Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.10.19 /

НЭР БҮХИЙ ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Цөмийн энергийн газрын орлогч дарга Ц.Дамдинсүрэн, “МонАтом” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Р.Бадамдамдин нарт хариуцлага тооцохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Цөмийн энергийн газар 2006 онд байгуулагдсанаас хойш тодорхой ажил эхлүүлсэн боловч хэрэгжилт нь удаашралтай, Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь дээрх байгууллагуудын удирдлагатай холбоотой гэж үзэн ийм арга хэмжээ авахаар болсон байна.

Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нь БНСУ-д удаан хугацаагаар эмчлүүлж байгаа энэ үед орлогч дарга нь хуулийн дагуу бүрэн орлож ажиллах үүрэгтэй. Энэ дагуу Ц.Дамдинсүрэн нь Засгийн газрын хуралдаанд гурван ч удаа асуудал оруулж ирсэн ч хангалттай хариулт өгч чадахгүй, ажлаа мэдэхгүй байгаад  гишүүд шүүмжлэлтэй хандав. Мөн Цөмийн энергийн газар, “МонАтом” төрийн өмчит үйлдвэрийн газар хоорондын уялдаа холбоо муу, удирдлагууд нь асуудалд өөр өөр байр сууринаас ханддаг нь энэ салбарын ажил урагшаа явахгүй байгаагийн нэг шалтгаан гэж гишүүд үзлээ.

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ

Төв аймгийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлэх сүүний хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо хадгалах элеватор, зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, мал оторлох ажлыг зохион байгуулах, хоттой хил залгаа сумдын нутагт барилгын материал олборлох зөвшөөрлийг хянан үзэх, олон улсын нисэх онгоцны буудал шинээр барих газар орчимд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлж, ашиглуулах зөвшөөрөл олгохгүй байхыг үүрэг болгосон юм.

2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаас өгсөн дээрх үүргийг Төв аймаг хангалттай хэрэгжүүлж байна гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Үүний зэрэгцээ Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ой 2013 онд болохтой холбогдуулан аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлага, иргэдээс Засгийн газарт хандан хэд хэдэн хүсэлт тавьсан байна.

Энэ дагуу “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Зуунмод хотод барих орон сууцны тоог нэмэгдүүлж, нийслэлийн хүн амын нягтралыг зохицуулах, дэд бүтэц байгуулахад шаардагдах 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө, аймгийн төвд хатуу хучилттай зам шинээр барих, Цээл, Угтаалцайдам, Аргалант, Эрдэнэсант, Сүмбэр, Жаргалант, Баянцогт суманд сум дундын техник, үйлчилгээний төв байгуулахад зориулж 1.4 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэргийг судлан, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

  • “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа эх орны хишиг, хувийг иргэдэд хүргэж байгаа банкуудын үйлчилгээний хураамжтай холбоотой асуудалтай Засгийн газрын гишүүд танилцав. Засгийн газар 2012 оны төсвийн төслийг УИХ-д хэдийнэ өргөн барьсан учир хөрөнгийг төсөвт суулгах боломжгүй. Тиймээс   асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа Сангийн яам, Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт нэн даруй оруулж хэлэлцүүлэхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгалаа. Ингэхдээ иргэдэд хишиг, хувийг чирэгдэл, өртөг багатайгаар хүргэх талаар арилжааны банкны удирдлагуудтай ярилцаж шийдвэрлэхийг үүрэг болгосон байна.   
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо. Хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг дэмжиж, чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргах, төрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглох, олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тавихгүй байхыг хуулийн төсөлд тусгасан байна.
  • Аймгуудын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн бүтцээс гаргаж Засаг даргын Тамгын газрын даргын шууд удирдлагад ажиллуулахаар боллоо. Ингэснээр орон нутгийн түвшинд хийгдэх хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх нь буурч, хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, үнэлгээ илүү бодитой, чанартай болно гэж үзсэн байна.
  • Булган аймгийн Хангал суманд байх “Спорт бэлтгэлийн төв”-ийг үндэсний шигшээ багийн болон спортын өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалтыг хангах үүрэгтэй “Спортын бэлтгэл, сургалтын төв” улсын төсөвт үйлдвэрийн газар болгохоор тогтов. Мөн “Буянт-Ухаа биеийн тамир, спортын ордон”-г “Буянт-Ухаа спортын ордон” улсын төсөвт үйлдвэрийн газар болголоо.
  • Нью-Иорк хотноо энэ оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-ийг баталлаа.


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Өнөөдөр улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулсан өдөр
БАЙГАЛИЙН БАЯЛГАА ЗОХИСТОЙ АШИГЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ойрын үед байгуулахыг Ерөнхий сайд С.Батболд хүслээ
Төв аймгийг төвийн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ
МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ТҮРГЭВЧЛЭХИЙН ТУЛД ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА
Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилагыг эрчимжүүлнэ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан