав. Т.Рагчаа гуай шиг ийм сайхан ахмад буурлууд бол манай намд олон бий. Тулхтай, ухаантай, алсыг өргөн харж чаддаг, ёс суртахуунтай хүмүүс бол асуудлыг яг зөв л харж байгаа байхгүй юу. Энэ бол нэг шинэ отгон нам л байгуулагдсан. Монголын улс төрийн шинэ нам. Ганцхан энэ дээр нэг зөрчилтэй асуудал бол манай намын өмч үнэт зүйл болсон хуучин нэрийг өгсөнтэй л бид санал нэгдэхгүй эсэргүүцэж байгаа юм. Манай намын нэрийг авч, манай үнэт зүйлд халдсанд нь санал нэгдэхгүй байгаа учраас хуулийн дагуу дарагийн шатны шүүхэд хандана.
-МАН дээр “Хувьсгалт” гэдгийг шигтгэсэн тэр явдлыг монгол хүн хийгээгүй юм байна. Амгаа гэдэг коминтерний төлөөлөгч Оросоос ирж өгсөн гэж Т.Рагчаа гуайн яриан дотор байна л даа. Тийм Амгаа гэдэг тэр буриад хүн байсан гэдгийг та мэдэх үү ?
-Мэдэлгүй яахав. Ер нь манай намын түүх бол том түүх. Тэр түүхийг яаж ч гуйвуулах бололцоогүй. Яагаад гэвэл Т.Рагчаа гуай шиг амьд түүхийн гэрчүүд нь байж байна. Архив баримт нь байж байна. Манай намын туулж ирсэн замнал өөрөө хүчирхэг. Үнэт зүйлдээ тийм амархан халдуулахгүй шүү дээ.
-Танаас Н.Энхбаяр даргын тухай асуумаар байна. Тэр хүн бол танай намтай салшгүй холбоотой хүн. Гэвч өнөөдөр өөр замаар алхаж байна. Түүний одоогийн хийж байгаа улс төрийн талаар ямар дүгнэлттэй байна вэ?
-Н.Энхбаяр дарга улс төр, хувь хүн гэдэг хоёр зүйлийг хэт их салгаад явчих шиг л надад санагдаад байгаа юм. Уг нь бол хүн нэг л арьсан дор явах ёстой гэж боддог юм ш дээ би бол. Энэ хоёр хэтэрхий их холдоод явчихаараа бас ойлгогдохоо больчихдог л доо. Олон зүйлийг өнөөгийн төр засаг хийхгүй, болгохгүй байгаагаар яриад байгаа л даа. Жишээлбэл, би энэ засгийн ажлыг аваад жил найман сар л болох гэж байна. Гэхдээ л амжиж олон зүйлийг хийхийн төлөө явж байгаа. Энэ яриад шүүмжлээд байгаа, болохгүй бүтэхгүй гээд байгаа зүйлүүд бол өмнөх 20 жилээс өвлөгдөж ирсэн зүйлүүд байгаа юм л даа. Өвлөгдөж ирсэн зүйлүүдийг л бид заримыг нь хөдөлгөөнд оруулаад, заримыг нь шийдэх гээд зүтгэж байна. Алдаж онож байгаа юм байгаа байхаа. Тэрийг бол түүх шүүх байх. Ямар ч байсан улс орны хөгжлийг гацааж байсан зүйлүүдийг хөдөлгөөнд оруулъя. Энэ өвлөгдөж ирсэн үлгэр домог болсон л асуудлуудаа өөрсдөө яриад байгаад л би гайхаад байгаа юм. Нэг үгээр хэлэх юм бол зарим хүмүүс саран дээр байж байгаад ирсэн юм шиг л ярих юм байна ш дээ. Энэ асуудлыг аваад явж байсан хүмүүс ингээд яриад байхаар би бас ойлгодоггүй юмаа. Шийдчих хангалттай он жилүүд өнгөрсөн болов уу гэж боддог.
-Та бол эдийн засгийн шинэтгэлийн бодлогуудаараа хүчирхэг лидер гэдгээ харуулж байна. Энэ талынх нь Батболд гялалзаж харагдав ч намын өнгөн дээр гарч ирж ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл байх юм?
