Монгол улсын Засгийн газраас энэ оныг бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд Засгийн газраас тодорхой ажлууд хийж эхэлсний нэг нь өнөөдөр төрийн ордонд болсон “ Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тогтлолцооны шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг байв. Тус хэлэлцүүлэгийг Засгийн газар олон улсын санхүүгийн корпорацитай хамтран зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлгийг нээж Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн. Тэрбээр Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байхдаа төрийн хүнд суртлыг багасгах, аж ахуй эрхлэх үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, хуучирсан олон дүрэм, журмыг хүчингүй болгох цөөлөх, хувийн хэвшлийн бүтээлч үйл ажиллагааг төрөөс бодитойгоор эхлүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байсан юм. Ерөнхий сайд ийнхүү өмнөх туршлага дээрээ үндэслэн 2010 оныг бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарлаж энэ хүрээндээ бүхий салбаруудад аж ахуйн үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, түүнийг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол улсын шадар сайдаар ахлуулан байгуулж байгаагаа энэ үеэрээ тэмдэглэн хэллээ.
Мөн тэрбээр Засгийн газар Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж байгаа тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа тухай мэдээллээ. Барилгын салбарт тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нэг цэгийн горимд шилжүүлэх, зөвшөөрлийн тоог бууруулах тал дээр ажиллаж байгаа, эд хөрөнгийн бүртгэлийг онлайн болгох, үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулж 128 нэр төрлийн үйлчилгээнд хураамж авч байгааг багцалж 53 болгож байгаа аж. Тухайлбал 20 нэр төрлийн хураамж байсныг нэгтгэн найм болгон багасгах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний хөлсийг 50 хувь бууруулж 0.05 хувь болгох зарим үйлчилгээг хураамжгүй болгож байгаа гэх мэт сонирхолтой баримтуудыг дурдаж байсан.
Ерөнхий сайд С.Батболд энэ оны наймдугаар сард багтан яам агентлаг болон төрөөс зөвшөөрөл олгох зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааны жагсаалт гаргаж ажлын хэсэгт ирүүлэх, эдгээр зөвшөөрлийн мэдэээллийг яамдын төрийн нарийн бичгийн дарга нар Засгийн газарт ирэх аравдугаар сард багтаан танилцуулахыг энэ үеэр үүрэг болгож байгаагаа хэлсэн. Хэрэв заасан хугацаанд мэдээлэл ирэхгүй бол зөвшөөрлийг хүчингүйд тооцох тухай ч сануулаад авсан юм. Мөн жагсаалтад орсон эдгээр зөвшөөрлүүд шаардлагатай эсэхийг дахин нягтлах үүргийг Хууль зүй дотоод хэргийн яаманд бас өгсөн.
Хэлэлцүүлгийн үеэр БНСУ-ын Хон-Ик их сургуулийн профессор Жон Сок Ким, Олон улсын санхүүгийн корпорацийн менежэр Тарик Сахович нар Солонгос болон Зүүн европын улс орнуудын туршлагыг жишээн дээр тулгуурлан ярьж байлаа. Мөн Шинэтгэлийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв. Хэлэлцүүлгийн дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.