ХБНГУ-тай төмөр зам, авто зам, боловсруулах үйлдвэрийн салбарт хамтран ажиллахыг Засгийн газар дэмжинэ гэж Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ХБНГУ-ын Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Петер Рамзауэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа ингэж хэлэв.
Хоёр улсын улс төрийн харилцаанаас гадна худалдаа, эдийн засаг, нийгмийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж харилцаагаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хөгжүүлэх ёстой. Монгол Улс өргөн уудам нутаг, уул уурхай болон хөдөө аж ахуйн их баялагтай бол ХБНГУ-ын өндөр техник, технологитой. Эдгээрийг хослуулж харилцан ашигтай ажиллахын төлөө байна. Үүнд эрхэм сайдын айлчлал ихээхэн хувь нэмэр оруулна гэж тэрээр тэмдэглэлээ. Монгол Улсын хөгжлийн загвар нь Европын холбоо, тэр дундаа ХБНГУ юм. Энэ үүднээс Европын стандартыг өөрийнхөө онцлогт тохируулан эх орондоо нутагшуулах чиглэлээр ч багагүй ажил хийж байгааг Ерөнхий сайд С.Батболд хэлэв.
ХБНГУ-ын Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Петр Рамзауэр манай улсад хийж байгаа айлчлалынхаа үеэр төмөр замын салбарт хамтран ажиллах талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдтай ярилцсан байна. ХБНГУ-ын хөрөнгө оруулагчдыг энэ салбарт татан оруулах сонирхол байна. Мөн автозам, агаарын тээврийн чиглэлээр хамтран ажиллавал үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийллээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан ХБНГУ-ын Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга цаашид хөдөө аж ахуйн салбарт шинэ техник, технологи нэвтрүүлж сургалт явуулах боломж байгааг Ерөнхий сайдад танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.