-Ер нь улс төрийн намуудыг янз бүр л хардаг л даа. Улс төрийн намуудын зорилт бол улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлыг л шийдэх шүү дээ. Улс төрийн нам өөрөө өөрийгөө сайхан болгох талаар ярихгүй ш дээ. Улс орныг яаж сайхан болгохвэ гэж л ажиллаж байгаа. Тийм учраас улс төрийн намд олон жил ажилласан учраас ийм мундаг юмаа ч гэдэг юм уу, энэ бол харьцангуй ойлголт л доо. Улстөрч хүн гэдэг бол зангараг, хатуу байр суурь гэдэг ойлголтын нэгдэл ч бас биш. Нэг тал нь байж болох. Тийм болохоор зөвхөн үүгээр улс төрийн хэмжээ дамжааг тодорхойлно гэдэг бол өнөөдрийн ийм эрчимтэй хөгжиж байгаа, прагматик талаасаа нийгэм хөгжөөд, амьдрал өөрөө бодитой шийдлүүдийг хүлээж байгаа, эдийн засгийн, улс төрийн, нийгмийн шийдлүүдийг хүлээж байгаа үед сонин биш. Тэгэхээр бид аливаа асуудалд үндэслэлтэй, судалгаатай, талуудын байр сууриудыг бодитой тооцсон ийм хандлагыг л тээх хэрэгтэй. Өнөөдөр жишээлбэл манайх олонхи байна аа гээд асуудлыг түрээд шийднэ гэвэл бас чадахгүй. Иргэний нийгэм төлөвшчихсөн. Ерөнхийлөгчийн институт нь ажиллаж байна. Сөрөг хүчин байна. Тэгэхээр бодитой судалгаатай, үндэслэлтэй, зарчимтай байр суурь барьж байх нь өөрөө Монгол Улсын хөгжлийн өнөөдрийн засаглалын шинэ хэлбэр. Ерөөсөө сайн засаглал гэж юу юм бэ. Сайн засаглал гэдэг нь хатуу юмуу, зөөлөн байхыг хэлж байгаа зүйл биш байхгүй юу. Сайн засаглал гэдэг бол үндэслэлтэй, бодитой, нээлттэй, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай, алсын хараатай асуудлыг харж чадаж байгаа, шийдэж чадаж байгаа, үр дүн гаргаж байгаа энэ засаглалыг л хэлнэ. Өнөөдөр бид сайн засаглалыг л ярьжб айна. Сайн засаглалыг компанийн төвшинд, төрийн төвшинд нэвтрүүлье. Иргэний нийгмийг оролцуулсан, нийгмийн зөвшилцлийг бий болгосон энэ орчныг тэлэхийн төлөө л ажиллана. Нээлттэй засаглал руу явах ёстой. Өрсөлдөх чадвартай засаглал руу явах ёстой. Мэдлэгт суурилсан хөгжил руу явах ёстой. Энэ орчинг л бүрдүүлэх ёстой. Энэ нь бол ардчиллын үнэт зүйл байх ёстой. Гол нь улс төрийн бодлого энэ зарчим дээр суурилсан л байх ёстой. Манай нам энэ рүү явж байгаа. Эргэлзэх зүйлгүй. Манай нам магадгүй өөр өөр өнгө аяс, байр суурьтай харагдаж магадгүй. Үүнийг үгүйсгэхгүй. Энэ бол манай нам ардчилалтай нам болохын л нэг жишээ. Манай нам ямар нэгэн фракцуудын нэгдэл болоод, ямар нэгэн эрх ашгуудын нэгдэл хэзээ ч болж байгаагүй, хэзээ ч болохгүй. Улс төрийн хамгийн өндөр зохион байгуулалттай, олонхийн зарчмаа барьж чаддаг, улс төрийн намын үндсэн соёлыг, ёс суртахууныг нь харуулж чаддаг ийм нам.
-Тань шиг ийм лидерийн үед намд шинээр гарч ирж байгаа зарим залуучуудыг хараад жаахан гайхдаг юм. Ямар нэгэн сорви яриад л, ямар нэгэн цөс, эр зориг ярьсан тэр сонин нөхдүүд танд таалагддаг хэрэг үү?
-Би тантай санал нэгдэхгүй байна л даа. Та бол юмыг нэг хоёр тохиолдлоор юмуу дүгнэж ярьж болохгүй л дээ. Энэ чинь 160 мянган хүнтэй асар том хүчин шүү. Хоёрдугаарт, манай нам нэрээ сольсноор 20 гаруй мянган залуучууд шинээр орж ирсэн. Улс орноо ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй боловсролтой сайхан залуус манай намд олон бий.
-Таны аливаад хөөсөрч өгдөггүй дипломат байр суурийг танай намынхан шүүмжилдэг үү. Заримынх нь хувьд та сэлэм эргүүлж, том том мэдэгдэл хийж сүрийг үзүүлэх ёстой ч байж магадгүй?
-Үгүй. Хүн байгаагаараа л байх хамгийн сайхан. Нэг их салхилаад яахав. Нэг их намжаад ч яахав. Би бол хамгийн гол нь ажил ам хоёр нэг байх ёстой гэж үздэг хүн. Жингийн цуваа явж л байх ёстой. Тэр тайван, холыг зорьсон, амар амгалан цуваа жижиг сажиг юмнаас болоод зогсч, бужигналдах ёсгүй. Төрд зүтгэж байгаа хүн бол өөрөө сэтгэл хоёрдохгүй мөн эргэж харамсахгүйгээр л ажлаа хийж байх ёстой гэж боддог. Намаа, нөхдөө, нийгмээ гомдоохгүй байх ёстой. Энэ бол бас зарчим. Тийм болохоор улс төр хүн хоёр хамт шүү л гэж хэлэх гэсэн юм.
Сү.Батболд...Энэ бол түүний улс төрд танигдсан анхны нэр. Тэр үед тэр үүнээс өөр нэг их нэмэр хачиргүй нөхөр байлаа. Одоо бол тэр гүйцэтгэх засаглалын тэргүүн. Монгол Улсын Ерөнхий сайд. Өөрөөр түүнд ирж наалдах зөндөө гуншин бий. Гэхдээ надад бол олон жилийн өмнө уулзаж байсан С.Батболд хэмээх энэ залуу өнөө цагийн энэхүү өндөрлөг дээрээс эргэн уулзахад урьдынхаараа ямар нэгэн хиймэл, хоолой шахсан эрх мэдлийн өнгө сэлтгүй, янзаараа намайг угтсан нь таалагдсан. Хүн гэдэг амархан хэмхэрдэг, урьдын чанар юугаа дорхноо алддаг сонин амьтан. Гэвч чанараа энэ ийм өндөр төвшинд хадгалж байснаар нь, Монгол Улсыг хамгийн эмзэг, хөгжлийнхөө түрлэгийг авч ядан байгаа өнөө үед толгойлж байгаагийнх нь хувьд энэ цоо шинэ имижтэй лидерийг Монголын ард түмэн хүлээж авах ёстой болжээ.
Сэтгүүлч Б.Ганчимэг.