Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга А.П.Торшиныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын хоккейн лигийн "Локомотив" клубийн тамирчдын сууж явсан онгоц Ярославль хотын ойролцоо осолдож, олон хүний амь эрсэдсэн явдалд Монгол Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ. ОХУ-ын Эрхүү хотноо удахгүй болох Байгалийн эдийн засгийн Форумын өмнө уулзаж байгааг Ерөнхий сайд дурдаад Монголын тал энэхүү эдийн засгийн форумд өндөр ач холбогдол өгч байгаа. Олон Улс, бүс нутгийн олон арга хэмжээ зохиогдох төдийгүй хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэдэг итгэлтэй гэлээ.
Мөн тэрээр энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд уригдан ирсэнд таатай байгааг Засгийн газрын тэргүүн энэ үеэр хэллээ.
Өөрийг нь хүлээн авсанд Ноён А.П.Торшин Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Монгол Улс асар их хурдацтайгаар хөгжиж байгааг харж байна. Яаж ийм амжилт гаргаж байгааг асуумаар байна гээд эрч хүч, цог золбоотой залуу Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гэлээ. Засгийн газрын тэргүүн үүний хариуд “Энэ бол Монгол Улсын ард түмний хүсэл эрмэлзэл хүч хөдөлмөр юм” гэлээ.