БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИД БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ ХУУЛИНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ
Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлэхээр тогтов. Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргаснаас хойш банкууд хуулийн зүйл, заалтыг гуйвуулан ашиглах хандлага ажиглагдах болсон байна.
Банкны дийлэнх хөрөнгийг төр батлан дааж байгаа учир банкууд эрсдлийн удирдлагаа сулруулах, харилцагч банкны санхүү, төлбөрийн чадварыг үл харгалзан эрсдэл өндөртэй банкуудад хөрөнгөө байршуулж байгаа нь банкны системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх аюултай болжээ. Санхүү, төлбөрийн чадварын хүндрэлд орсон болон орж болзошгүй банкууд хэт өндөр хүү амлаж, өөрсдийн эрсдэл даах чадвараас их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж байгаа бөгөөд энэ нь банкны системийн зээлийн хүүгийн дундаж түвшинг бууруулахад ч сөргөөр нөлөөлж байна.
Тухайн банкинд зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалттай этгээд болон түүний холбогдох этгээдийн харилцах, хадгаламжийг төрөөс гаргаж байгаа баталгаанд хамруулан тооцож байгаа. Энэ нь төлбөрийн чадваргүй болсон банкнаас зээл авсан харилцагчид зээлийн өрөө төлөхөөс зайлсхийх, хариуцлага хүлээхгүй байх боломжийг ч нэмэгдүүлж байна.
Иймд төрөөс батлан даах хөрөнгийн төрөл, хэмжээг хязгаарлах заалтуудыг хуульд нэмж тусгах шаардлагатай болсон гэж Засгийн газар үзлээ. Түүнчлэн төрийн баталгаанд хамрагдаж байгаа харилцах, хадгаламжийн үлдэгдлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг жил бүр Засгийн газрын тусгай дансанд төвлөрүүлэхээр зохицуулснаар сонгодог хэлбэрийн хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлнэ. Энэ нь банкны системд хүндрэл үүсэхэд төр, улсын зүгээс төсвөөс зарцуулах хөрөнгийн зардлыг бууруулах ихээхэн ач холбогдолтой юм.
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЭН ШИЙД ГАРГАВ
Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд танилцуулав. Дорнод аймгийн Халхгол, Матад, Баянтүмэн, Булган сумын нутагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардалд 80,6 сая, зориудаар устгасан малын нөхөн олговорт 247,3 сая, нийт 327.9 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг чангатган, голомтыг устгах, мал сүргийг дархлаажуулах, өвчний тархалтад тандалт судалгаа хийж гарал үүслийг нь тогтоохыг холбогдох яам, Дорнод аймгийн удирдлагад даалгав. Шүлхий өвчний халдвар тархах эрсдэл өндөр байгааг харгалзан хорио цээр тогтоосон нутгаас малын шилжилт хөдөлгөөн хийх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхгүй байх, баяр наадам болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах, Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймагт зүүн аймгуудаас үржлийн мал шилжүүлэхийг 2 жилийн хугацаагаар зогсоохоор боллоо.
Халдварын голомт илрээгүй Дорнод аймгийн сумдаас зөвхөн үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлж, түүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох яам, байгууллага, аймгуудын удирдлагад даалгав. Халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага болон гамшгаас хамгаалах улсын албаны хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт үүрэг болгов.
Засгийн газраас гаргасан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод үүрэг болголоо. Дорнод аймгийн дээрх сумдад шүлхий өвчний шинж тэмдэгтэй 1308 малыг устган булшилж, орчныг нь ариутгаж халдваргүйжүүлээд байна.
ТОВЧХОН
• Хүний хөгжил сангаас олгох хишиг, хувийн хэмжээг нэмэгдүүлэн, сар бүр олгох тухай асуудлыг хэлэлцээд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Ингэснээр Засгийн газар хүүхдийн мөнгийг ч олгох, халамжийн мөнгийг ч олгох байр сууриа хадгалж байна.
• УИХ-ын гишүүн Ц.Батбаярын санаачлан боловсруулсан “Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн төсөл санаачлагчид уламжлахаар болов.
• УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулсан “Монгол Улсын хуулиудын ангилал, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
• “Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийх дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж, ХЗДХ-ийн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлуулах тул Засгийн газрын 1997 оны 177 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдэв. Дээрх дүрмийг баримтлан санхүү бүртгэлийн маргаантай асуудалд шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийж дүгнэлт гаргаж байсан ч энэ чиглэлээр хийж байгаа шинжилгээний цар хүрээ өргөжиж байгаа учир шинэчлэх шаардлага гарчээ.
• Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний илтгэлийн төслийг хэлэлцэн дэмжээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэх талаар арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2010 оны 11 дүгээр сард болох Хүний эрхийн Зөвлөлийн Ажлын хэсгийн ээлжит 9 дүгээр хуралдаан, 2011 оны 3 дугаар сард болох Хүний эрхийн Зөвлөлийн 16 дугаар чуулганаар Үндэсний илтгэлийг хамгаалах Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, гарах зардлыг хэлэлцүүлэн батлуулахыг Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгав.
• Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Ян Фишерийн 2010 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Айлчлалын үеэр хөндөгдсөн Прага хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байр байрлаж байгаа хэсэг газрыг тус улсын Засгийн газрын хөрөнгөөр монголын өмч болгон худалдан авах боломжийг судалж, арга хэмжээ авахыг холбогдох яамдын сайд нарт даалгалаа.
• Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 5 дугаар хуралдааныг 2010 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв.
• Хувиргасан амьд организмыг Улаанбаатар хотын Буянт-Ухаа хилийн боомтоор нэвтрүүлэхээр тогтов. Үүнд олон улсын гэрээ, эрх зүй болон хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газрын удирдлагад үүрэг болгов. 2008-2009 оны байдлаар хувиргасан амьд организм ашиглан үйлдвэрлэсэн 26 нэр төрлийн энзим, 119 зүйлийн ургамал, 83 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, Е серийн 80 гаруй нэр төрлийн бодис бүртгэгдэн олон улсын зах зээлд борлуулагдаж байна. Хүнс, эмийн бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг гаднаас авдаг манай орны хувьд хувиргасан амьд организмын бүртгэл, хяналтыг сайжруулан олон нийтэд ашигтай болон эрсдэлтэй талыг нь нээлттэй мэдээлэх үүргээ олон улсын өмнө биелүүлэх шаардлага зүй ёсоор гарч байгаа юм. Иймээс хувиргасан амьд организмыг нэвтрүүлэх хилийн боомтыг Буянт-Ухаа байх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.
• Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн балансад бүртгэлтэй, нийслэлийн БЗД-ийн 9 дүгээр хороонд байрлах, төвлөрсөн дулаан болон цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй 30 айлын 6 орон сууцыг орон сууц эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрөв. Энэ байранд 30 өрхийн 144 хүн 1972 оноос хойш амьдарч байна.
• “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц байдлын талаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих Үндэсний зөвлөлийн дарга, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулав. 2009 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 4616 осол, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1387 гарч, 317 хүн нас барж, 918 хүн хүнд, хөнгөн бэртсэн байна.
• Сингапур Улсад 2010 оны 6 дугаар сарын 4-6-ны өдөр болсон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын “Шангри-Ла яриа хэлэлцээ-2010”, 6 дугаар сарын 11-ний өдөр Бельгийн Вант Улсын Бруссель хотноо болсон Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын батлан хамгаалахын сайд нарын уулзалтад Батлан хамгаалахын сайд Л.Болдын оролцсон тухай дүнтэй танилцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.