“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдийн түрүүч хувьцааны төлбөр болох 1 сая төгрөгөө бэлнээр авч эхэллээ. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол дахь хуучин гэмтлийн хажууд байрлах ХААН банкны салбарт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд очиж хувьцаагаа худалдаж бэлэн мөнгөө авах гэсэн болон эх орны хишиг, хувь болох 23 мянга, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 330 мянган төгрөг, мөн тэтгэвэр, тэтгэмжээ авч байгаа иргэдтэй уулзлаа.
Нэг зэрэг хишиг, хувь, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг өгч байгаа учир банкуудад дараалал ихтэй ч ХААН банкны энэ салбарт хөл хөдөлгөөн харьцангуй бага байлаа. Улсын хэмжээнд 1 сая 532 мянга 853 хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нэр бүхий иргэдэд өнөөдөр хувьцааны төлбөр болох нэг сая төгрөгийг бэлнээр олголоо. Энэ нь орлого багатай өрхийн хүнсний талон авч байгаа иргэдийн хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч эхэллээ гэсэн үг юм.
6 дугаар сарын 25-ны байдлаар аж ахуйн нэгж, байгууллагуудаас хувьцаа худалдаж авахаар 4,1 тэрбум төгрөгийг тусгай дансанд төвлөрүүлсэн мэдээ гарсан. Орлого төвлөрөх бүрт Засгийн газар иргэдийн хувьцааг худалдаж авах арга хэмжээг цаашид тасралтгүй авахыг зорьж байна. Төр, засгаас хүртээсэн хувьцаагаа 1 сая төгрөгөөр худалдан бэлэн мөнгөтэй болох боломж олгосон нь өөрсдийнх нь амьдралд маш том хөрөнгө оруулалт болж байгаа гэдгийг олон хүн Ерөнхий сайдад хэлж, баярласнаа илэрхийлж байлаа.
Энэ үеэр Засгийн газрын тэргүүн иргэдэд хандаж хэлэхдээ байгалийн баялгынхаа эзэн нь байж, тэгш хуваарилалтын дагуу шударгаар хишиг хүртэж байгаад нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүслээ. Мөн дараа дараагийн санхүүжилт орох бүрт хүсэлт гаргасан иргэдийнхээ хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч байх болно гэлээ. “Сонгууль болдогоороо болно. Харин Засгийн газрын ажил явдагаараа явж байгаа” гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд “Хүний хөгжил сан”-гаас 1 сая төгрөгийн хоёрдугаар ээлжийн мөнгийг өнөөдрөөс улс орон даяар өгч байна. Санхүүжилт бүрэн хийгдсэн учир ямар ч асуудал үүсэхгүй” гэлээ.
Түүнчлэн “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас иргэн бүртээ “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцаа олгох шийдвэр гаргалаа. Энэ бол иргэн бүр Засгийн газар, хөрөнгө оруулагч нараас түрүүлж, хамгийн эхэлж насан туршдаа ногдол ашиг авч байх боломж бүрдлээ гэсэн үг. Байгалийн баялгийн эзнийх нь хувьд Засгийн газар иргэдээ алагчлалгүй, тэгш, шударгаар хишиг хүртээж байгаагийн бас нэг хэлбэр нь энэ юм” гэж хэллээ. Засгийн газар 2010-2012 онд иргэддээ сар бүр 21 мянган төгрөг өгч байгаагаас гадна сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр зэрэг хэлбэрээр хишиг, хувийг хүртээж байгаа. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй мянган иргэнд 1 сая төгрөгийн хишиг, хувийг бэлэн мөнгө хэлбэрээр энэ сард багтаан улсын хэмжээнд олгож дуусгаар ажиллаж байна хэмжээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.