Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.10.13 /
ШҮЛХИЙНИЙ  ЭСРЭГ ВАКЦИНД 300 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Дорнод, Сүхбаатар аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Олон улсын хорио цээрт, мал, амьтны гоц халдварт энэ өвчний тархалт буурахгүй, өвчлөл гарах эрсдэл өндөр байгаа учир ОХУ-аас 600 мянган тун вакцин худалдан авах, тарилгын үйлчилгээний зардалд шаардлагатай 300 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

БНХАУ болон Олон Улсын Цөмийн энергийн байгууллагаас буцалтгүй тусламжаар өгч байгаа 600 мянган тун вакциныг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тогтлоо. Нийт 1 сая 200 мянган тун вакциныг шүлхийгээр өвчлөх эрсдэл бүхий бүс нутгийн малыг вакцинжуулах арга хэмжээг оновчтой зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгав.

Шүлхий өвчний тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим орон нутгийн удирдлага хангалтгүй ажиллаж байгааг Засгийн газрын гишүүд хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн 10, Дорнод аймгийн 6 суманд нийт  20938 мал шүлхийгээр өвчилснөөс 20819 малыг устгажээ. 916154 малыг вакцинжуулж үзлэг танадалт, устгал, ариутгал халдваргүйжүүлэлт хийн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Мөн 1 сая 200 мянган тун вакциныг Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий аймгийн 13 суманд хуваарилж 2,4 сая толгой малыг вакцинжуулж байна.  
Өвчин гарсан аймгуудтай хил залгаа Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг болон Улаанбаатар хотын 330 гаруй мянган бод, 7.1 сая бог малыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, тогтмол танадалт хийж хяналтдаа авчээ.

2010 оны 8 дугаар сард шүлхий өвчин гарснаас хойш Улсын Онцгой комисс 5 удаа хуралдан Засгийн газарт 4 удаа асуудал оруулж шийдвэрлүүллээ. Өвчний голомтонд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан 26 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг,  Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн 2 бүлэг ажилласаар байна.

ОРХОН ГОЛЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛНА

Орхон голын ай савд багтах Ар Улаан чулуут, Шийртийн голын өөрчилсөн гольдролыг сэргээж сэтэрсэн даланг засварлахаар боллоо. “Алтан дорнод монгол”, “Монгол газар” ХХК-ий байгаль орчинд учруулсан экологийн хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, нөхөн төлбөр, нөхөн сэргээлттэй холбоотой зардлыг дээрх аж ахуйн нэгжүүдээс гаргуулна.

Мөн Орхон голын дагуу амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, ахуй амьдралд ноцтой нөлөөлж болзошгүй байгаа учир голын урсац бүрэлдэх эх, голын хөндий, ай сав газарт олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээр боллоо. 
Гол мөрний бохирдлыг хянах, бохирдолтын эх үүсвэрийг тогтоодог явуулын лабораторийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай хөрөнгийг эхний ээлжинд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж, лабораторийг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 2011 оны төсвийн багцаас санхүүжүүлэхээр болов.

Өвөрхангай, Архангай аймагт ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 7 дугаар сард нэгдсэн үзлэг хийхэд Орхон гол их хэмжээний бохирдолтой урсаж байгаа нь илэрчээ. “Алтан дорнод монгол”, “Монгол газар” ХХК-иуд Орхон голын урсацыг бүрдүүлж тэжээдэг Өлийн, Шийртийн, Улаан чулуут, Өлзийт тээлийн голын хөндийд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, алт олборлож байгаа юм.

“ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

Засгийн газрын хуралдаанаар “Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. 
Энэ нь хүн амын эрүүл мэндийг сайжруулж өсөлтийг дэмжих, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хүн амын эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.
Хөтөлбөрт стратегийн үйл ажиллагааг үндсэн 6 чиглэлийн боловсруулж оруулсан байна.  
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ :
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх
  • Нотолгоонд тулгуурласан шинэ техник, технологи нэвтрүүлсэн байх
  • Жендерийн мэдрэмжтэй байх
  • Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхдээ төрийн зохицуулалттай, салбарын онцлог бүхий зах зээлийн чиг баримжаатай байх 
  • Хөтөлбөрийн хэрэгжилт нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн санаачлага, оролцоонд тулгуурласан байх гэсэн зарчмыг баримтлах юм.  
“Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг 2010-2015 он, хоёрдугаар үе шатыг 2016-2021 онд хэрэгжүүлнэ. 

