Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Тариаланчдад шатахууны хөнгөлөлт үзүүлсэн нь том дэмжлэг болжээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.18 /

Тариаланчид тариалангийнхаа үрэлгээг ид хийж байна. Энэ жилийн хувьд Засгийн газраас тариаланчдын хувьд байнгын бэрхшээл болдог шатахууны асуудалд нэлээд анхаарсан нь тэдэнд урам зориг өгчээ. Өөрөөр хэлбэл 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр шатахуун олгож байгаа нь эргэлтийн хөрөнгөө заавал зарж байж шатахуунаа авдаг байсан тэдний хувьд таатай нөхцөл болсон байна. Намар бүтээгдэхүүнээ борлуулсны дараа үлдсэн хувийг нь төлөх боломжоор хангаж өгсөн нь том хөнгөлөлт боллоо гэсээр Сэлэнгэ  аймгийн тариаланчид Засгийн газрын тэргүүнээ угтлаа. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ  бодит хөрсөнд хэрхэн бууж байгаа, мөн тэдэнд ямар бэрхшээл тулгарч байгааг сонсохоор Ерөнхий сайд С.Батболд  өнгөрсөн баасан гаригт Сэлэнгэ аймагт ажиллаж, Баянгол  сумын “Түмэн бут” ХХК-ийн тариалалалтын явцтай танилцаж,  тариаланчидтай уулзлаа.

Энэ жил Сэлэнгэ аймгийн хувьд  тариалалт 50 хувьтай, харин Баянгол сумын хувьд 42 хувьтай явж байгаа юм байна. Засгийн газрын тэргүүнээ ирэх сургаар тариалан эрхэлдэг 20 гаруй компаний захирлууд ч тариалангийн талбайд цугларсан байв. Хур тунадас бага орсон хэдий ч газрын гүндээ чийг сайн хуримтлагдаж, тариалалт хэвийн сайн явагдаж байна хэмээн  “Түмэн бут” ХХК-ийн захирал Л.Алимаа ярилаа. Эднийх эргэлтийн 600 га газартай бөгөөд энэ жилийн хувьд Дэрс хот, Цагаанчулуут хэмээх газрууддаа үрэлгээгээ хийгээд эхэлжээ.” Алтайский 535 “ сортын үрээр эдний компани дөрөв дэх жилдээ тариалалт хийж буй бөгөөд ажил хэвийн сайн явагдаж байгааг онцоллоо.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа тодорхой арга хэмжээнүүдийн үр дүнд газар тариалангийн салбарт хүндрэл гэх асуудал бага болжээ. Энэ тухайгаа ч тариаланчид Ерөнхий сайдад дуулгаж байсан бөгөөд харин жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг, ялангуяа үр тарианы комбайнуудаа шинэчлэх  зорилт дээр нь дэмжлэг үзүүлэх боломжийн тухай, мөн үр тариагаа хадгалах сав, түүнчлэн  борлуулалтын асуудлыг ч тэд хөндөв.

Харин Засгийн газрын тэргүүн тэдэнд таатай мэдээ дуулгасан. Манай газар тариалангийн том компаниуд нэг үеэ бодвол бэхэжсэн болохоор одоо жижиг, дунд компаниудыг түлхүү анхаарах бодлого явагдаж байгааг хэлсэн нь тэдний хүсэлттэй бүрэн нийцлээ. Тухайлбал,татварын бодлогоо томчуудад биш жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хандуулж байгааг, зээлийн эх үүсвэрийг бага хүүтэй урт хугацаатайгаар тэдэнд зориулж байгааг, техник тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас  хөнгөлж чөлөөлөх хугацааг  2016 он хүртэл сунгасныг тариаланчидтай уулзах үеэрээ онцлон тэмдэглэж байв. Мөн түүнчлэн жижиг,дунд хэмээн хавтгайрч ярьдагийг цэгцэлж, тэдгээрийг нэлээн тодорхой болгож өгснийг ч дурьдлаа.  Хадгалах сав болоод борлуулалтын асуудал Засгийн газрын анхаарлын төвд бийг ч онцоллоо.

Харин тариалангийн салбар маань уул уурхайн салбартай энэ зэрэгцэж, хос морь болох алхмууд тавигдсан нь шинэ мэдээ байв. Өөрөөр хэлбэл БНХАУ-д 100 мянган тонн үр тариаг экспортлохоор яриа хэлцэл хийж эхэлжээ. Энэ Засгийн газрын үед энэ ажлын эхлэл тавигдсан нь сайхан хэрэг гэлээ.  Ийнхүү тариаланчдын ажил жигдэрч, гурав хоногийн ажил үлджээ. Тариаланчидтай уулзсаны дараа Ерөнхий сайд С.Батболд тариалангийн талбайдаа үрэлгээ хийж байгаа  тариаланч Эрдэнэбаатартай уулзаж, санал бодлыг нь сонслоо. 4 дэх жилдээ ажиллаж байгаа тэрбээр  өнгөрсөн жил жил  нийтдээ 5.2 сая төгрөгийн цалин авсан гэнэ. Жил ирэх тусам цалин нь нэмэгдэж байгаа , газар тариалан эрхэлнэ гэдэг урамтай сайхан ажил хэмээн Эрдэнэбаатар ярилаа.

Үүний дараа Засгийн газрын тэргүүн тус сумын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний талбайд хүрэлцэн очиж тариаланч, ногоочидтой уулзлаа. Баянгол сум нь 1600 өрх, 5700 хүн амтай аж. Эдгээрээс  350 гаруй өрх нь ногоо тарьдаг юм байна. Үрийн төмсний шинэчлэл 100 хувь хийгдэж, вирусгүй төмс тариалж эхэлжээ. Тус сум амьдрах орчин, үйл ажиллагаагаа ногоонжуулж, ногоон сум болох хөтөлбөр дэвшүүлсэн нь Ерөнхий сайдаас сайшаал хүртлээ. Энэ ажлын эхлэл болгож ОХУ-ын Эрхүү хотоос 100 ширхэг давжаа алимны мод авчирч суулгаж байгаа юм байна. Иргэддээ лизингээр энэ суулгацаас өгөх ажээ. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар ч Засгийн газраас тодорхой зорилт тавьж байгаа гэдгийг гүцэтгэх засаглалын тэргүүн  тэдэнд дуулгаж,  дэлхийн хүнсний хангамжид хүнсний ногоогоор нэмэрлэх томхон бодлого ч энд хөндөгдлөө.

Ногоочдын тавьсан гол санал нь олон төрлийн ногоо тарьж байгаа хэдий ч түүнийгээ борлуулах, хадгалах сав зоорьны асуудал хүндрэлтэй байгааг дурьдаж байв. Энэ асуудлыг Ерөнхий сайд анхааралдаа авч, дэмжинэ гэдгээ тэдэнд дуулгалаа. Холбогдох сайдад үүрэг өгч,  ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулах даалгаврыг өглөө.

Баянгол сум улсын тэргүүний сум болов

Сэлэнгэ аймгийн Баянгол сум улсын тэргүүний сумаар шалгарчээ. Тус сумыг тэргүүний сумаар шалгаруулсан гэрчилгээ, тугийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд гардуулан өглөө. Монгол улсын 330 гаруй сумаас шалгаран Баянгол сум энэ жилийн улсын тэргүүний сум болсон байна. Шагналыг 100 сая төгрөг дагалддаг ажээ. Хөдөлмөрч сумынхнаар бахархаж байгааг ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд  онцлоод, хамтын хөдөлмөрийг үнэт зүйлс болгосон нь танай сумын амжилтын үндэс юм гэдгийг дурьдлаа.

“Сэлэнгэчүүд монгол улсынхаа хүнсний хэрэгцээг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд үүний дотор Баянгол сумынхан ажил үйлсээрээ манлайлж иржээ. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаас тэргүүний сумыг шалгаруулах үзүүлэлтийг  дүгнэж,өнөөдөр танай сумын ажилтай танилцаж явахдаа энэ шалгаруулалт нүдээ олсон шагнал болжээ гэдэгтэй би санал нэг байна. Ажилсаг бүтээлч сум учраас төр засгийн зүгээс ч дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой гэж бодогдлоо. Танай суманд анхны бүлэг үүсч, бүлгээрээ хамтарч ажлаа хийдэг нь хамгийн сайн үзүүлэлт юм. Хадлангаа 7-хон хоногийн дотор хамтраад авчихдаг нь сайхан сэтгэгдэл төрүүллээ. Сумын айл болгон ногоон эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, үүнийг манлайлж байгааг хараад бахархаж байна. Үүнээ гадна танай сумын сургууль улсын тэргүүний сургууль болсон нь маш сайн хэрэг” хэмээн Засгийн газрын тэргүүн Баянгол сумын ард иргэдэд хандаж хэлсэн үгэндээ онцлоод, тэдэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Сэлэнгэ аймгаас ийнхүү хоёр дах удаагаа улсын тэргүүний сум шалгарч байгаа юм байна. Баянгол сумын хувьд хөгжлийн түүхээ иргэн бүртэйгээ холбон тайлбарлаж байсан бөгөөд энэ ч утгаараа уг  ёслолын ажиллагаагаа иргэн бүрийн баяр болгосон байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Орон нутагт ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДАА ДЭМЖСЭН БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ БОЛЛОО
ДЭНЖИЙН МЯНГА ОРЧМЫН ГЭР ХОРООЛЛЫГ ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
ИХ ГОВИЙН ҮҮЦИЙГ НЭЭХ БОЛОВСОН ХҮЧНИЙГ ДУНДГОВЬД БЭЛТГЭНЭ
ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
С.БАТБОЛД: ИРГЭДЭЭ ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ ХҮНСЭЭР ХАНГАХ ЗОРИЛТ БОДИТ АЖИЛ БОЛЖ БАЙНА
УЛСЫН ХЭМЖЭЭНД 14 ТҮЙМЭР АСЧ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан