Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Улаанбаатарын утааг бууруулах боломж байна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.08.18 /

“Цэвэр агаар” төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, нам даралтын зуухыг сонгон туршиж, хянан баталгаажуулан, татаас, хөнгөлөлттэй үнээр борлуулж байна. Тус төсөл өнгөрсөн намраас нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хэрэгжтж утаагүй зуух 609, сайжруулсан бүрээс 2810, гонх 618, эрчим хүчний хэмнэлттэй нийт 4037 ширхэг бүтээгдэхүүн нэн хөнгөлөлттэй үнээр борлуулаад байгаа юм байна. Уг төслөөс хэрэглээгээ өөрчлөн, хэмнэлттэй, утаагүй зуух худалдан авахад нь иргэдэд 45-77 хувийн татаас олгож байгаа.

Үүн дээр нэмж өнөөдрөөс буюу 2011-08-18-наас эхлэн Монгол Улсын Засгийн газраас зуух худалдан авч буй иргэддээ урамшуулал олгож эхэлснээр 4-5 ханатай гэр, 60 хүртэлх метр кв талбай халаахад  зориулагдсан “Өлзий” зуухны үнэ 24300 төгрөг болж эрс хямдарч байгааг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Тус хуралд Д.Зоригт сайдаас гадна Байгаль орчны сайд Л.Гансүх, Монголын Мянганы сорилтын сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Отгонбат, “Цэвэр агаар” төслийн захирал С.Мангал, АНУ-ын Мянганы сорилтын  корпорацийн суурин төлөөлөгч Бурак Инанч нар оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төслийн саналыг АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацид өргөн барьсан бөгөөд Мянганы Сорилтын Сангийн гэрээнд 2010 оны 2 дугаар сарын 2-нд гарын үсэг зуржээ.  Энэ хүрээнд “Цэвэр агаар” төсөл хэрэгжиж байна.

УТААГҮЙ “ӨЛЗИЙ” ЗУУХНЫ ҮНЭ 24 300 ТӨГРӨГ

Төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, нам даралтын зуухыг сонгон туршиж, хянан баталгаажуулан, татаас, хөнгөлөлттэй үнээр борлуулж байна. “Сэлэнгэ констракшн компанийн нийлүүлж буй ”“Хас”, “Өлзий”, “Роял Өүшн”-ий “Дөл”, “Голомт” зэрэг зуух нь цөөн удаа галлаж, дулаанаа удаан барьснаар айл өрхийн түлээ нүүрсийг хэмнэх, үнс тортог, утаа угаар багатай учраас гэрийн хөдөлмөрийг хөнгөвчлөн, агаарын бохирдлыг бууруулах хэрэгсэл болно. “Цэвэр агаар” төслөөс хэрэглээгээ өөрчлөн, хэмнэлттэй, утаагүй зуух худалдан авахад нь 45-77 хувийн татаас олгож байсан бөгөөд үүн дээр нэмж Монгол Улсын Засгийн газраас урамшуулал олгосноор 4-5 ханатай гэр, 60 хүртэлх метр кв талбай халаахад  зориулагдсан “Өлзий” зуухны үнэ 24300 төгрөг болж эрс хямдарч байна.

100 хүртэлх метр кв талбай бүхий галлагаатай байшин, сууцанд зориулагдсан “Хас” зуухны үнэ 50800 төгрөг болж үндсэн үнээсээ 85 хувиар  хямдарлаа. Утаагүй шинэ зуух худалдан авахдаа хуучин зуухаа тушаах юм. Утаагүй 80 мянган зуухыг эрс хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр бүтээгдэхүүний хангамж, борлуулах, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх цэг, ашиглах заавар зөвлөмж зэргийг бэлтгэжээ. “Цэвэр агаар” төсөл Сүхбаатар дүүргийн долоон хороонд 8 дугаар сарын 20-ноос хэрэгжиж эхлэх бөгөөд улмаар нийслэлийн таван дүүргийн 48 хороонд хэрэгжинэ. Төлөвлөсөн тооны утаагүй зуух, хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтэрвэл Улаанбаатарын агаарын бохирдлыг 30-аас доошгүй хувь бууруулж чадна гэж үзэж байна.

БАГА ЗАРДЛААР ИЛҮҮ ДУЛААН АМЬДАРЧ ЭХЭЛЛЭЭ 

Мянганы Сорилтын сангийн тусгай лаборатори бүтээгдэхүүнийг олон талын үзүүлэлтээр буюу жин, нягт, чийглэх, дулаан хадгалах, дамжуулах, галд тэсвэртэй байдлыг туршин шалгаж, хянан баталгаажуулдаг байна. Өрх айл сайжруулсан дулаалга, гонх хэрэглэснээр түлээ түлшний зардлаа 30-аас доошгүй хувиар хэмнэж байна. Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн Н.Цэвээн “Манайх сардаа дор хаяж гучин мянган төгрөг хэмнэж байна. Хүйтний улирлаар хэмнэлтээ тооцвол зуу гаруй мянган төгрөг болно гэж ярьсан бол иргэн Н.Бөндөр “Төслөөс олгож буй татаас бол үнийн байнгын хямдрал. Худалдаж авахад ч, хэрэглэхэд ч хэмнэлттэй юм. Хоёр хувин нүүрс түлж хонодог байсан бол одоо нэгийг л хэрэглэж байна. Агаарын бохирдлыг багасгахад айл бүр хувь нэмрээ оруулж болно, аль болох олуулаа оролцвол утааг бодитой бууруулж чадна” гэж хэлжээ. 

“Цэвэр агаар” төслийг айлаас айлд, гудмаас гудманд, хорооноос дүүрэгт, дүүргээс нийслэл хотын хэмжээнд өргөжүүлэн хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Иргэд өрхийн зардал төсвөө хэмнэж, өөрсдөдөө, өрх бүлдээ, үр хүүхэддээ, гудам хорооныхондоо, нийслэл хотын сая иргэнд цэвэр агаар бэлэглэн, агаарын бохирдлыг бууруулахад олноороо хувь нэмрээ оруулж эхэлжээ. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах олон арга замын нэг бөгөөд иргэдэд шууд чиглэн, үнийн хөнгөлөлт, татаас олгон урамшуулж буйгаараа давуу талтай, ядуурлыг бууруулах, үр дүн нь харьцангуй богино хугацаанд гарахаараа онцлогтой гэж тус хуралд оролцсон албаны хүмүүс ярилаа. Төсөлд хамрагдаж буй айл өрх хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглээд зогсохгүй сар бүрийн сүүлчийн өдрийг “Цэвэр агаар бэлэглэх өдөр” болгохыг санаачлан, бусад иргэдэд хэрэглээ дадлаа өөрчлөх, нийслэл хотдоо цэвэр агаар бэлэглэхийг уриалж байгаа гэнэ.

Мэдээний бүлэг: Сайд нар ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Хүний хөгжил сангаас орон сууц авах сонирхолтой иргэдэд зориулж журмын төсөл гаргажээ.
Тавантолгойн ордлд Япон улс манайтай хамтран ажиллах сонирхолтой байна
Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч 67 жилийн дараа ирлээ
Оюутны сургалтын төлбөрийн 491960 төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ
Шадар сайд М.Энхболд Солонгосын Төв банкны ерөнхийлөгчтэй уулзлаа
ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан