Хамтарсан Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг нь Монгол хүн бүр ажилтай болох явдал юм. Хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрийн чадвартай Монгол хүн бүр ажлын байртай байх боломжийг бүрдүүлэхийн төлөө манай Засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Эхнээсээ үр дүн нь гарч байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Хөдөлмөр-Хөгжлийн үндэс” хөдөлмөрийн үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн бодлогын талаар Засгийн газрын тэргүүн С.Батболд хэлэхдээ ажлын байрны өсөлт нь ажилгүйдлийг бууруулж, ядуурлыг багасгахад хамгийн их нөлөөлдөг. Ойрын жилүүдэд уул уурхай, боловсруулах салбаруудад 40 мянган ажлын байр бий болно гэсэн судалгаа бий. Энэ нь манай нийт бүртгэгдсэн ажилгүйчүүдийг ажилтай болгохуйц тооцоо, төсөөлөл юм гэдгийг онцлолоо.
Иймд эдгээр ажлын байранд тэнцэх хүнийг бэлтгэх асуудал ч чухал байгаа. Тиймээс Засгийн газраас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Төрөөс болон Мянганы сорилтын сан, ажил олгогч компаниудын зүгээс санхүүжилт гарч Мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдийг жинхэнэ утгаар нь ажиллуулах, ажлын байр идэвхтэй хайж байгаа залуусыг нийслэл болоод хөдөө орон нутгаас квотоор элсүүлэх, зах зээлийг холбоход чиглэсэн ажлууд идэвхтэй өрнөж байна. Тиймээс төрөөс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хувь хүмүүс өөрсдөө хичээж, бүтээлч, өндөр бүтээмжтэй байх учиртай гэсэн юм.
Мөн уул уурхай, өндөр технологи, хөдөө аж ахуй, тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад шинэ техник технологи, материал ашиглаж машин тоног төхөөрөмж ажиллуулж чадахуйц мэдлэгтэй, ур чадвартай, бүтээлч, хөдөлмөрийн сэтгэлгээ, соёлд төлөвшсөн багш, эмч, инженер, техникийн ажилчид эрэлт хэрэгцээтэй байна. Нийгмийн халамжаас, улсын төсвөөс тэжээгддэг бус харин “бүтээгч монгол”, хөдөлмөрч хүнийг бид төлөвшүүлэн хөгжүүлэх ёстой гэж Засгийн газар үзэж байгаа. Бүтээгч монгол хүнийг нийгмийн дундаж давхарга болгон төлөвшүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн өмнө тулгамдаад байгаа маш олон асуудалд шийдэл олох боломжтой гэдгийг Засгийн газрын тэргүүн хөдөлмөрийн үндэсний чуулганы индрээс хэллээ.
Монгол Улсын Засгийн газраас санаачлан Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран Төрийн ордонд зохион байгуулж байгаа “Хөдөлмөр-Хөгжлийн үндэс” хөдөлмөрийн үндэсний чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллага, МАОЭХ, МҮЭХ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Азийн бүтээмжийн байгууллага, БНСУ-ын Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төв болон манай улсын иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хурлын төлөөлөгчдөд төдийгүй хөдөлмөрийн зах зээлд оролцогчид болох Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, компаниуд болон иргэд юу хийвэл зохилтой талаар товч байр сууриа илэрхийллээ.
Ингэхдээ гүйцэтгэх засаглалын тэргүүн, Засгийн газраас иргэддээ илүү сайн боломжийг бүрдүүлж, томоохон хөрөнгө оруулалтын төслөөр дамжин ажлын байрыг олноор бий болгох, иргэдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж өрсөлдөх, хөрвөх чадавхийг нэмэгдүүлэх, цалин хөлсний оновчтой тогтолцоог бий болгох нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Энэ хүрээнд цалин хөлсийг аажмаар нэмэгдүүлж Монгол хүн гадаадад авч байгаа цалинг эх орондоо авдаг болгох, цалин хөлсийг бүтээмж ур чадвартай холбох систем бий болгох, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтыг ажлын байрны эрэлт хэрэгцээтэй уялдуулах, ажлын байрыг шинээр гаргагч болсон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тууштай дэмжиж, ажлын байраа нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлдэг байх шаардлагатай байна гэдгийг чуулганы төлөөлөгчдөд илэрхийлээд ард иргэдийн маань амьдралд мэдэгдэхүйц бодит үр дүн авчрах чуулган болно гэдэгт найдаж байгаагаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.