ЗАСГИЙН ГАЗРЫН 9 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ

Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Засгийн газар 9 дүгээр сард “2011 оны төсвийн тухай”, “Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай”, “Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай” хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

 2011 оноос “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт сар тутам 21 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөрт зориулан оюутан бүрт 500 мянган төгрөг буюу нийт 82 тэрбум, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийн даатгалд 9,3 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. БНХАУ-ын Засгийн газраас олгох 300 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Баруун бүсийн авто замын төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгожээ. Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулав. Ингэснээр дотоодод жижиглэнгээр борлуулах газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөхгүй, тогтвортой байх боломж бүрджээ.

 Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг 30 хувиар өсгөн нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмлээ. АНУ-ын Засгийн газраас олгох 9.5 сая ам долларын буцалтгүй тусламжийг “Эдийн засгийг хөгжүүлэх, Ардчилал ба засаглал” төсөлд зарцуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Нийслэлийн 1 дүгээр амаржих газрын барилгыг буулгаж амаржих газрын барилгыг шинээр барих ажлыг эхлүүллээ. БНСУ-ын буцалтгүй тусламжийн 5 сая ам долларын хөрөнгөөр “Монгол-Солонгосын Техникийн коллежийн чадавхийг сайжруулж политехник коллежи болгон өргөтгөх төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

3300 ажилгүй хүнийг 3 жилийн хугацаанд Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдэд сургаж мэргэшүүлэн ажлын байраар хангах төсөл хэрэгжүүлэх санамж бичигт БСШУЯ, НХХЯ болон “Оюутолгой” ХХК  гарын үсэг зурсан байна. Гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэхийн тулд нийт 2,152.4 сая төгрөгийг  вакцин худалдаж авах, үйлчилгээний хөлсөнд зарцуулахаар холбогдох арга хэмжээ авлаа. Дорнод, Сүхбаатар аймагт халдваргүйтлийн болон дуудлагын үйлчилгээний зориулалтаар автомашин өгч, ариутгалын бодис, хамгаалах хувцас хэрэгсэл зэрэг  шаардлагатай бусад дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлэв. Хэнтий, Дорнод аймгийн хонь, ямаан сүрэгт гоц халдварт цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин хийж дууссан байна.

Сум бүрт Мал эмнэлэг, үржлийн анхан шатны нэгж байгуулах шийд гаргалаа.  ХУД-ийн нутагт гарсан шувууны “Ньюкасл” өвчний эсрэг шуурхай арга хэмжээ авсны дүнд 21 хоногийн дотор өвчин дахиж гараагүй учир хорио цээрийн дэглэмийг цуцаллаа. 12 аймгийн 1729 өрхийг 3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр малжуулах хуваарь, санхүүжилтийг батлан мөнгийг нь аймгуудад шилжүүлжээ. “Байгаль хамгаалах намрын аян”-ыг 3 үе шаттайгаар орон даяар зохион байгуулж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сантай хамтран “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зуржээ. 

ТОВЧХОН

• Төмөр замаар тээвэрлэх тарифын тухай Монгол Улсын засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, оросын талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүхээр ахлуулан байгуулав.

• Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийн талаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган  хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

• Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, С.Оюун, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Д.Энхбат нарын санаачлан боловсруулсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаараар тогтлоо. 

• Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Н.Батбаяр, Ц.Цэнгэл нарын санаачлан боловсруулсан “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж тодорхой саналуудыг хууль санаачлагч нарт уламжлахаар болов.

•  “Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр“-ийг байгуулах нь зүйтэй гэж үзэв. 

• Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг 2010 оны 10 дугаар сарын 27-29-ний өдөр Япон Улсын Нагоя хотноо болох Биологийн олон янз байдлын тухай олон улсын Конвенцийн талуудын 10 дугаар бага хурлын сайд нарын дээд хэмжээний уулзалтад яамны гадаад арга хэмжээний зардлаар оролцохыг зөвшөөрөв. 
 
• 2010 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын 8 дугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, комиссын монголын хэсгийн дарга Т.Бадамжунайд зөвшөөрлөө. Хурлаар бараа солилцоо, худалдааг өргөжүүлэх, ажиллах хүч болон газар тариалан, усжуулалт, далайн тээвэр, уламжлалт анагаах ухаан, ойжуулалт, төмөр замын өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын чиглэлээр ярилцаж тохиролцоонд хүрэх зорилго тавьжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН “ХӨДӨЛМӨР ХӨГЖЛИЙН ҮНДЭС” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД ХЭЛСЭН ҮГ
Монгол хүн бүр ажилтай байх боломжийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна
Монгол Улсыг БНФУ дэмжиж ажиллах болно
ХБНГУ-ТАЙ ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
БНХАУ-аас 100 мянган тун вакцин хандивлахаар болжээ
Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан