Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ИРЭХ 7 ХОНОГООС 1 САЯ ТӨГРӨГИЙГ ӨГЧ ЭХЭЛНЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.16 /

~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

Бэлэн мөнгө авах хүсэлт гаргасанахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг нь ирэх 7 хоногоос Улаанбаатар хотоос эхэлж олгоно гэж Сангийн сайд Д.Хаянхярваа хэллээ. Ингэхдээ 4, 5 дугаар сарын мөнгийг хамтад нь өгөх юм байна. Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбоотой тогтоолын хэрэгжилттэй Засгийн газрын хуралдаанаар танилцан ийм шийдвэрт хүрчээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлэн мөнгө эсвэл хувьцааны алиныг нь сонгох хүсэлтэй байгаа талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам тодотгосон байна.

Танилцуулгаас харвал 2012 оны 05 дугаар сарын 15-ны байдлаар 1 сая төгрөгийн хишиг, хувиа бэлэн мөнгө хэлбэрээр авна гэдгээ 272 582 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн илэрхийлж өргөдлөө гаргажээ. НХХЯ 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн иргэдийн өргөдөл, хүсэлтийг мөн хүлээн авч эхэлсэн. 05 дугаар сарын 15-ны байдлаар 738 917 мянган хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтэй байна. Эдгээрийн 717 748 нь буюу нийт өргөдөл гаргасан иргэдийн 97 хувь нь хувьцаагаа зарж бэлэн мөнгө авах, 21 мянга нь орон сууц худалдан авсны төлбөр, 394 хүн боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр хэлбэрээр авах хүсэлт гаргажээ.

Засгийн газрын хуралдаанаар мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийн талаар яригдлаа. Энэ асуудлыг ирэх 7 хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдан эцэслэн шийдвэрлэх төлөвтэй байна. Нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосны дараа 6 дугаар сарын 1-нээс үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдаж эхлэх юм. Иргэдийг 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах зорилгоор Төрийн банкинд 50 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр мөн 50 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкинд ирэх 7 хоногт шилжүүлэхээр болжээ. Босоо тэнхлэгийн замын ажил, төмөр замын бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг бүрэн шийдвэрлэсэн гэж Сангийн сайд Д.Хаянхярваа хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

“УБТЗ” НИЙГЭМЛЭГИЙН ДҮРМИЙН САНГ 125 САЯ АМ.ДОЛЛАРААР НЭМНЭ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг 125 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ дагуу энэ оны төсвийн тухай хуульд заасан 150 тэрбум төгрөгийг ам.долларт шилжүүлэн 07 дугаар сарын 02-ны дотор “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх дансанд төвлөрүүлэх юм. Үлдэгдэл 20 тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах бөгөөд нэмэлт эх үүсвэр батлагдан, шилжүүлэх хүртэл хугацаанд арилжааны банкнаас зээл авч дүрмийн санг бүрдүүлнэ..

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу талууд тус бүр 125 сая ам.доллар гарган нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх болсон юм. Ингэснээр “УБТЗ” нийгэмлэг техникийн шинэчлэл хийх, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, ачаа илгээгч, хүлээн авагчийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хөдлөх бүрэлдэхүүн авах зэрэг боломж бүрдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

“ДОРНОД ГАЗРЫН ТОС” КОМПАНИ БАЙГУУЛНА

Дорнод аймгийн Чойбалсан хотод төрийн өмчийн оролцоо 34 хувиас багагүй байхаар тооцон газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” компани байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Харин бусад хувийг эзэмших аж ахуйн нэгжийг Концессын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, компанийн дүрмийг боловсруулан батлуулахыг Төрийн өмчийн хороонд даалгав. Үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийн төрийн эзэмшлийн хувийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох хувь хөрөнгө, Хөгжлийн банкны нэмэлт санхүүжилтээс гаргах боллоо. “Дорнод газрын тос” компани ашиглалтад орсноор газрын тос боловсруулан бүс нутгийн болон улсын хэрэгцээний тодорхой хувийг хангах боломж бүрдэх юм.

 ЕРӨНХИЙ САЙДЫН ТОМИЛОЛТЫН МӨРӨӨР ХИЙХ АЖИЛ 94 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн хугацаанд бүх аймагт ажиллан орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж төр, засгийн бодлого, шийдвэр, зорилтын талаар мэдээлэн, тэдний санал, хүсэлтийг сонсож, заримыг нь газар дээр нь шийдвэрлэж байсан билээ. Ерөнхий сайдын томилолтын мөрөөр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Сайдын танилцуулгаас үзвэл 120 заалт бүхий төлөвлөгөөний 113 заалт нь бүрэн хэрэгжсэн байна.

Тухайлбал Баян-Өлгий аймгийн Даян, Улаан-Уулын хилийн боомтоос Цагааннуур, Улаанбайшинтын боомт хүртэл хатуу хучилттай зам тавих орон нутгийн удирдлага болон иргэдийн хүсэлтийн дагуу 1.5 тэрбум төгрөгөөр босоо тэнхлэгийн замын ажлыг эхлүүлжээ. Мөн Улиастай-Доной чиглэлийн 35 км, Хатгал-Мөрөн, Мөрөн-Тэрхийн цагаан нуур чиглэлийн замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулах бөгөөд Арвайхээр хотын дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөхөд шаардагдах 3 тэрбум төгрөгийн ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон байна.

Түүнчлэн Ховд аймгийн Булган суманд махны үйлдвэр барих хүсэлтийг салбарын яам судлан дэд бүтэц, бусад нөхцлийг тооцон Ховд аймгийн төвд байгуулах болсон, аймгийн төвийн замын шинэчлэл, засварт шаардагдах 4 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн, нэр бүхий аймгуудад Засаг даргын Тамгын газрын барилга, цэнгэлдэх хүрээлэн, сургууль, эмнэлэг, спортын цогцолбор барих болсон, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр томоохон олон ажил хийснийг дурдаж болох юм. 

Төлөвлөгөөнд тусгагдсан нийт заалтаас 4 нь хэрэгжээгүй буюу судлах, 3 нь хэрэгжих шатандаа байна. Тухайлбал Дархан-Уул аймагт олон улсын санхүүжилтээр 150 ортой бүсийн хэмжээний Эх, хүүхдийн төв байгуулах ажил хэрэгжих шатандаа байна. Танилцуулгатай холбогдуулан цаашид хэрэгжээгүй болон хэрэгжих шатандаа байгаа асуудлуудад анхаарч, шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгах, бусад эх үүсвэрт хамруулахыг Засгийн газрын гишүүдэд хуралдаанаас даалгалаа.

ТОВЧ МЭДЭЭ

  • УИХ-ын гишүүн Д.Батбаяр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан дотооддоо үйлдвэрлэсэн 250 мл багтаамжтай, 20 хүртэлх хатуулгатай архийг онцгой албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ. Хэрвээ татвараас чөлөөлбөл үнэ нь хямдарч, архины хүртээмж, хэрэглээ өсч болзошгүй учир зарчмын хувьд дэмжих боломжгүй гэж Засгийн газрын хуралдаанаас үзсэн байна.
  • УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулсан Цагдаагийн  байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг уламжлахаар болов. 
  • УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Очирбат, Д.Зоригт нарын санаачлан боловсруулсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжлээ.  Нэр бүхий гишүүд Чингэлтэй хайрхан уул орчмын нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахыг төсөлдөө тусгасан байна.
  • Европын Сэргээн босголт, хөгжлийн банкин дахь Монгол Улсын хувьцааг тус бүр нь 10 мянган еврогийн нэрлэсэн үнэ бүхий 89 ширхэг хувьцаагаар нэмэхээр боллоо. Манай улс тус банкны 210 ширхэг хувьцааг эзэмшдэг юм байна.
  •  “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын дүнг УИХ-д танилцуулахаар боллоо.
  • Монгол, Румын Улсын хоёр талын харилцааг зохицуулж байгаа гэрээний үйлчлэлийн тухай Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцээд зүйтэй хэмээн үзэж, протоколд гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар болов.
  • “Ажиллах хүч солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилттэй танилцаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо. Одоогоор БНАСАУ-ын 1627 иргэн манай улсын барилга, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэр, хоол хүнсний салбарт хуулийн дагуу ажиллаж байна.
  • Төрийн өмчийн хороо, БНСУ-ын “Саммок шиппинг” далайн тээврийн компанитай хамтран БНСУ-д бүртгэлтэй далайн тээврийн хамтарсан компани байгуулах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
  • Дотоод хэргийн их сургуулийн эзэмшилд байгаа, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 90 айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь хувьчлахаар боллоо.
  • Энэ оны I улиралд төрийн захиргааны төв байгууллагад иргэдээс 7237 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээрийн шийдвэрлэлт 87 хувьтай байгаа гэсэн дүн гарчээ. Тэгвэл нутгийн захиргааны байгууллагууд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын 90 хувийг шийдвэрлэсэн байна. Иргэд ихэвчлэн гэр, орон сууц, ажлын байртай болох, газар эзэмших, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал хүсч төрийн захиргааны төв байгууллагад хандсан бол нутгийн захиргааны байгууллагууд дээрхээс гадна зуданд малгүй болсон малчдын нийгмийн асуудлыг шийдэх, зээл хөнгөлөх, ажлын байр нэмэгдүүлэхтэй холбоотой өргөдөл, гомдол хүлээн авчээ.
  • Лондон хотноо болох олимпын их наадамд манай тамирчдын багийг “Ногоон хөгжлийн төлөө” уриатай оролцуулахаар боллоо.


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ
УЛСЫН ХЭМЖЭЭНД 14 ТҮЙМЭР АСЧ БАЙНА
С.БАТБОЛД: ИРГЭДЭЭ ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ ХҮНСЭЭР ХАНГАХ ЗОРИЛТ БОДИТ АЖИЛ БОЛЖ БАЙНА
Төв аймгийн Жаргалант чиглэлийн 24.7 км, Борнуур чиглэлийн 7.4 км авто замын ажлыг эхлүүллээ
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил эхэллээ
“Лондон 2012” наадамд манай тамирчид “Ногоон хөгжлийн төлөө” уриатай оролцоно
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан