~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар иргэн бүрт “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцаа олгох, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн мастер төлөвлөгөө болон Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын ерөнхий төлөвлөгөө зэргийг хэлэлцэн баталлаа ~
Монгол Улсын Засгийн газар иргэддээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа олгосон бол өнөөдрийн хуралдаанаараа “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцааг иргэн бүртээ нэмж олгох түүхэн шийдвэр гаргалаа. “Эрдэнэс МГЛ” компани нь одоогоор “Эрдэнэс Тавантолгой”, ”Оюутолгой” гэсэн хоёр охин компанитай, стратегийн ач холбогдолтой Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Дээрх шийдвэрийн дагуу иргэд стратегийн ач холбогдол бүхий орд газруудаас насан туршдаа ногдол ашиг хүртэх боломж баталгаажиж байна.
Өөрөөр хэлбэл давуу эрхийн хувьцааны онцлог нь Монгол Улсын иргэд Засгийн газар, хувь нийлүүлэгчдээс ч түрүүлж ногдол ашгаа хүртэх боломжтой гэсэн үг юм. Энэ бол баялгийн тэгш хуваарилалтыг иргэн бүртээ шударгаар хүртээх Засгийн газрын бодлого биелэлээ олж байгаагийн бодит баталгаа гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. “Эрдэнэс МГЛ” компани нь 100 сая ширхэг энгийн, гурван сая ширхэг давуу эрхийн хувьцаа эзэмшдэг. Тэгэхээр хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй иргэн бүр давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй болж байна.
Харин давуу эрхийн хувьцааг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлах нь хуулиар хориотой. Мөн тухайн хүн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд давуу эрхийн хувьцаа эзэмших эрх нь дуусгавар болох юм. Засгийн газрын хуралдааны дараа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ талаар сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ “Ашигт малтмалын салбараас орж байгаа орлогыг иргэддээ тэгш, шударгаар хуваарилахын тулд сар бүр 21 мянган төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас өгч байгаагаас гадна оюутны сургалт, эрүүл мэнд, даатгалын шимтгэл, орон сууцны төлбөр зэрэг иргэдийнхээ хүссэн хэлбэрээр хишиг, хувь хүртээж байгаа. Дээрээс нь иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Эрдэнэс МГЛ” толгой компанийн давуу эрхийн хувьцааг нэмж иргэн бүртээ олгох түүхэн шийдвэр гаргалаа. Энэ нь Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо, Төмөртэйн орд зэрэг стратегийн ач холбогдолтой 15 ордоос Монгол Улсын иргэн бүртээ хувьцаа эзэмших эрхийг “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийн дагуу олгосон шийдвэр юм” гэж онцоллоо хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
“ОЮУТОЛГОЙ” КОМПАНИ ЭНЭ 8 ДУГААР САРД АНХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ГАРГАНА
Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ, “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулж, хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш бүтээн байгуулалтын ажилд 4 тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байна. Монголын 9 мянга, гадаадын 300 гаруй мэргэжилтэн, ажилчид хамтран зүтгэсний дүнд энэ 8 дугаар сарын дундуур анхны хүдрээ боловсруулах боломж бүрджээ. Төслийн бүтээн байгуулалтын эхний үе шат дуусах дөхөж байгаа энэ үед хэрэгжилтийн эрчийг бууруулахгүй байхад Засгийн газар онцгой анхаарч байна. Иймээс төслийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын танилцуулгыг сонслоо.
Танилцуулгаас үзвэл төслийн хэмжээнд 83 барилга, дэд бүтцийн байгууламжийг улсын комисст хүлээлгэж өгөхөөс 30-ыг нь бүрэн хүлээн авч, 46-д техникийн комисс ажиллан, 5-д нь комисс ажиллах бэлтгэлээ хангажээ. Төлөвлөсний дагуу 8 дугаар сарын 15-ны дотор шаардлагатай зарим нэг барилга, байгууламжийн газрын зөвшөөрлийг хууль тогтоомжид нийцүүлэн нэн яаралтай шийдвэрлэхийг аймаг, орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо.
Мөн үйлдвэрлэлд чухал шаардлагатай химийн хортой бодисыг импортлох, ашиглах, баяжмал тээвэрлэх авто зам, тусгай зөвшөөрөл зэрэгт ажил хариуцаж байгаа яам, агентлаг, удирдах албан тушаалтнууд онцгой анхаарах шаардлагатайг Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Салбарын яамны Ажлын хэсгийнхэн БНХАУ-аас эрчим хүч импортлох чиглэлээр идэвхтэй ажилласны дүнд асуудлаа үндсэнд нь шийдвэрлэсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
“САЙНШАНД” АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРЫН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн мастер төлөвлөгөөг нь баталлаа. Мастер төлөвлөгөө болон цогцолборын бүтээн байгуулалтыг удирдан хэрэгжүүлэх, төслийн өдөр тутмын ажлыг хариуцах үүрэг бүхий төрийн өмчит “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор компани байгуулахаар болсон байна. Цогцолборын ерөнхий төлөвлөгөө, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, дэд бүтэц барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улс, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх юм.
