Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн дэд сайд А.И.Денисов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой энэ жил болж байгаа бөгөөд уг ойн хүрээнд тэрбээр манай улсад айлчилж байгаа юм байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Монгол улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, Монгол улсад дипломат алба үүсч хөгжсөний 100 жил, Улаанбаатар хотод ОХУ-ын консулын алба үүссэний 150 жилийн ой зэрэг түүхэн үйл явдлууд давхцсан энэ өдрүүдэд эрхэм зочдыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, энэ бол монгол улсын хувьд ач холбогдолтой арга хэмжээ хэмээн тэмдэглэлээ.
Монголчууд бид өнө эртнээс хойд хөршийн ард түмэнтэйгээ найрсаг харилцаатай явж ирсэн эдүгээ ч энэхүү түүхэн болоод стратегийн харилцаандааөндөр ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Түүнчлэн одоо Санктпетрбург хотноо болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны хуралд анхаарлаа хандуулж байна, тус байгууллагын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй байр сууринаас оролцох эрмэлзэл сонирхолтой байдгаа илэрхийллээ. Мөн ОХУ-аас нийлүүлж буй нефть бүтээгдэхүүний тогтвортой ханган нийлүүлэлтэд анхаарч ажиллаж байгаад Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр оросын талд талархлаа илэрхийлэв.
Харин ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн дэд сайд А.И.Денисов төсөв хэлэлцэж байгаа энэ их ажлын хажуугаар цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ынЕрөнхий сайд В.Путинаас баярын захидал илгээснийг уламжиллаа. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Санктпетрбург хотноо болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны хурлыг удирдаж байгаа гэдгийг ч дуулгалаа. Мөн Монгол улсын Ерөнхий сайдын дурьдсан эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, ОХУ Монгол улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгээ тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.