Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачлан хэрэгжүүлж байгаа “ Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн хөтөлбөрийн нээлтэд NBA-ийн өнөө цагийн супер од Двайт Ховард оролцлоо. Ерөнхий сайдын хувьд сагсан бөмбөг сонирхогч төдийгүй Монголын сагсан бөмбөгийн холбоог байгуулж,дэмжлэг үзүүлж бүр санхүүжилт өгч NBA-ийн зарчмаар сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулцаж явсан түүхтэй. Хүүхэд багачуудыг спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг монгол хүнийг бий болгоход чиглэгдэж байгаа “ Монгол мөрөөдлийн баг” хөтөлбөрийн нээлтэд монголын сагсан бөмбөг сонирхогч хүн бүрийн шүтээн, цэнхэр дэлгэцээр хэдийнээ танил болсон Ховард оролцож байгаа нь бэлэг дэмбэрэлтэй сайхан зүйл болж байгааг Бөхийн өргөөнд цугларсан мянга мянган залуучуудад хандан Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэн хэлж байлаа.
Мөн Ховардын араас NBA-ийн шилдэг тоглогчид цуврах үүд хаалга нээгдэж байна хэмээн бэлэгшээж байгаагаа ч Засгийн газрын тэргүүн хэллээ. Двайт Ховард нь АНУ-ын “ Орландо мэжик” багийн төвийн тоглогч билээ. “ Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн хөтөлбөр нь энэ хичээлийн жилд Монгол улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гурван насны ангиллаар явагдах бөгөөд шилдгийн шилдэг шалгарсан баг АНУ-д очиж NBA-ийн гайхамшигт тоглолтыг үзнэ . Энэ хөтөлбөрийг Засгийн газар ивээн тэтгэж зохион байгуулах юм.
Монгол хүүхдийг багаас нь спортоор хичээллүүлж, сагсан бөмбөгт дуртай болгох Монгол улсын Ерөнхий сайдын энэ санаачлагыг маш их дэмжиж байгаагаа сагсан бөмбөгийн од, өөрийн хөгжилтэй зан, хүчирхэг тоглолтоороо бусдын хайр хүндэтгэлийг хүлээдэг Ховард уг ёслолын ажиллагааны үеэр илэрхийлж байлаа. Тэрбээр тун их баярласан байсан бөгөөд “ Монгол улсын Ерөнхий сайдын сая хэлсэн үгээс ирээдүйд Монголоос агуу сагсчид төрөх нь гэдэг итгэл үнэмшил төрлөө, би монголд дараа жил NBA-ийн бусад шилдэг тоглогчоо дагуулж ирэх болно оо “ гэсэн үг Бөхийн өргөөнд цугларсан монголын залуусын цөсийг ёстой л хөөргөсөн гэхэд болно. Тэрбээр Ерөнхий сайдтай тун дотно яриа өрнүүлж, бас хажуугаар нь шог хошин мэдрэмжээ тун сайн илэрхийлж байлаа.
Монгол залуус маань ч агуу фэнүүд гэдгээ яруу тодоор харуулж, Бөхийн өргөөг бараг “шатааж” байсан. Сагсан бөмбөгийн спортод элэгтэй, Монгол улсын Засгийн газрын тэргүүнд Двайт Ховард өөрийн гарын үсэг бүхий сагсан бөмбөгийг бэлэг болгон өглөө. Дашрамд дурьдахад Монгол улсын Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлэх “Монгол мөрөөдлийн баг” хөтөлбөрийн хүрээнд монголын бүх сургуулийг спорт заалтай болгох юм байна. Энэ заал нь стандартыг тогтоох ч онцлогтой гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.