Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.06.30 /
ХҮН АМЫН 87.3 ХУВЬ НЬ ХИШИГ, ХУВИА БЭЛЭН БУС ХЭЛБЭРЭЭР АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

“Хүний хөгжил сангийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдээс хишиг, хувийг бэлэн бусаар авах хэлбэрийн талаар санал авсан дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 2 сая 358 мянга 432 хүн хишиг, хувиа бэлэн бус хэлбэрээр авах саналаа өгөөд байна. 

Үүнд :

1. Тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт санал өгсөн нийт иргэдийн 22,1 хувь буюу 520 665 иргэн:
а. тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх  303 445 иргэн буюу 12,9 хувь
б. эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх 217 220 иргэн буюу 9,2 хувь

2. эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт санал өгсөн иргэдийн 14,6 хувь буюу 344 768 иргэн :
а. иргэнийг халдварт өвчнөөс сэргийлэх вакцинд хамрагдах нөхөн төлбөрт 104 845 иргэн буюу 4,4 хувь
б. нарийн мэргэжлийн болон явуулын амбулаторийн  үзлэгт хамрагдах төлбөрт 127 402 иргэн буюу 5,4 хувь
в. оношлогоо эмчилгээнд хамрагдах төлбөрт 112 521 иргэн буюу 4,8 хувь

3. боловсролын үйлчилгээний төлбөрт санал өгсөн иргэдийн 18,5 хувь буюу 437 992 иргэн :
а. оюутны сургалтын төлбөрт 256 892 иргэн буюу 10,9 хувь
б. сурагчдын сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны төлбөрт 137 515 иргэн буюу 5,8 хувь
в. мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хурдавчилсан мэргэжлийн сургалтын төлбөрт 43 585 иргэн буюу 1,8 хувь

4. орон сууц худалдан авах урьдчилгаа зээл болон зээлийн хүүг төлөхөд санал өгсөн иргэдийн 18,1 хувь буюу 427 716 иргэн 

5. малчны зээл болон бусад зээлийн төлбөрт санал өгсөн иргэдийн 31,4 хувь буюу 739 812 иргэн :
а. малчны зээлийн төлбөрт 173 698 иргэн буюу 7,4 хувь
б. бусад зээлийн төлбөрт 566 114 иргэн буюу 24 хувь . Эндээс харахад хүн амын 87.3 хувь нь хишиг, хувиа бэлэн бус хэлбэрээр авах сонирхолтой байгаа нь тогтоогдоод байна.

“Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор өгсөн үүргийг хэрэгжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгав. 
 
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хангах зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгохтой холбоотой харилцааг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгуулав. Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын ахлах энэ Ажлын хэсэгт төрийн захиргааны төв байгууллагад ажилладаг, хувийн салбарын үйл ажиллагаа эрхлэгчидтэй ажил хэргийн шугамаар хамтран ажиллаж туршлага хуримтлуулсан, аж ахуй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох зохицуулалтыг боловсруулж, хянаж, батлах эрх мэдэл бүхий албан хаагчид, мэргэжлийн төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оруулах юм. 

Мөн Ажлын хэсэг болон холбогдох байгууллагуудын шуурхай ажиллагааг хангах зорилгоор “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбогдсон хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох ажлын удирдамж”-ийг батлав. Энэ удирдамжаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбоотой хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох зарчим, шалгуур болон арга хэлбэр, зохион байгуулах үйл ажиллагаа, хамрах хүрээ, ажлын хэсгийн эрх үүрэг, зөвшөөрөл, эрх зүйн актыг хянан үзэх үе шат, журам зэргийг тогтоох юм.

АРГА ХЭМЖЭЭ АВСНААР МАХНЫ ҮНЭ БУУРЧЭЭ

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцлаа. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран 2010 оны 6 дугаар сарын 7-15 өдөр “Хүчит шонхор” зах, “Скай” хайпермаркетийн талбайд “Махны өргөтгөсөн яармаг-худалдаа” зохион байгуулжээ. 

Энэ хугацаанд хонь, үхрийн ястай болон цул махыг тухайн үеийн ханшнаас дунджаар 15 хувиар хямд нийлүүлж  нийт 31.5 мянган тонн мах борлуулсан байна. “Хүчит шонхор” захад үхрийн кг мах 4650, хонины мах 3800, ямааных 2800, адууных 2650, дайвар бүтээгдэхүүнийг 1500 төгрөгөөр худалджээ. Энэ нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас 20-28 хувиар бага байжээ. 

“Скай” хайпермаркетад 1 кг хонины махыг 3800, үхрийн махыг 4300, адууны махыг 2500 төгрөгөөр худалдсан байна. 
2010 оны 6 дугаар сарын 28-ны байдлаар 1 кг махны үнэ өмнөх 5 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн мах 12, хонины мах 19, адууны мах 13, ямааны мах 6 хувиар буурсан судалгаа гарчээ. 

Дорнод аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан зүүн аймгуудаас нийлүүлэх мал, маханд хязгаарлалт тогтоосон учир нийлүүлэлт буурч төвийн аймгуудаас нийлүүлэх мал, махны хэмжээ нэмэгдэж байна. Баяр наадам дөхөж байгаа энэ үед малчид малаа авчирч тодорхой газруудад зарж байгааг хориглохгүй ч халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор цэгцэлж, зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай болжээ.  

“Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын дагуу махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулсан, гол нэрийн бүтээгдэхүүний үнийг судалж байгаагаас бусад асуудлыг хэрэгжүүлж эхлээгүй байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газарт Засгийн газраас анхааруулав. 

Тогтоолыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлтийг сар бүрийн эцэст Засгийн газарт танилцуулж байхыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.мөнхбаярт даалгав.

ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

Хуулийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Амбулаторийн үзлэг, шинжилгээ, оношлогоо, өдрийн эмчилгээ, үйлчилгээ, хөнгөвчлөх  тусламж, үйлчилгээ, уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээг даатгалаас санхүүжүүлж, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцад нэмж оруулахаар тусгасан байна. Мөн даатгуулагчийн гадаад улс оронд хийлгэсэн эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын дээд хязгаарт багтаан олгохоор төлөвлөжээ. 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураах, эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг батлахтай холбоотой харилцааг зохицуулах, даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах, чанар, хүртээмжид хяналт тавих, санхүүжилтийг тусламж, үйлчилгээний чанартай уялдуулах, эрүүл мэндийн даатгалын мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, даатгуулагчид өгөх мэдээллийг сайжруулах үүрэгтэй байхаар зохицуулж байна. 

Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бие даалгаж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн даатгалын байцаагчийн эрх, үүрэг болон эрүүл мэндийн даатгалын  тухай хууль зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг мөн тусгажээ. 

УИХ-д өргөн барьсан нийгмийн халамжийн багц хуулийн төсөлд нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай /ядуу/ өрхийн гишүүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцахаар заасан. Иймээс төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэдийн хүрээнд өөрчлөлт оруулж, энд дурдсанаас бусад өрхийн хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эцэг, эх нь хариуцахаар төсөлд тусгасан байна.

НЭР БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ШАГНАВ

Ардын хувьсгалын 89 жилийн ойг тохиолдуулан дор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнав. 
Үүнд :
1. Э.Цасчихэр - Увс аймгийн Засаг дарга
2. С.Энхбаатар - Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга 
3. Г.Ганболд - Гадаад харилцааны яамны Европын газрын зөвлөх 
4. Б.Батжаргал – Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга 
5. Д.Баярмагнай - ОБЕГ-ын Аврах тусгай ангийн аврагч 
6. С.Одончимэг - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч
7. Д.Батболд - БОАЖЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга 
8. С.Болдбаатар -  Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хошууч 
9. А.Цолмон - БСШУЯ-ны ахлах мэргэжилтэн 
10. Ж.Бямбадорж  - Орхон аймгийн “Орхон-Азза” ХК-ийн автогрейдерчин
11. Ю.Отгонбилэг -  НХХЯ-ны мэргэжилтэн 
12. П.Ганхуяг - ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга 
13. С.Мөнх-Очир - “ДЦС IY” ТӨХК-ийн уурын цехийн инженер 
14. Ш.Энхтөр – ЭНЭШТ-ийн клиникийн захирал

ТОВЧХОН

• Төсвийн тухай хуулийн төслийг дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Их засвар, хөрөнгө оруулалтын эрх, тендерийг өөрсдөө мэдэж шийддэг байх зэргээр эрх мэдлийг орон нутагт өгөхөөр төсөлд тусгаад байна. Энэ хуулийн төсөл нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Төсөл батлагдсанаар төсвийн талаархи эрх зүйн орчин бусад улс орны төсвийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн нэгэн адил ойлгомжтой, системтэй болж төсөв боловсруулах, гүйцэтгэх, хяналт тавих үе шатанд холбогдох этгээдийн үүрэг хариуцлага сайжирч төсвийн сахилга бат дээшилнэ. Хуулийн төсөлд тусгасан дунд хугацааны хөтөлбөрийн төлөвлөлтийг хэрэгжүүлснээр Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй санхүүжүүлэх боломж бүрдэх юм.

• “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 

• УИХ-ын гишүүн Л.Гүндалайн санаачлан боловсруулсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэв.

• “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээд дэмжиж Засгийн газрын тогтоол гаргахаар болов.

• 2010 оны 7-8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 7-8 дугаар сард олон жилийн дунджаас дулаан байх бөгөөд хэд хоног өдөртөө огцом халж үр тариа, бэлчээрийн болон таримал ургамлын ургалтад тааламжгүй нөлөөлж болзошгүй байна. Мөн хур бороо олон жилийн дундаж хэмжээнд орох төлөвтэй учир зарим үед усархаг аадар бороо, мөндөр орж үер буух, дуу цахилгааны өмнө салхи түр зуур хүчтэй ширүүсэх мэдээ гарчээ. 7-8 дугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байх нь.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭТГЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Засгийн газар бичиг цаасны хүнд суртлыг арилгана
Бизнес эрхлэгчдийн дуу хоолой илүү тод байх ёстой
Ерөнхий сайд БНСУ-д ажиллаж байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг чухалчлав
ГЕРМАНУУД БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИНЭ
Ерөнхий сайдад Саудын Арабын Газрын тосны сайд бараалхлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан