Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Гадаадад зээлээр сурах хүмүүсээс авах шалгалтыг ил тод болгож эхэллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.10.02 /

Сургалтын төрийн сангийн зээлээр магистрантур, докторантурт суралцах эрх олгох 2012 оны хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалт өнөөдөр ШУТИС-ийн байранд боллоо. Төрийн сангийн энэ зээлд жил бүр 100 хүн хамрагдаж байгаа бөгөөд энэ жилийн эхний шалгаруулалт өнгөрсөн хавар болж 70 хүнийг сонгож, тэд сургуульдаа явцгаасан байна. Харин үлдсэн 30 эрхийн төлөө өнөөдөр ердөө 20 залуу өрсөлдлөө. Бүртгэлийн хугацааг 7 хоногоор сунгаад ч өрсөлдөгчдийн тоо тоймтой нэмэгдээгүй байна.

Гадаадад магистрантурт сурах нэг хүний зардалд төрөөс 40 сая төгрөгийн зээл олгож, хөрөнгө оруулалт хийж байгаа ийм боломжийг цөөхөн хүн ашиглахаар бүртгүүлсэн нь төр засгийн ажил эзэндээ хүрч чадахгүй байгаагийн илрэл гэдгийг шалгалтын явцтай танилцах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд гадаадад суралцахаар явуулах хүүхдүүдээ сонгон шалгаруулдаг энэ явцыг Шинэчлэлийн Засгийн газар ил тод болгоно гэж онцоллоо. Ингэхийн тулд хавар, намрын улиралд сар өдрийг нь зарлаад гадаадад явах хүүхдүүд шалгалт өгдөг гэсэн тодорхой өдөртэй болгомоор байгаа юм гэсэн саналыг Ерөнхий сайд хэллээ. Мөн шалгалт авч байгаа явцыг ил тод болгож, хэн, ямар мэргэжлээр хаана сураад, хэзээ эргэж ирж байгааг нь ч тодорхой болгох хэрэгтэй гэж тэрбээр зөвлөлөө. 

Үүний тулд өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа гэдгээ Засгийн газрын тэргүүн тодотгоод ил тод болгох гэсэн эхний оролдлого бүртгэлийнх нь хугацааг сунгаж олон хүн хамруулахыг хичээсэн. Гэсэн ч мэдээлэл муу учраас олон хүнд хүрч чадсангүй. Өөр нэг оролдлого нь 41 багшаас шалгалт өгөх залуучуудаар сугалуулж 10-ыг нь сонголоо. Энэчлэн шалгалтад бүртгэх, шалгалт авах явцыг нээлттэй болгож төрийн сангийн зээлд чадвартай л бол хэний ч хүү, охин хамрагддаг нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Үүний тулд бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт үүрэг болголоо. Ингэхдээ суралцах чиглэл, зорилгыг хөдөлмөрийн зах зээл болоод хөгжлийн бодлоготойгоо уялдуулах шаардлага байгааг хэллээ.

Энэ удаагийн шалгаруулалтад оролцсон залуучуудад хандаж Монгол Улсын Ерөнхий сайдs хэлэхдээ хүсэл зорилготой, тэмүүлэлтэй, эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй байгаарай. Гадаадад сурахын зорилго нь гадаад улс орныг үзэх биш илүү их мэдлэг, арга барил, өөрийгөө хөгжүүлэх зэвсэгтэй болох юм. Тиймээс зорилго чиглэлтэй яваарай гэж хүслээ.

1997 оноос хэрэгжсэн сургалтын төрийн сангийн санхүүжилтэд 1400 гаруй хүн хамрагдаж, Америк, Англи, Австрали, Орос, Япон, Солонгос, Хятад зэрэг дэлхийн 30 гаруй орны нэр хүнд бүхий сургуульд суралцжээ. Өнөөдөр мөрдөгдөж байгаа журмаар бол эх орондоо эргэн ирж, 5 жил ажилласны дараагаар зээлээс чөлөөлөгдөж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: ЕРӨНХИЙ САЙД ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Австралийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ
Шадар сайд Новосибирск мужийн амбан захирагчтай уулзлаа
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Ерөнхий сайд шинжлэх ухааны ажилтнуудтай уулзлаа
Ерөнхий сайд “Хариуцлага, хяналт, хэрэгжилт”-ийг нэхнэ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан