Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.21 /
ТАВАН ТОЛГОЙН ОРДЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

Таван толгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах баримт бичгийн болон түүнтэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Үндэсний  аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсны үндсэн дээр Улсын Их Хуралд хүргүүлэхээр тогтов. 

Ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах болсонтой холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зохих журмын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Таван толгой ордын нүүрсний нөөцийг олон улсад түгээмэл хэрэглэдэг аргачлалын дагуу тооцож хэлэлцээ хийхийг Ажлын хэсэгт зөвшөөрлөө.

Хөрөнгө оруулалтын гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу Таван толгой ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани болон ордыг хамтран ашиглахаар шалгарсан стратегийн хөрөнгө оруулагч компани /консерциум/-тай Засгийн газар гурван талт оролцогчийн хэлбэрээр байгуулна.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэдийгээр төрийн өмчит компани боловч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн статусын хувьд “Оюу толгой” ХХК-тай адил Монголд бүртгэлтэй компани юм. Ордын стратегийн хөрөнгө оруулагч нь гадаадын компани байна. Хуульд заасан татварын орчныг тогтвортой болгох зэрэг заалт нь гадаадын хөрөнгө оруулагчид шууд хамааралтай тул ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компанитай нүүрсний олборлолтын гэрээ байгуулан ажиллах гадаадын хөрөнгө оруулагчийг энэ гэрээнд хамтран оролцуулах боломжтой гэж Ажлын хэсэг үзжээ.

Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь нийт 19 бүлэг, 143 зүйл, 2 хавсралтаас бүрдэнэ. Гэрээний хавсралтаар ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани, гэрээ байгуулахаар сонгон шалгарсан олборлогч компаний хооронд байгуулах нүүрс олборлолтын гэрээг тусгасан байна. 

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд хэлэлцээ хийж байгаа компани / консерциумуудад урилга хүргүүлэх бөгөөд урилгыг хүргүүлснээс хойш 1.5-2 сарын дараа материалыг хүлээн авахаар төлөвлөөд байна. Хөрөнгө оруулагчийг шалгаруулахдаа чадварын үзүүлэлт, санхүү техникийн санал,төслийн үе шат, төлөвлөлтийн талаар ирүүлсэн саналд оноо өгнө.

Хоёр удаагийн яриа, хэлэлцээний үеэр оролцогчдоос ордыг ашиглах үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын талаар санал авсан боловч дараагийн шатанд нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулалт зохион байгуулж урьдчилсан шалгаруулалтын дүнг Засгийн газарт танилцуулан, эцсийн шатны хэлэлцээний тодорхой чиглэлийг батлуулахаар Ажлын хэсэг тооцоолжээ.  

Одоогийн байдлаар Бразилийн “Вале”, Энэтхэгийн “Жиндал Стил энд Пауэр”, БНСУ-ын 11 компаниас бүрдсэн консерциум, ОХУ-ын хоёр компаний консерциум, АНУ-ын “Пибоди Энэржи” болон БНХАУ-ын “Шинхуа Энэржи” компаний хамтарсан консерциум, Япон Улсын “Мицуи энд Ко” компани, мөн улсын “Иточу“ корпорациар ахлуулсан “Сожиц”, “Марубени”, “Сумитомо” 4 компаний консерциум, Швейцари-Австралийн “Экстрата” компани, ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэг, БНХАУ-ын “Эрдос Чинглон Коул” групп орд ашиглах саналаа Ажлын хэсэгт танилцуулаад байна.       

ХУВИАРАА АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОГЧДЫН АСУУДЛЫГ ЗОХИЦУУУЛНА

Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-үүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 

Нутгийн өөрөө удирдах байгууллага бичил уурхайн зориулалтаар олгох газрыг сонгож, энэ газрын талаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрсөн дүгнэлт гарсан тохиолдолд Засаг дарга ашигт малтмал олборлох гэрээ байгуулах өргөдөл гаргасан нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж ашиглуулна.

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэд Иргэний хуульд заасны  дагуу хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж болохоор “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд тусгасан байна. 

Хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар иргэд хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа бичил уурхайн хэлбэрт шилжих, бичил уурхай эрхлэх газрын асуудал шийдэгдэх, иргэд зохион байгуулалтад орж, орон нутагт албан ёсны бүртгэлтэй болох, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаарх Засгийн газрын бүрэн эрх, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгуулагын эрх, үүрэг тодорхой болно 

Мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөл сайжран, бичил уурхайгаар олборлосон үнэт металл, эрдэнийн чулууны борлуулалт хяналтад орж, ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Орон нутгаас авсан мэдээллээр 2009 оны 8 дугаар сарын байдлаар 35100 гаруй иргэн 18 аймгийн 57 орчим сумын 101 цэгт хувиараа алт, жонш, нүүрс, гянтболд болон бусад ашигт малтмал олборлож байна.

ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Өмнөговь болон Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”-ийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэлэлцээ хийсний дараа буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд С.Баярцогтод олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтов. 

2010 оны 6 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл 4,5 жилийн хугацаанд хэрэгжих төслийн нийт өртөг 21.9 сая ам доллар бөгөөд үүний 15,0 сая ам долларыг Азийн хөгжлийн банк, 6,9 сая ам долларыг Засгийн газар гаргах юм. Төслийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс, Ханбогд сумын дэд бүтэц хөгжүүлэх, зохистой, үр ашигтай хот төлөвлөлт хийх, цэвэр, бохир усны систем, дулаан хангамжийг сайжруулна. 

Төсөл нь /А/ институцийн хөгжил, чадавхийг бэхжүүлэх болон /Б/ эн тэргүүнд сайжруулах дэд бүтэц гэсэн үндсэн хэсэгтэй. /А/ хэсгийн хүрээнд нийтийн аж ахуйг сайжруулах, хот төлөвлөлт, бодлого боловсруулалтыг нь сайжруулахад чиглэсэн институцийн хөгжил, чадавхийг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, төслийн удирдлага, төслийн гүйцэтгэлийн хяналтад дэмжлэг үзүүлнэ.

/Б/ хэсэгт усны эх үүсвэр, дамжуулалт, хадгалалт, түгээлтийн системийг боловсронгуй болгох, цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн бохир ус цэвэршүүлэх, дахин ашиглах, халаалтын үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, аймгийн төв, томоохон суурин газарт хатуу хучилттай зам барих, хатуу хог хаягдлыг төвлөрсөн цэгт булах, хяналт хийх, хатуу хог хаягдлыг цуглуулах ажлыг сайжруулах, үерийн хамгаалалт, даланг сайжруулах зэрэг ажил хийгдэнэ.  

ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦНО

Эрчим хүчний зохицуулах газар нь зохих хууль тогтоомжид заасан үүргээ хангалтгүй биелүүлж, 2006 оноос хойш хийсэн зохицуулалт оновчгүй байсан нь салбарын компаниудын санхүү, эдийн засгийн үзүүлэлтээс харагдаж байгаа тул тус газрын зохицуулагчдын зөвлөлийн дарга, гишүүдийг өөрчлөх шаардлагатай гэж Эрдэс баялаг, эрчим хүчний яам үзэж байна. 

Тус яамнаас хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүгнэлттэй танилцаад Эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагчдын зөвлөлийн дарга Р.Гаанжуурыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв. Зохицуулагчдын зөвлөлийн дарга Р.Гаанжуурыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болон шинээр дарга томилох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.  

Эрчим хүчний зохицуулах газрын 2010 оны зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төсөв батлах тухай асуудлыг хэлэлцээд “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төсөв батлах тухай” Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Мөн хурлаас Эрчим хүчний зохицуулах газрын эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2010 онд авах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ болон тус газрын 2010 оны зардлын төсвийг батлав.

“ХАЛХ ГОЛ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

“Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г сайшааж,”Халх гол” төслийг хэрэгжүүлэхийг Засгийн газрын тогтоолоор, төслийг зохицуулах удирдлага арга зүйгээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулав. Дорнод Монголын хөгжлийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу “Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г БНСУ-ын “КОЙКА” олон улсын байгууллага хийж ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгсөн байна.  

“Мастер төлөвлөгөө”-нд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах, бүс нутгийн байгаль орчин, дэд бүтцийн хөгжил зэрэг 5 салбарт 18 төрлийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Халх голын бүс нутагт улаан буудай, тэжээлийн таримал тариалах аж ахуй, гурил, сүү боловсруулах үйлдвэр байгуулах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж үзэж байна. Төслийн хүрээнд БНСУ-ын буцалтгүй тусламжаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн загвар аж ахуй байгуулах юм.

Халх голын бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар 170,0 мянган га талбайг тодорхой болзол нөхцлийн дагуу ашиглуулах, төслийн багийн болон төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2011 оноос эхлэн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, олон улсын зээл, тусламж, төсөл арга хэмжээнд хамруулан хэрэгжүүлэх, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт  танилцуулж байхыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгов.

“Халх гол” төсөл хэрэгжсэнээр манай улсын зүүн бүсэд мал аж ахуй, газар тариалангийн салбарыг байгалиас хараат бус, байгальд ээлтэй, экспортын баримжаатай салбар болгон хөгжүүлж, бүс нутгийн хүнсний баталгаат байдал хангагдан, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ.  

