Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.06.25 /
“Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив.

Хуульд нэмэлт оруулах тухай

“Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль” 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2009 оны 3 дугаар сарын 6-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж банкинд байршуулсан харилцахын үлдэгдлийг төрийн баталгаанд хамруулсан. Энэ нь арилжааны банкуудын харилцах, хадгаламж гадагшлах урсгалыг тогтвортой болгох, Олон улсын валютын сангаас Засгийн газарт олгох зээлийн урьдчилсан нөхцлийг хэрэгжүүлэх зорилготой байлаа.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш банкууд хуулийн зүйл, заалтуудыг гуйвуулан ашиглах хандлага ажиглагдаж байгаа тул төсөвт учирч болзошгүй эрсдлийг Засгийн газар бууруулах шаардлагатай болж байна. Иймээс банк хоорондын захаас болон гадаадын банк, санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламж, тухайн банкинд зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын өр төлбөртэй этгээдийн болон түүний холбогдох этгээдийн харилцах, мөнгөн хадгаламжийг төрийн баталгаанд үл хамруулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Учир нь банкны удирдлага харилцагч банкны санхүү, төлбөрийн чадварын талаар дүгнэлт хийн, эрсдлийг тооцож үзэн харилцах, хадгаламжийг байршуулах ёстой. Хуульд банк хоорондын захаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг хамруулсан нь эрсдэл өндөртэй банкуудад өндөр хүүтэй зээл олгон үүнийгээ хадгаламж гэж бүртгэж, эцэстээ алдагдлыг төрд үүрүүлж болзошгүй байгаа юм. Мөн тухайн банкны холбогдох этгээд болон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалттай этгээдийн харилцах, хадгаламжийг төрөөс гаргаж байгаа баталгаанаас хасахаар хуулийн төсөлд тусгажээ.

Санхүү, төлбөрийн чадварын хүндрэлд орсон болон орж болзошгүй банкууд хэт өндөр хүү зарлан, эрсдэл даах чадвараас их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, үүгээр дамжуулан банкны системийн найдвартай, тогтвортой, байдал, хүүгийн дундаж түвшинг бууруулахад сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ төрөөс гарч болзошгүй зардлын хэмжээг ч зүй бусаар нэмэгдүүлж байна. Иймд төрийн баталгаанд хамрагдах харилцах, хадгаламжийн хүүг Монголбанкны бодлогын хүүгийн түвшингээр хязгаарлах зохицуулалтыг нэмэхээр төлөвлөжээ.

Төрөөс гаргасан хадгаламжийн баталгаанаас хадгаламжийн даатгалын сонгодог тогтолцоонд аажмаар шилжүүлэх шаардлага гарч байна. Хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагааны эх үүсвэрийг одооноос бэлтгэж эхлэх зорилгоор банкууд төрийн баталгаанд хамрагдаж байгаа мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг жил бүр Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа. Засгийн газар, Монголбанк хамтран “Иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.

УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай

“Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолд “хишиг, хувийг 2 хувааж олгох бөгөөд эхний ээлжинд 70.0 мянган төгрөгийг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгож, цаашид хүртээх хишиг, хувийн хэмжээг нэмэгдүүлэх” гэж заасны дагуу эхний мөнгө болох 70.0 мянган төгрөгийг олгосон. Мөнгийг бөөнөөр олгосон нь улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшинг өсгөн, зарим бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгох хандлагатай байна.

Инфляцийн түвшинг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Хүний хөгжил сангаас олгох хишиг, хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэн сар бүр олгох нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх үеэр “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2011 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь өргөн мэдүүлэх бөгөөд тогтоолын төсөлд иргэн бүрт сар тутам 20.0 мянган төгрөг олгож байхаар төлөвлөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд шилдэг тамирчдаа урамшууллаа
Ерөнхий сайд Энэтхэгийн парламентын Ардын танхимын даргатай уулзлаа
Үндэсний их баяр наадмын найруулагчид баг болж ажиллана
Баяр наадмын бэлтгэлийг чанартай хийхийг үүрэг болголоо
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССТОЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ “НОТОЛГООНД СУУРИЛСАН ХУДАЛДААНЫ БОДЛОГО БА АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ НЭГДЭХ ХЭЛЭЛЦЭЭНИЙ АРГА ХЭРЭГСЛҮҮД” СЭДЭВТ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СЕМИНАРЫГ НЭЭЖ МОНГОЛ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан