Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Цаг хугацаа алдахгүйгээр, хөрөнгө мөнгө зарлагадахгүйгээр мэдээллийн технологи ашиглан нүүр нүүрээ харан асуудлыг ярилцдаг энэ уулзалт сар бүрийн эхний долоо хоногийн гурав дахь өдөр болж байх юм. Уулзалтын өмнө аймгийн удирдлагуудаас тухайн аймагт шинээр хийсэн ажил болон тулгамдаж буй асуудлыг бичгээр авсан бөгөөд нийтдээ 60 гаруй асуудал ирүүлжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эндээс долоон аймгийн найман асуудлыг онцоллоо.
Баян-Өлгий аймгийн хувьд жижиг дунд үйлдвэрийн зээлийн санд хамрагдсан зээлдэгч нарыг нэг бүрээр нь хэвлэлээр ил тод мэдээлсэн, Говь-Алтай аймаг халаалтын өдөрлөгийг 9 дүгээр сарын 15-наас эхлэн зохион байгуулж байгааг, Говьсүмбэрчүүд төрийн байгууллагуудын ажлыг 8 цагаас эхлүүлж, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор нээлттэй утас ажиллуулах болсныг сайшаалаа. Мөн түүнчлэн Дорноговь аймаг хүнс хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа, Орхон аймгийн Засаг дарга уулзах хүсэлтэй иргэдээ цагийн хуваарьгүйгээр хүлээн авах болсон,Сүхбаатар аймаг брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилгоор зах зээлийн өдөрлөг зохион байгуулж байгаа, Ховд аймаг уурхайн нүүрсээ иргэддээ хямдаар борлуулж байгаа зэрэг ажлыг Ерөнхий сайд тэмдэглэж, бусад аймгуудыг эндээс үлгэр жишээ авч аймагтаа нэвтрүүлэхийг санал болголоо.
Засгийн газрын тэргүүн Сэлэнгэ , Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад ажиллаж, энэ чиглэлээр авах арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байгааг хурлын үеэр мэдээлээд, иргэдээ цахим үнэмлэхжүүлэх ажлыг энэ сард багтаан дуусгах үүрэг даалгаврыг аймгийн удирдлагуудад өглөө.
Ингээд аймгуудаас ирсэн саналд холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан , зохих хариултыг өгөв. Баян-Өлгий аймгийн хувьд зарим сумын иргэд Хүний хөгжил сангийн мөнгөө бүрэн аваагүй байгааг хэрхэн зохицуулах вэ гэсэн асуултад Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан “Энэ мөнгөний санхүүжилт дутуу орсон байгаа. Санхүүжилт шийдэгдвэл гүйцээж олгох бүрэн боломжтой” гэсэн хариултыг өглөө. Мөн Говьсүмбэр аймгийн 10 ортой төрөх эмнэлгийн дутуу санхүүжилт өнөөдөр шийдэгдэж байгаа, Дорноговь аймгийн нутаг дээр тавигдаж байгаа 62.2 км замын асуудал хятадын хоёр компаний маргалдааны улмаас хойшлоод байгаа, хэрэв удвал улсын төсвийн мөнгөөр энэ асуудлыг шийдэх боломжтой гэсэн хариултыг холбогдох албаны мэргэжилтнүүд өгч байлаа. Харин Дорнод аймгийн хувьд улаан буудайгаа экспортлох төлөвлөгөө нь эргэлзээ төрүүлж буйг Ерөнхий сайд дурьдаад, эргэж энэ тухай ярилцахаар болов. Засгийн газраас мах, гурил, шатахууны асуудалд онцгой анхаарна гэдгээ гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдэгдээд, огт будаа тариагүй хүн урамшуулал аваад явж буй баримт бий. Иймэрхүү үзэгдлийг таслан зогсоох болно гэлээ.
Мөн Орхон аймагт өнгөрсөн зун их хэмжээний бороо орсны улмаас олон айл орон гэргүй болжээ. Эдгээр айлын асуудлыг шийдэж өгөөч гэсэн тус аймгийнхны хүсэлтэд Улсын онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр “ 9 дүгээр сарын 22-ны Засгийн газрын хурлаас энэ асуудлыг ярилцаж, 398.7 сая төгрөгийг шийдэж өгсөн байгаа” гэсэн хариултыг өглөө. Аймгууд өөрсдийн эрсдлийн сантай болж, иймэрхүү асуудлыг аймгууд өөрсдөө шийддэг тогтолцоо руу алсдаа шилжих болно гэдгийг ч Ерөнхий сайд энэ үеэр тэмдэглэлээ.
Өвөрхангайн төвд байгуулагдаж буй цэвэрлэх байгууламжийг барих компани одоо болтол тодроогүй, Сүхбаатар аймгийн дулааны цахилгаан станц энэ жилдээ багтаж ашиглалтад орох уу, Увс аймгийн Баруун туруун сумын үрийн нөөцөд хадгалагдаж буй буудайг сольж болох эсэх зэрэг асуултууд ч эзэддээ очиж, зохих хариултаа авлаа. Увс аймгийн Сагил суманд баригдаж буй хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилт төсвийн тодотголоор хасагдсаны учрыг яаралтай тодруулахыг Ерөнхий сайд Сангийн яамныханд үүрэг болголоо.
Мөн түүнчлэн цахим хуралд оролцсон аймгуудын удирдлагуудын ихэнх нь сум хөгжүүлэх сангийн санхүүжилт хэзээ орж ирэхийг тодруулж байсан. Үүнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тодорхой хариултыг өглөө. “Нэг суманд барагцаалбал 150-800 орчим сая төгрөг төсөвлөгдсөн байгаа. Үүнийгээ сумынхаа иргэдийн төлөөлөлтэйгөө нээлттэй ярьж, үр ашигтай зарцуулаарай. Мөн түүнчлэн жижиг дунд, үйлдвэрийн зээл олгохдоо эргэн төлөлтийн асуудал дээр Засгийн газар онцгой анхаарч байгаа. Энэ тайлангаа өгөхгүй бол зээл олгогдохгүй. Мөн хэдэн ажлын байр нэмэгдүүлсэн бэ гэдэг үзүүлэлтийг гол болгоно ” гэлээ.
Ийнхүү 1 цаг 10 минут үргэлжилсэн энэхүү уулзалтад аймаг бүрийн бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг зохих хэмжээгээр шийдвэрлэж өглөө. Дараа сарын уулзалт ирэх сарын 7-нд болно гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.