Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
БҮРТГЭЛ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫНХАН ЧУУЛЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.19 /
Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын 5 дугаар зөвлөлгөөн 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн ордоны Их танхимд эхэллээ. Нэгдсэн хуралдаанд Сангийн сайд С.Баярцогт “Монгол Улсын санхүү, эдийн засгийн хөгжил, сорилт, шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж, салбар хуралдаануудаар Макро эдийн засгийн тогтвортой байдал, тулгарч буй эрсдэлүүд, Банк, санхүүгийн тогтолцоо, хөгжлийн чиг хандлага, Сайн засаглал-нягтлан бодох бүртгэл, хяналт, Төсөв, төрийн сангийн шинэчлэлийн талаар хэлэлцэн зөвлөмж гаргах юм. Улсын 5 дугаар зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны V зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны V зөвлөлгөөнд  оролцогчид оо,

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Монгол Улсынхаа санхүү эдийн засгийн салбарт хичээл зүтгэл гарган ажиллаж ирсэн Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Манай хамтарсан Засгийн газар улс орныхоо эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж ирлээ. Ялангуяа уул уурхайн салбарын төслүүдийг эхлүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр олон санаачилга гарган ажил хэрэг болгож байна.

Moнгол Улсын эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтаар Хөрөнгийн зах зээл, Өрсөлдөх чадвар, Улсын бүртгэлийн шинэчлэл, Төсвийн шинэтгэл, Уул уурхай, Ногоон эдийнзасаг зэрэг улс орны хөгжилтэй холбоотой асуудлаар олон талын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэлд хүрсэн нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал “Бизнесийн орчныг шинэчлэх жил”-ийн хүрээнд олон ажил хийж, шинэ боломжуудыг нэмэгдүүллээ. Олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын компаниуд хөл тавьж эхэлсэн нь үүний нэг илрэл юм.Монголчууд өөрсдийнхөө газар нутагт эзэн байж, түүнийхээ үр шимийг нийт олноор хүртдэг тийм цаг ирж байна. Үүнийг дагаад олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар ч бид томоохон өөрчлөлт хийлээ. Төсвийн шинэчлэлийн хүрээнд “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийг Улсын Их Хурлаар баталлаа.

Эдийн засгийн бодит өсөлтийг 2011 онд 10.8 орчим хувь байхаар төсөөлж байсан. Гэвч  2011 оны эхний хагасын байдлаар эдийн засгийн бодит өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувьд хүрсэн нь ойрын жилүүдэд ажиглагдаагүй өндөр өсөлт гэдгийг санхүүгийн салбарын төлөөлөл Та бүхэн сайн ойлгож байгаа. Улсын нэгдсэн төсвийн орлого болон тусламжийн хэмжээ 2011 оны эхний 8сард 2,757.0тэрбум төгрөг боллоо. Харин зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2,530.0тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийнтэнцвэржүүлсэн нийт тэнцэл 186.3тэрбум төгрөгийн ашигтай байна.

Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр, Монгол Улсын эдийн засаг 2011 онд 12.0хувь, үүнээс уул уурхайн салбар 8.0 хувиар, бусад салбар 12.9 хувиар өсөхөөр байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар дамжин эдийн засгийн бусад салбарын өсөлт нэмэгдэж эхэллээ. Харин эдийн засгийн энэ өсөлтийг иргэн бүртээ хүргэх талаар Засгийн газар ихээхэн анхаарч ажиллах болно. 

Улс орны нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүдээр илэрхийлэгдсэн Монгол Улсын байр суурь олон улсын тавцанд улам дээшиллээ. Тухайлбал аж ахуй, бизнес эрхлэх боломж нөхцөл, татварын ачаалал, татвар төлөлт, гадаад худалдаа, хөрөнгийн бүртгэл, ажил эрхлэх боломж зэрэг олон шалгуур үзүүлэлтийг багтаасан Бизнесийн орчны өрсөлдөх чадварын үзүүлэлтээр манай улс 2010 онд 139 орноос 99 дүгээр байрт орсон нь багагүй амжилт билээ. Энэ амжилт ололтоо бататгах, ахиулах нь бидний цаашдийн бодлого үйл ажиллагаанаас шууд шалтгаалах болно.  

Эдийн засаг өсч, төсвийн орлого, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагийн үр дүнд их бүтээн байгуулалтыг эхлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх,  хүүхэд залуусын сурч боловсрох орчинг сайжруулах, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх эдийн засгийн баттай үндэс суурь амжилттай тавигдаж байна.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд бүртгэл, санхүү,  эдийн засгийн тэргүүний ажилтнуудын бүтээлч санаачлага, шинэ сэтгэлгээ, зоримог үйл ажиллагаа, нөр их хөдөлмөр, бүтээлч оролцоо голлох үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсч байна. Бүртгэл, санхүү гэдэг ойлголт зөвхөн өнөөгийн байгаа хөрөнгө мөнгийг бүртгэж данслах, хамгаалахаар хязгаарлагдахаа байсан. Харин төрийн болон хувийн хөрөнгө мөнгийг зохистой зарцуулах, санхүүгийн олон төрлийн шинэ арга хэрэгслийг ашиглан зүй зохистой байршуулах, өсгөн арвижуулах, аливаа эрсдэлээс хамгаалж байх нь Та бүхний үйл ажиллагааны  үндсэн зорилт болох учиртай.

Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас тавьж байгаа нийтлэг шаардлага, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлын үзүүлэлтийг хангаж ажиллах, өөрийн улсын хөгжлийн түвшинд нийцсэн санхүүгийн  тогтвортой байдлыг мөрдөж ажиллах нь чухал гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Бид эдийн засаг, хөгжлийнхөө бодлогыг зөв зүйтэй  хэрэгжүүлснээр  бага орлоготой улс орны эгнээнээс дунд орлоготой орнуудын эгнээнд багтаж орох цаг хугацаа ойрхон боллоо. Бас тийм боломж, сорилт бидний өмнө тавигдаж байна. Үүнийг бид хамтдаа даван туулж чадна.  

Бүртгэл, санхүү эдийн засгийн тэргүүний ажилтнууд Та бүхэн тулгамдсан асуудлуудынхаа шийдлийг ярилцаж, үзэл бодол байр сууриа чөлөөтэй илэрхийлж, Улсын зөвлөлгөөнөө амжилттай өндөрлөнө гэдэгт итгэж байна. Улс Монголын маань эдийн засаг, санхүүгийн салбар өргөжин тэлж, өсөн нэмэгдэхийг ерөөж, зөвлөлгөөнд амжилт хүсье.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Бүгд найрамдах Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдыг хүлээн авч уулзав
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХБНГУ-ЫН “ГЕРМАНЫ ЛОЙД” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 21-ний лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Мал сүргийг эрүүлжүүлэх “Таван-Эрдэнэ” арга хэмжээ малчны хотонд хүрлээ
Монгол бөх Геннисийн амжилтын төлөө
Монгол Улсын бүх мал сүргийг, угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан