Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх ажил бодит биеллээ олж, өнөөдөр Чингэлтэй дүүргийн 9,10-р хороо, 7-р хороолол орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг эхлүүллээ. Дан ганц ярих биш, ярьсан зүйл бодит ажил болж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд төвлөрсөн дулаанд холбох ажлыг эхлүүлэх арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ тэмдэглээд үүний дүнд нийслэлийн агаарын бохирдол буурч, гэр хорооллыг орон сууцжуулах ажил бодитоор хэрэгжиж, ард иргэд маань ая тухтай амьдрах орчин бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрээр дээрх ажлыг гүйцэтгэгч “Улаанбаатар дулаан”компани болон бусад холбогдох байгууллагуудыг ажлаа чанартай, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.
Дээрх ажил хийгдсэнээр Чингэлтэй дүүргийн 39-р сургууль, 124-р цэцэрлэг, шинээр баригдах спорт цогцолбор, амины орон сууц, аж ахуйн нэгжүүдийн барилгууд, 7 дугаар хороолол, Дэнжийн мянгын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр баригдах нийтийн орон сууцнууд төвлөрсөн дулаанд холбогдох юм байна. Түүнчлэн халаалтын улиралд хоёр мянган тонн түүхий нүүрс шатааж агаар бохирдуулдаг дунд хүчин чадлын 10 гаруй нам даралтын зуух, ердийн галлагаатай 200 гаруй халаалтын зуухыг зогсоосноор агаарын бохирдлын бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Байгаль орчны яамны “Цэвэр агаар”сангийн 3,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байгаа энэ ажил ирэх 9-р сард ашиглалтад орох ажээ.
Цаашид бусад гэр хорооллыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг үргэлжлүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно хэмээн Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт ярилаа. Түүнчлэн дэлхийн банкны төслийн хүрээнд дулааны шугам хүрэх боломжгүй гэр хорооллын айлуудыг хэсэгчилсэн байдлаар цэвэр бохир усны шугамд холбох ажлыг хийх юм байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.