Генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нараа,
Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,
Батлан хамгаалах яам байгуулагдсаны 100 жилийн ойн хүндэт зочид оо,
Ноёд, хатагтай нар аа,
Бидний өвөг дээдсийн батлан хамгаалах, цэрэг стратеги, дайн байлдааны түүх олон зуун жилээр хэмжигдэн баяжигдаж, бахархал бишрэлийн маань нэгэн хэсэг болсоор ирсэн. Харин орчин үеийн Батлан хамгаалах салбарын маань түүх нэгэн зуун жилээр бичигдэж байна. Энэхүү 100 жилийн түүхийг бүтээлцэж, улс орныхоо батлан хамгаалах салбарт бүхий л амьдралаа зориулсан алдар гавъяатнууд, ахмад буурлууд, генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, энхийг сахиулагчид, зэвсэгт хүчний бүх бие бүрэлдэхүүн, батлан хамгаалах яамны хамт олон, тэдний гэр бүлийнхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс баярын мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Олон ойн билэг ерөөлтэй тэгш дүүрэн энэ жил манай улсын анхны таван яамны 100 жилийн ой давхцан тохиож байна. Монгол Улсын орчин цагийн төрийн захиргааны эх суурь болсон энэхүү таван яамны нэг нь Батлан хамгаалах яам юм. Энэ бол манай улс батлан хамгаалах салбартаа илүү их ач холбогдол өгч, ард иргэд дэмжин хүрээлж ирсний нэгэн илрэл билээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд тусгаар тогтнолоо зарлаж, Богд Хаант Монгол Улсыг тунхаглан Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамыг байгуулсан нь өнөөгийн Та бүхний ажил амьдралаа зориулсан Батлан хамгаалах яамны эх суурь болсон.
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үргэлжлэл болсон 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд монголчууд бид хөгжил дэвшлийнхээ шинэ үед орсон. Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, шинэ цагийн цэргийг удирдах байгууллагаа бэхжүүлж Цэргийн явдлын яам болгон өргөжүүлсэн. Түүхийн энэ бүх ээдрээт цаг хугацаанд Монголын Зэвсэгт хүчин өсөн бэхжиж, Монгол Улсын тухайн цаг үеийн төр, нийгмийн байгуулал, гадаад орчин, олон улсын цэрэг-улс төрийн нөхцөл байдалтай холбогдон шинэчлэгдэж ирлээ.
Төрийн батлан хамгаалах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, батлан хамгаалах салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх, цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх зэрэг үйл хэрэгт Батлан хамгаалах салбарын хамт олны оруулсан хувь нэмрийг монголын ард түмэн өндрөөр үнэлж байдаг юм. Эх орныхоо батлан хамгаалах салбарт амь амьдралаа зориулж, идэвх санаачилга гаргаж ирсэн бүхий л хүмүүст Засгийн газрынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол Улсын сүр хүч батлан хамгаалах салбартаа байж ирсэн. Тиймээс түүхийн бүхий л явцад батлан хамгаалах яам нь онцгой үүрэг гүйцэтгэсэн чухал салбар байсаар ирлээ. Цаашид ч гэсэн энэхүү байр сууриа хэвээр хадгална гэдэгт итгэж байна.
Батлан хамгаалах салбарын маань 100 жилийн түүх дандаа бахархам амжилт, бишрэм үйл явдлаар бичигдэж байсангүй. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед Батлан хамгаалах салбарынхан илүүтэй өртөж, олон зуун шилдэг дарга, цэргийн нэрт зүтгэлтнүүдээ алдаж, хохирол амссаныг бид мартах учиргүй. Хүнд хэцүү энэ он жилүүдэд ч гэсэн эх орноо батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэх, цэргийн хэргийг удирдан зохион байгуулах үүргээ тасралтгүй биелүүлж ирсэн гавъяа зүтгэлийг нь дурсан санаж байх учиртай.
Дэлхийн болон Халхын голын, чөлөөлөх дайны хүнд жилүүдэд ард түмнийхээ хүчийг нэгтгэж, амжилт ялалтанд хүрэхэд, хүнд хэцүү шалгуур сорилтыг даван туулахад батлан хамгаалах салбарын үе үеийн удирдлага, эрэлхэг дайчид чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн үеийн эсрэг тэсрэг хоёр нийгмийн байгууллын үеийн олон улсын харилцаа, цэрэг- стратегийн бодлогод зохицсон, өөрийн орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөөх төрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах салбар тэргүүн үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.
Ардчилсан өөрчлөлтийг дагаж Монгол Улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжиж, хүмүүнлэг иргэний нийгмийг байгуулах замыг эргэлт буцалтгүй сонгон авч хэрэгжүүлж байна. Энэхүү шинэчлэлийн үндсэн агуулга нь нийгмийн шинэ тогтолцоонд нийцсэн Үндэсний аюулгүй байдлын үзэл, баримтлалыг төлөвшүүлж, батлан хамгаалах бодлогыг шинээр тодорхойлох, нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх, цэргийн номлол, зэвсэгт хүчний байгуулалтын зарчмыг шинэ нөхцөл байдалд зохицуулан боловсруулах, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт шинэчлэл хийх зэрэг олон талт, өргөн цар хүрээтэй үйл явцыг хамарсан үйл ажиллагаа байсан юм.
Дээрх бодлого, зорилтын хүрээнд Үндэсний аюулгүй байдал, Төрийн батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэлтэй холбогдсон олон чухал хууль тогтоомжийг шинээр буюу шинэчлэн боловсруулж батлуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж ирлээ. Ингэснээр Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгоход чиглэгдсэн цэргийн шинэчлэлийн зорилт амжилттай биелэгдэж байна. Мөн Батлан хамгаалах гадаад харилцаа шинэ шатанд гарлаа.
Орчин үеийн батлан хамгаалах салбарын маань түүхэнд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа явдал онцгой байр суурийг эзлэх ёстой. Бидний цэрэг арми, батлан хамгаалах бодлого даян дэлхийд энхийг бүтээлцэж байгаа нь бахархууштай үйл явдал мөн. Эх орноо батлан хамгаалах их үйл хэрэгт амь биеэ үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, ахмад дайчид, цэргийн нэрт зүтгэлнүүдийнхээ гавъяат үйлсийг дурсан санаж, хайрлан хүндэтгэж, тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлэх нь бидний эрхэм зорилтын нэг байх болно гэдгийг 100 жилийн энэ ойн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн Та бүхэн 100 жилийн түүхээ үйл хэрэг, үйлс гавъяагаараа баяжуулж, амжилт ололт, алдаа дутагдлаа эргэцүүлэн дүгнэж, алс хэтийн хөгжлөө тодорхойлж их ойн баяраа утга төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсье. Батлан хамгаалах салбар маань батжин бэхжиж, монгол улсын сүр хүч, сүлд хийморь болж байх болтугай.
2011 оны 9 дүгээр сар 8