Цогцолборын ажил, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, цогцолборыг байгуулахын тулд эдийн засаг, татварын бодлогоор дэмжих тухай тусгасан шийдвэрийн төслийг гуравдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Цогцолборыг дагалдан хөгжүүлэх жижиг, дунд үйлдвэрлэлийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, шаардагдах хөрөнгийн эх үүвэрийг ч мөн улс, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх юм.
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөөг 12 хэсэгт хуваан боловсруулсан байна. Төлөвлөгөөний дагуу кокс, зэс хайлах, үрлэн төмөр, цементийн үйлдвэр байгуулах бөгөөд жилдээ 12 сая тонн түүхий эд, материал, 7 сая гаруй тонн боловсруулсан бүтээгдэхүүний тээвэрлэлт хийх учир ачаа, тээврийн иж бүрэн байгууламж ч барих юм. Цогцолборын бүтээн байгуулалтын шатанд 10 мянга гаруй ажлын байр бий болох бол ашиглалтын шатанд 2400 гаруй тогтмол ажлын байр, түүнийг дагалдан 21 мянган хүнтэй суурьшлын шинэ бүс үүснэ. Энд 7300 айлын орон сууц, 7 лаборатори, 1 эмнэлэг, 5 цэцэрлэг барих юм байна. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад ойролцоогоор 9,3 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ХӨШИГИЙН ХӨНДИЙД 100 МЯНГАН ХҮН АМТАЙ ХОТ БАЙГУУЛНА
Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Онгоцны шинэ буудал байгуулах ажил одоо үргэлжилж байгаа бөгөөд 2015 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Ингэснээр 6 онгоц зэрэг хүлээн авч, жилд 1 сая 650 мянга гаруй хүнд үйлчлэх боломж бүрдэнэ. Нисэх буудалд ажиллах ажиллагсдын тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор буудлыг түшиглэн 100 мянган хүн амтай хот шинээр байгуулахаар болжээ.
Шинэ хот нь аялал жуулчлал, хүнс, хөнгөн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологид тулгуурласан хөгжлийн үндсэн чиглэлтэй, газар тариалан, мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтцээр найдвартай хангагдсан, амьдрах таатай орчинтой дагуул хот байх нь. Түүнэчлэн хот руу чиглэсэн их нүүдлийг сааруулахаас гадна Төвийн бүсийн болон төвийн бүсийн тулгуур төв-Зуунмод хотын хөгжилд ч чухал түлхэц болох юм.
БӨХЧҮҮД 5 МИНУТАД БАГТАЖ АМ АВНА
“Өмнөх давааны барилдаан дуусч дараагийн даваанд ам авах бөхийг зарласнаас хойш 5 минутад багтаан ам авахгүй бол эрэмбээр дараагийн бөх ам авна” гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны 3, 5, 7-гийн давааны өмнө бөхчүүд ам авахгүй уддагаас наадамчин олон бухимдаж, барилдаан сунжирдаг зэргийг хязгаарлах үүднээс ийм шийд гаргасан байна. Мөн олны дунд байнга яригддаг цолны найрааг таслан зогсооход чухал хувь нэмэртэй гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо үзжээ.
Түүнчлэн баяр наадмын барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулахаар болсон байна. Мөн орон нутгаас ирүүлсэн саналыг хэлэлцээд Баян-Өлгий, Дундговь, Сүхбаатар аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулахыг дэмжлээ. Сүхбаатар аймаг Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг аймгийнхаа 70 жилийн ойтой хамт, Баян-Өлгий, Дундговь аймгийнхан Баруун болон төвийн бүсийн зуны уралдааныг баяр наадамтайгаа хамтатган тэмдэглэх юм.
ТОВЧ МЭДЭЭ
- Манай улс 15 сая төл хүлээн авснаар малын тоо толгой 50 саяд хүрч түүхэндээ байгаагүй амжилт гаргалаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай энэ тухай Засгийн газрын хуралдаанд товч мэдээлж, 50 сая толгой малтай болсныг илтгэсэн дурсгалын зүйлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод гардууллаа. Төр, засгаас мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, малчдын нөр их хөдөлмөрийн дүнд монголчууд бид хамтдаа ийм өндөр амжилт үзүүллээ, тэнгэр хангай ч ивээлээ хайрлалаа гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэсэн байна.