Атрын III аяны хүрээнд Монгол Улс гурил, төмснийхөө хэрэгцээг дотоодын ургацаас бүрэн хангах боломжтой болсон нь маш чухал үзүүлэлт гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн /НҮБ-ын ХХААБ/ байгууллагын дэд захирал бөгөөд Ази, Номхон далайн бүсийн захирал Хироюки Конума хэлэв. Тэрээр 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцахдаа ингэж үнэлсэн байна.
НҮБ-ын ХХААБ нь манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр, тухайлбал 2009 оны зудын үеэр 1,3 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, шүлхий болон хил дамнасан халдварт өвчинтэй тэмцэх, Эмзэг бүлгийн хүнсний ногооны хангамжийг сайжруулах, махны үйлдвэрт эгзэгтэй цэгийн чанарын хяналтын тогтолцоо нэвтрүүлэх зэрэг олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа бөгөөд энэ чиглэлээр зохион байгуулсан “Хүнсний аюулгүй байдлын форум”-д ноён Х.Конума илгээлт ирүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж байгаа учир Монгол Улсад тус байгууллагын бие даасан төлөөлөгчийн газар байгуулахыг Ерөнхий сайд С.Батболд санал болголоо. Атрын III аяныг амжилттай хэрэгжүүлсний дүнд монголчууд гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж, улмаар гадаадад экспортлох боломж бүрдсэн. Цаашид бүс нутагтаа улаан буудай, малын гаралтай бүтээгдэхүүний нөөц, бааз орон болох хүсэлтэй байна. Ингэснээр Монгол Улс хүнсний тусламж авдаг орноос экспортлогч орон болж, Ази, Номхон далайн бүс дэх НҮБ-ын ХХААБ-ын загвар орон болох чиглэлээр хамтран ажиллая гэв.
“Хүнсний баталгаат байдлын хөтөлбөр”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр болон “Даян дэлхийн хүнсний баталгаат байдлын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд тус байгууллагын техник туслалцааг цаашид үргэлжлүүлэн авах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн 2014 онд НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтэй байгааг дэд захирал Х.Конума дэмжив. Монгол Улс газар тариалангийн салбараа сэргээж улмаар 100 мянган тонн улаан буудай экспортолж, бүс нутгийн хэрэгцээнд өөрийн хувь нэмрээ оруулах чадавхитай болсонд тэрээр баяр хүргэлээ.
Цаашид ашиглах боломжтой 700 гаруй мянган га талбайд төрөл бүрийн ургамал тариалж, дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна гадаадын улс орнуудад нийлүүлэх боломж байгааг тэмдэглээд энэ чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэв. “Даян дэлхийн хүнсний баталгаат байдлын хөтөлбөр”-ийн 12,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжих “Мал аж ахуйд суурилсан цогц амьжиргааг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын ХХААБ 1,5 сая ам.долларын техникийн туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна. Үүний хэрэгжилтийг түргэвчлэх шаардлагатай байгааг Х.Конума хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.