Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
“ Шинэчилж шийдье-222” анхны уулзалт боллоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.11 /

Шинэчлэлийн Засгийн газраас сар бүр иргэдээ сонсч, тэдний саналыг бодит шийдвэр болгох нэгэн арга хэмжээг эхлүүллээ. “ Шинэчилж  шийдье-222” хэмээн нэрлэж буй  анхны уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “ Засгийн газраас иргэддээ нээлттэй, тэднийг хүндэлсэн олон ажлыг хийж эхлүүлж байгаагийн нэг нь “ Шинэчилж  шийдье-222” арга хэмжээ юм. УИХ-ын сонгуулийн үр дүнд ард түмэн та бүхэн бидэнд итгэл хүлээлгэсэн. Энэ итгэлийн хариуд бид шинэчлэлийг ард түмэнтэйгээ харилцан ярилцаж байж, зөв шийдэл  олохын тулд та бүхнийг урьсан нь энэ.   Өнөөдрийн уулзалтаар  үүрэг хариуцлагын тухай, төрийн албаны буруу тогтолцооноос төрийн солгой тогтолцоо бий болсон тухай , татвар төлөгчдийн мөнгөөр тансаглах нь   хэвийн үзэгдэл болсон тухай , бизнес эрхлэхэд төр засаг нь өөрөө саад болдог  тухай  зэрэг сэдвийг хөндөж ярихыг  хүсч байна.  Төр засаг өөрийгөө ойлгох цаг болжээ. Шинэчлэлийг холоос биш өөрөөсөө хайх хэрэгтэй” юм гэдгийг  Ерөнхий сайд онцоллоо.  

“  Энэ шинэчлэлээ бид өөрсдөөсөө эхлээд явж байна. Өдрийн ажиллах цагаа уртасгасан, амралтын өдрүүдээр ажиллаж байгаа, гадаадад явах лимитэнд ч өөрчлөлт оруулсан. Сэтгэл зүрх байвал болохгүй юм гэж үгүй. Ийм сэтгэл зүрх  манай Засгийн газарт байна. Олон зүйлийг өөрчлөх , шинэчлэх хэрэгтэй байна. Үүнд та бүхний дэмжлэг туслалцаа, шүүмжлэл хэрэгтэй.  Мөнгө зарцуулахгүйгээр юм хийж болдгийн хамгийн  ойрхоны жишээ л гэхэд Төрийн ордноо нээлттэй болгосон явдал. Ирэх сарын эхээр иргэд та бүхнийхээ саналыг сонсох “11-11” төвийг нээхээр төлөвлөж байна. Бид цаашдаа тендерийн нээлттэй байдлыг хангаж, тунгалаг орчныг бий болгоно. Мөн түүнчлэн гадаадад тэтгэлэгээр явдаг оюутнуудын мэдээллийг ч ил болгох гээд иргэдэд хардалт дагуулдаг олон ажлыг нээлттэй болгохоор ажиллаж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг мэргэжлийн гэх үгэнд дүйцүүлж, монгол хүний үнэлэмжийг өндөр болгох зорилтыг өмнөө тавьж байгаа. Гааль гэхээр л олон шалгалт шүүлгээр ордог , “хүн тамладаг” энэ системийг бүрэн өөрчилнө. Гадаад руу урсч буй оношилгооны зардал, хоол шиг хэрэглэж буй эмийн хэрэглээг зогсоож, цэцэрлэгт хүрээлэндээ өглөө бүр гүйдэг “ Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөр биеллээ олно.  Бизнес эрхлэхэд хамгийн их саад болж байгаа зөвшөөрөл, лицензийг эрс цөөлөх бодлогыг барьж байна. Энэ мэт шинэчилж, өөрчлөх олон ажил шинэчлэлийн Засгийн газрын өмнө хүлээж байна. Та бүхнээс шинэчлэлийн олон шийдэл, санал гарна итгэж байна” хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн ярилаа.

Харин Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг төрийн үйлчилгээг ард иргэдэд ойрхон болгосон Гүржийн жишээг дурьдаж,  энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүн байранд яваа тэдний байрыг булаах цаг ойрхон гэдгийг тэмдэглэж байв.

Ингээд тус уулзалтад ирсэн иргэд  саналаа хэллээ.  2 цаг 30 минутын хугацаанд  30 иргэн  3 минутад багтаан өөрийн санал бодлоо илэрхийлсэн. Хэдийгээр богинохон хугацаа хэдий ч хамгийн үнэтэй саналууд байлаа хэмээн Ерөнхий сайд тодотгож байлаа. 

Баянхонгор аймгаас ирсэн Улаан-Од гуай” Хөдөөг өөрчлөе, хөдөө эзгүйрлээ”гэсэн бол, сурагчдын холбооны Сэлэнгэ” Сургуулийн захирлууд намчирхдаггүй байя, насанд хүрээгүй хүүхдэд архи тамхи худалдахгүй байя, тэднээр худалдуулахгүй байя ” гэсэн саналыг хэлж байлаа. Түүнчлэн энд ирсэн  иргэд “ Орон гэргүй тэнэмэл иргэдээ анхаарья, 120 мянгатын байранд шугамын шинэчлэл хийж өгөөч, цагаан будаа элсэн чихрийг монголд тарья, төрийн албанынхны сонгон шалгаруулалтыг өндөр түвшинд болгож, нийтийн алба болгоё, засаглалын ардчиллыг хийе, хадгаламж зээлийн хоршооны тухай, төрийн бүх албан хаагчдыг facebook-тэй болгоё, зөвшөөрөлгүй барилгыг шууд нураадаг болъё, химийн цагийн байдлыг зөвөөр үнэлэх цаг болсон, авилгыг таслан зогсоох цаг болсон, банкны барьцааг төр дааж болохгүй юу, нийтийн эрх ашиг үнэхээр алдагдаж байна, банкны хөшүүн хойрго байдлыг халах цаг болсон, валютын арилжаанд ямар ч бодлого алга болжээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн хараа хяналтаас гадуур байна, замын ажил чанартай хийдэг ч санхүүгийн асуудал нь хойрго байна, тендерийн шалгаруулалт  хөнгөн үйлдвэрийнхнийг туйлдуулдаг  гэх санал, шүүмжлэлийг тэд жишээ аван ярьж байсан.

Өргөн хүрээтэй санал байлаа гэдгийг уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд дүгнээд, 5 асуудлыг онцоллоо. Архи тамхийг насанд хүрээгүй хүүхдэд худалдахгүй байх , тэднээр худалдуулахгүй байх саналыг дэмжин , дараагийн уулзалтад энэ тухай Засгийн газар ямар ажил хийснээ тайлагнахаар болов. Мөн зарим төрийн байгууллагууд ажлын өдөр дотоод ажилтай байдаг явдлыг анхааралдаа авч, удахгүй нээх “11-11” төв рүү болохгүй бүтэхгүй байгаа явдлыг илчилсэн зураг, мэдээллийг илгээж болохыг тэдэнд зөвлөлөө. Түүнчлэн  тендерээр авсан ажлаа хийсэн байхад санхүүг нь шийдэж өгөхгүй байгаа явдлыг хариуцлагагүйн  жишээ хэмээн нэрлээд, дараагийн удаа энэ чиглэлээр тодорхой тайлан тавина хэмээн мэдэгдлээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тодорхой асуудал болгохоо ч онцоллоо.

Дараагийн уулзалт тодорхой чиглэлийн сэдвээр болно гэдгийг ч Ерөнхий сайд тодотгож байсан. Шинэчлэлийн сэдвээр Засгийн газрын тэргүүнтэй уулзах иргэдийн хүсэлтэд нээлттэй байх болно гэдгийг тэмдэглээд,үнэтэй зөвлөгөө  өгсөн тэдэнд талархал илэрхийллээ. Дараагийн уулзалт ирэх аравдугаар сард болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
АВРАХ ТУСГАЙ АНГИЙНХАНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА
ШАДАР САЙД ХАРИУЦЛАГАТАЙ ЁС ЗҮЙТЭЙ АЖИЛЛАХЫГ САНУУЛЛАА
АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан