Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийг хэрэгжүүлснээр ойролцоогоор 600 мянган иргэнд 1,5 сая төгрөг бүрэн олгогдож дуусна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.10.26 /

- Ерөнхий сайд С.Батболдын 2012 оны төсвийн төслийн талаар УИХ-ын нэгдсэн чуулгандээр хэлсэн үг -

УИХ-ын дарга,

Эрхэм гишүүд ээ,

Ирж байгаа 2012 он бол манай Засгийн газрын, энэ их хурлын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жил билээ. Тиймээс ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлж дуусгах, төсвийн бодлогын шинэтгэлийг эрчимжүүлэх, улс орны хөгжлийг хангах, их бүтээн байгуулалтын эх суурийг тавих, төсвийн гадаад, дотоод орчны тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн анхаарч, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсрууллаа.

2012 оны төсвийн бодлого нь хөгжлийн шинэ гараан дээр ирсэн Монгол Улсын эдийн засгийн бүтцийг шинэчлэн, урт хугацааны тогтвортой өндөр өсөлтийг хангах, ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, эрхэлж буй бизнест, эх орны  бүтээн байгуулалтад нь хөрөнгө оруулалт хийх замаар шинэ ажлын байр бий болгох, өрх гэрийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад оршиж байгаа юм. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн чадамж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жил ирэх тусам хурдацтай өсч, манай улсын өрсөлдөх чадвар нэмэгдлээ. Иймээс 2012 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 6.4 сая төгрөг буюу 5362 ам.долларт хүргэхээр төлөвлөж байна.  

Манай улс олон улсын байгууллага, хандивлагч орны хөнгөлөлттэй зээл, тусламжаар санхүүгийн хэрэгцээний дутагдсан хэсгийг нөхдөг байсан. Харин одоо дэлхийн санхүүгийн болон хөрөнгийн зах зээлээс шаардлагатай хөрөнгө босгох, арилжааны зээл ашиглах боломждоо тулгуурлан уг асуудлыг шийдвэрлэх бололцоо бүрдэж эхэллээ. Улс орны маань эдийн засгийн чадамж сайжирч буйг бид өөрсдөө ярьж буй бус гадаад ертөнц ч гэсэн хүлээн зөвшөөрч байна. Монгол улс бага орлоготой орноос бага дунд орлоготой орны зэрэглэлд багтаж, зээлжих зэрэглэл ахисан нь үүнийг гэрчилнэ.  

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

2012 онд эдийн засгийн бодит өсөлтийг 25.6 хувьтай байхаар төсөөлж байна. Ингэснээр Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр 18.0 их наяд төгрөгт хүрнэ. Эдийн засгийн бүтцийн хувьд дийлэнх буюу 45.6 хувийг үйлчилгээний салбар, 43.4 хувийг үйлдвэрлэлийн салбар эзэлнэ. Сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн таатай орчин бүрдэж байгаа боловч манай улсын гадаад худалдаа, төсвийн тэнцэлд гол нөлөө үзүүлдэг цөөн хэдэн төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний зах зээлийн үнэ тогтвортой бус байна. Энэ нь манай улсын төсвийн болон макро эдийн засгийг тогтворгүй байдалд хүргэх, улмаар эдийн засгийн хямралд хөтлөх эрсдэл байгааг Та бид анзаарахгүй өнгөрч болохгүй.   

2012 оны төсвийн төслийг боловсруулахдаа дараах 4 гол зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарлаа.  

I.      Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, уул уурхайн салбарт татварын болон бодлогын бусад зохицуулалтыг оновчтой хийх замаар байгалийн баялагаас олох орлогыг иргэн бүрт ижил тэгш, шударгаар хувиарлах, 

II.    Хүний хөгжилд чиглэсэн эдийн засгийн цогц бодлогыг хэрэгжүүлэх,

III.   Төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг өргөжүүлэх, бодит бүтээн байгуулалтын ажлыг дэмжих,

IV.  Хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн боломжит бүхий л эх үүсвэрийг хамгийн бага зардлаар бүрдүүлэхээр төлөвлөж байна.

Эдгээр зорилтыг биелүүлэхэд бодлогын тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх талаар товчхон илтгэе.   

Төсвийн орлогын талаар:

Төсвийн орлогын бодлого нь нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл  болон Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хангахад шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх, төсвийн тэнцвэрт харьцааг хангах, орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэхэд чиглэгдэнэ. Ирэх 2012 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.4  их наяд төгрөг буюу ДНБ-ний 36 хувь байхаар тооцлоо. Үүнээс 2 их наяд орчим төгрөг буюу 31,0 хувь нь уул уурхайн салбараас төсөвт орох орлогоос бүрдэнэ. Харин үлдэх 4.4 их наяд төгрөг буюу 69,0 хувь нь эдийн засгийн бусад салбараас төсөвт төвлөрөхөөр байна.  

Хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын тэгш шударга зарчмыг мөрдүүлэх, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, уул уурхайн татварыг оновчтой тогтоох зорилгоор Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт

-  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

-  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

-  Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

-  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэмж бэлтгэн боловсрууллаа.    

Эдгээр хуулийн төслүүд батлагдан гарснаар Хөгжлийн банкны бондын хүүг татвараас чөлөөлж, аж ахуйн нэгж, иргэдийн бондын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, Монгол Улсад байрладаг болон байрладаггүй албан татвар төлөгчийн аль алиных нь орлогод татвар ногдуулдаг болгох, татварын тэгш шударга зарчмыг мөрдүүлэх, цилиндрийн багтаамж өндөртэй автомашинаас төсөвт орох орлогыг нэмэгдүүлж иргэдийн зохистой хэрэглээг бий болгох, агаарын бохирдол болон замын хөдөлгөөний ачааллыг багасгах зэрэг эдийн засгийн хөгжлийг хурдасгах зэрэг ач холбогдолтой юм.

Манай улс 2007 онд дөрвөн аравын системийг нэвтрүүлж Азид төдийгүй дэлхийн хамгийн бага өрсөлдөх татвартай орнуудын нэг болсон. Гэвч жижиг дунд аж ахуйн нэгжид татвар ногдуулах, төсөвт төвлөрүүлэх ажиллагааг илүү энгийн ойлгомжтой болгох замаар татварын системийг хялбаршуулж тогтмол тодорхой орлого хураадаг байх, түүнийгээ тодорхой хувиар индексжүүлэн нэмэгдүүлдэг болох бодлогын арга хэмжээг судлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улс өнөөг хүртэл нийт 35 улстай давхар татварын гэрээ байгуулсан. Үүний 72 хувь 1991-1997 оны хооронд буюу улс орны эдийн засгийн хөгжил дорой, татвар, эдийн засгийн харилцаа, чадавхи сул байх үед хийгдсэн. Гэтэл улс орны эдийн засгийн харилцаа өргөжин тэлж, уул уурхайн салбарт хийгдэх гадны хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хирээр урд байгуулсан давхар татварын гэрээнүүдийн сул тал, зарим заалтыг гадны хөрөнгө оруулалттай компаниуд ашиглаж, татвараас зугтах явдал нэмэгдэх боллоо. Иймээс байгуулсан бүх давхар татварын гэрээг эргэн харах, өөрчлөх, улс орны эрх ашигт хохиролтой гэж үзвэл зарим гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар ажиллаж байна. Тухайлбал, Нидерланд, Люксембург улсуудтай байгуулсан гэрээнд олон улсын давхар татварын загварт байдаггүй заалт орсны улмаас уул уурхайн гадны хөрөнгө оруулалттай компаниуд эдгээр улсад толгой компаниа байгуулах замаар Монгол Улсаас шилжүүлсэн ногдол ашгийн орлогоос огт татвар төлөхгүй байгааг ойрын хугацаанд засч залруулах учиртай.

Эдийн засгийн олон талт харилцаа бий болохын хэрээр гадаад улсад байрлан, Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлж, орлого олох нь нэмэгдэж байна. Гэтэл манай татварын хууль тогтоомжоор энэ төрлийн үйл ажиллагаанд хэрхэн татвар ногдуулах хууль зүйн зохицуулалт нь төдийлөн тодорхой бус байна. Иймд, орлого бий болсон эх үүсвэрт татварыг ногдуулах зохицуулалтыг хуульд шинээр тусгахаар төсөл боловсруулж, өргөн барьж байна. Ингэснээр, орлогын эх үүсвэрт татвар ногдуулдаг олон улсын жишигийг эх орондоо нэвтрүүлнэ. Үр дүнд нь татварын орлого нэмэгдэхээс гадна татварын маргаантай асуудал гарах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Төсвийн урсгал зарлагын талаар:

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн нийт зарлагын гуравны хоёр буюу 4.6 их наяд төгрөгийг төсвийн урсгал зардалд зарцуулна. УИХ-аас баталсан 2012-2014 оны Төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийг суурь болгон, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хангахад  төсвийг чиглүүлэх бөгөөд зарцуулах хөрөнгө нь 2011 оны төсвийн төлөвлөгөөтэй харьцуулахад  1.5 их наяд  төгрөгөөр нэмэгдэж байна.

2012 онд төсвөөр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг тоймлон дурдвал:

· Нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулж, нийгмийн эмзэг хэсгийг ядууралд өртөхөөс сэргийлэх механизмыг олон улсын туршлагад нийцүүлэн нэвтрүүлнэ. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих эхний алхам болгож Нийгмийн суурь тэтгэврийн тогтолцоог бий болгохын зэрэгцээ Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан тогтолцооны гажгийг засах алхмуудыг хэрэгжүүлж эхэлнэ.  Ядуу иргэдэд чиглэсэн нийгмийн халамжийн тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлнэ.

·  Цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг хувийг олгоно.

·  Монгол улсын үнэт баялаг болсон иргэд, хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарч, үйлчилгээг шинэ түвшинд хүргэнэ. Боловсролын тогтолцоог өндөр хөгжилтэй орны жишигт хүргэх стандартыг боловсруулан дуусгаж, Кембрижийн ерөнхий боловсролын тогтолцоог хэрэгжүүлж эхэлнэ. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу Их, дээд сургуулийн оюутанд тэтгэлэг олгож эхэлнэ.

· Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ “Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

· Бүртгэлийн болон сонгуулийн төгөлдөршлийг бүрэн хэрэгжүүлэх суурь болох иргэний цахим үнэмлэхийг нэвтрүүлж дуусна.

· Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд анхаарч төсөв, орон тоог нэмэгдүүлнэ.

· Орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, орон нутаг өөрөө бие даан хуваарилах хөрөнгийн хэмжээг өсгөнө.

· Төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлнэ. Энэ ажлын хүрээнд хүнд суртал, чирэгдэл дарааллыг бууруулах зорилгоор иргэдэд хүрч ажилладаг төрийн үйлчилгээний байгууллагуудад иргэдэд үйлчлэх ажлын байрыг зохистой хэмжээнд нэмэгдүүлнэ.

· Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгийг эрс нэмэгдүүлнэ.

· Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлж санхүүжүүлнэ.

· Хөдөө аж ахуйн салбарт олсон амжилтыг бататгаж, цаашид тоо хэмжээнээс чанар ба экспортод чиглэсэн үйлдвэрлэлд шилжих стратегийг хэрэгжүүлнэ. Мал аж ахуйг эдийн засгийн идэвхитэй эргэлтэд оруулах арга хэмжээг бодлого болгоно.

· Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж, эдийн засгийн бодит салбарын өсөлтийг хангахад илүү үр дүнтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх,  хөдөлмөр эрхлэлтийн сангийн зарцуулалтыг сум, орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглүүлж ажлын байр бий болгоно.

Монгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагаас 2012 онд 566.2 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашиглахаар төлөвлөж байна. Үүнээс 494.0 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд зарцуулах юм.

Төсвийн хөрөнгө оруулалтын тухай:

Нэгдсэн төсвийн нийт хөрөнгийн зардал 2012 онд 2,4 их наяд төгрөгт хүрч нэмэгдэх бөгөөд үүнээс улсын төсвөөс нийт 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэ оны батлагдсан дүнтэй харьцуулахад 2.4 дахин өсч, 2000-2007 онд хийгдэж байсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээнээс даруй 2 дахин өсч байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт юм. Ирэх 2012 онд нийт төсвийн хөрөнгө оруулалтын 87.1 хувийг барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл хийхэд, 3.7 хувийг их засварын ажилд, 9.2 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад тус тус зарцуулахаар тооцлоо.

Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын нэг онцлог гэвэл орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, ялангуяа хүн амын бараг тал хувь нь оршин суугаа нийслэл Улаанбаатар хотын дэд бүтэц, агаарын бохирдол, хот төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэх томоохон арга хэмжээнд чиглэгдэж байгаа явдал юм.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нийт 71.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа.

Хүний хөгжил сангийн тухай:

Засгийн газрийн мөрийн хөтөлбөрт стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ зорилтыг 2012 онд бүрэн хэрэгжүүлнэ. Иргэдэд хүртээх 1.5 сая төгрөгийн хувь, хишгээс 500 мянган төгрөгийг бэлнээр олгохоор шийдвэрлэсэн билээ. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвөөс 358.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд ингэснээр энэ зорилт бүрэн хэрэгжинэ.

Үлдэгдэл нэг сая төгрөгийн хувь, хишгийг нийгмийн бүлгүүдэд дараах байдлаар хүртээхээр Хүний хөгжил сангийн 2012 оны төсөвт тусгалаа. Үүнд:

     - Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 334,2 мянган иргэнд нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр нийт 334,2 тэрбум төгрөг;

     - Нийт 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр нийт 83,6 тэрбум төгрөг;

     - Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум төгрөг;

     - Орон сууц худалдаж авсны урьдчилгаа төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор тус тус төсөвлөлөө. 

Ийнхүү Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийг хэрэгжүүлснээр ойролцоогоор 600 мянган иргэнд 1.5 сая төгрөг бүрэн олгогдож дуусна.

Үлдэж буй 2.2 сая иргэнд нэг сая төгрөгийг хүртээхдээ Таван Толгой уул уурхайн төслийн тодорхой хувь дээр Засгийн газрын хөрвөх бонд гарган, хөрөнгө оруулагч нарт арилжиж, Хүний хөгжил сангийн төсөвт эх үүсвэр хуримтлуулна. Хуримтлуулсан эх үүсвэр дээр суурилан бэлэн мөнгө болгон хувиргаж болох сонголт бүхий хувьцааг иргэдэд олгоно. Энэ хувьцаа нь мөнгөн хөрөнгөөр  баталгаажсан байх тул иргэд Засгийн газарт эргүүлэн арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой байх юм.

Монгол Улсын 2012 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4  их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 740.9 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий 4.1 хувь болохоор байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Та бүхнийг Монгол Улсын 2012оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012оны төсвийн тухайхуулийн төслүүдийг хэлэлцэн баталж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа

2011 оны 10дугаар сарын 26

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол дуу хуур олон улсын дипломатчдыг гайхашрууллаа
НҮБ-ЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН КОНЦЕРТЫГ МОНГОЛ УЛС ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НҮБ–ын Ерөнхий Ассамблейн чуулганы танхим Монголоор амьсгаллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ойрын үед байгуулахыг Ерөнхий сайд С.Батболд хүслээ
БАЙГАЛИЙН БАЯЛГАА ЗОХИСТОЙ АШИГЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан