Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын урилгаар Америкийн Нэгдсэн Улсын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозеф Байден манай улсад айлчлахааар ирлээ. Эрхэм зочны хөлөглөсөн онцгой үүргийн онгоц Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2011 оны 8 дугаар сарын 22-ны энэ өдөр 12 цагаас газардлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозеф Байденыг угтан авсны дараагаар Хүндэт харуулын дарга илтгэл өгч, хөгжимд хоёр орны “Төрийн дуулал” эгшиглэлээ. Угтах ёслолд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Бэхбат, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар байлцлаа.
Анх 1944 онд АНУ-ын 33 дахь дэд Ерөнхийлөгч манай улсад айлчилж байсан бөгөөд 67 жилийн дараа тус улсын 47 дахь дэд Ерөнхийлөгч Жозеф Байден ийнхүү айлчилж байна. Ардчилал, зах зээлийн нийгэм рүү тайван замаар шилжиж болдгийг Монгол Улс өөрийн жишгээр дэлхий дахинд харуулж байгаа гэдгийг өндрөөр үнэлэх түүхэн айлчлал болж байна гэж хоёр тал үзэж байна.
Эрхэмсэг Жозеф Байден 2009 оны 01 дүгээр сараас АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд тэрбээр 1973 онд 30 насандаа АНУ-ын Сенатад сонгогдсоноор Сенатын түүхэн дэх хамгийн залуу гишүүдийн нэг болсон байна. Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден манай улсад ач охиныхоо хамт иржээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.