Халх голд шар буурцаг, эрдэнэ шиш, наранцэцэг, рапс, газрын самар, сагад, цагаан будаа зэрэг таримлыг усалгаатай нөхцөлд туршиж, импортыг орлох ургамлын тос, цагаан будаа үйлдвэрлэж, зөгийн аж ахуй хөгжүүлэх боломжтой. Одоогоор Халх гол сумын хэмжээнд 39,5 мянган га талбайг газар тариалангийн зориулалтаар аж ахуйн нэгж, иргэд эзэмшиж байгаагийн 12 хувь буюу 4,5 мянган га талбай нь идэвхтэй ашиглагдаж байна. 

ТОМИЛГОО

Мядагийн Ганхүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилов.
М.Ганхүү 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 
М.Ганхүү 1974 онд Нийслэлийн 10 жилийн 17 дугаар дунд сургууль, 1977 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль, 1985 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн. 
•    1977-1980 онд Төв аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч
•    1985-1991 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт эрүү, эдийн засгийн ахлах төлөөлөгч
•    1991-1994 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын орлогч дарга 
•    1994-1997 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга 
•    1997-1999 Төмөр замын Цагдаагийн хэлтсийн дарга
•    1999 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга  
•    1999-2001 Эрүүгийн цагдаагийн газрын дарга
•    2001-2007 Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга
•    2007-2009 Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга
•    2009 оноос Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байна. 

ТОВЧХОН

•    УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төсөлд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах болон арилжааны банкинд байршуулахаас гадна хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах зорилгоор ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна. Нийгмийн даатгалын мөнгөн сангийн хөрөнгө нь даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход нь хууль тогтоомжид заасан тэтгэвэр,тэтгэмж, төлбөр өгөхөд чиглэсэн урт хугацааны хуримтлал бүхий сан тул хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, эрх зүйн орчин бүрдэж, уг зах зээлд тавих хяналт, зохицуулах механизм төлөвшсөний дараа дараа хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

•    УИХ-ын гишүүн Х.Жекей, Ц.Баярсайхан, П.Алтангэрэл, Ц.Батбаяр нарын санаачлан боловсруулсан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн төсөл санаачлагч нарт уламжлахаар тогтов.

•    Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2009 оны санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

•    “Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.  

•    Хатуу хучилттай зам, орон сууц зэрэг бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гадаадын орнуудын тодорхой тооны инженер, техникийн болон мэргэжлийн ажилчдад 2010 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгч, нэр бүхий компаниудын инженер техникийн болон мэргэжлийн ажилтнуудыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөв. Гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2010 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт даалгав. 

•    Иргэдээс 2010 оны нэгдүгээр улиралд Засгийн газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын дүнгийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Дээрх хугацаанд Монгол Улсын Ерөнхий  сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 419 өргөдөл, гомдол ирсний 79,2 хувь буюу 332-ыг нь судлан үзэж шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, зохих журмын дагуу хариу өгчээ. 87 иргэний өргөдөл, гомдол, саналд хариу өгөхөөр бэлтгэж байна. Иргэдийн захидалд дурдсан асуудлын 68,4 хувийг эдийн засаг, нийгмийн амьдралтай холбоотой холбогдсон санал, гомдол, хүсэлт эзэлж байна.

•    Засгийн газрын  2010 оны 3 дугаар сарын үйл ажиллагааны товч мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Засгийн газар гуравдугаар сард 5 удаа хуралдан 59 асуудал хэлэлцэж, 20 асуудалтай танилцан, 37 тогтоол, Ерөнхий сайдын 11 захирамж гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

•    “Газрын нэгдмэл сангийн 2009 оны улсын нэгдсэн тайлан”-г Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

•    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдын 2010 оны 3 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Бельгийн Вант Улсад,  2010 оны 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад албан томилолтоор ажилласан тухай дүнтэй танилцав. 

•    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цинхай мужид 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь эрсдэн, олон хүн орон байргүй болж, эд материалын үлэмж хэмжээний хохирол учирсантай холбогдуулан 50.0 /тавин/ мянган ам доллартай тэнцэх хэмжээний тусламжийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрөв. Газар хөдлөлтийн улмаас 1706 хүн амь үрэгдэж, 12128 хүн хүнд болон хөнгөн бэртэл авч 256 хүн сураггүй болсонд тооцогдож байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.Батболд: Малгүй болсон өрхүүдийг үе шаттайгаар малжуулахаар төлөвлөж байна
“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
БНХАУ-ЫН ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ХОРООНЫ УДИРДЛАГУУД АЙЛЧИЛЖ БАЙНА
Ерөнхий сайд үйлдвэрчний эвлэлийнхнийг хүлээн авч уулзлаа
С.Батболд : Бизнесийн орчныг шинэ шатанд гаргах нь ТОП аж ахуйн нэгжүүд, та бүхний үүрэг
Ерөнхий сайдад Данийн элчин сайд бараалхав
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан