2010 оны 12 дугаар сарын 21 Улаанбаатар хот
Аймаг, нийслэлийн удирдлагууд аа !
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Засгийн газар уламжлал ёсоор жил бүр улсын төсөв УИХ-аар батлагдсаны дараахан орон нутгийн удирдлагуудыг урьж, нэгдсэн сургалт, семинар зохион байгуулж, өнгөрч буй оны ажлаа дүгнэн, ирэх оны үүрэг, зорилтоо төлөвлөн ярилцдаг хариуцлагатай цаг мөчид Та бүхэнтэйгээ уулзаж байна.
Манай хамтарсан Засгийн газрын гишүүд тус тусын эрхэлсэн салбарын хүрээнд энэ онд орон нутагт хийсэн ажлын үр дүн, 2011 онд хэрэгжүүлэх бодлого, зорилт, үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудлын талаар тодорхой мэдээлэл хийнэ. Тиймээс би нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан Та бүхнээс цаашид анхаарлаа төвлөрүүлж ажиллавал зохих зарим онцлог асуудлын талаар Засгийн газрын байр суурийг илэрхийлж, санал бодлоо хуваалцахыг хүсч байна.
Миний бие өнгөрсөн жилийн өдийд аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзахдаа хэлж байсныхаа дагуу монгол орныхоо баруун, төв, хангай, говийн бүсийн 18 аймгийн 70 гаруй сумдын нутагт ажиллалаа. Харин Зүүн бүсийн гурван аймагт энэ ондоо багтан ажиллах боломж байсан ч, хорио цээрийн улмаас албан томилолт маань хэрэгжиж чадсангүй. Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагууд малын халдварт өвчний гаралтыг бага дээр нь богино хугацаанд таслан зогсоох, тархалтыг хумих талаар хамтын идэвхи чармайлт, санаачлага, зохион байгуулалт муутай ажилласандаа дүгнэлт хийх хэрэгтэй.
Орон нутагт ажиллах үеэрээ ард иргэд, малчид, хөдөлмөрчдийн санал бодлыг сонсож, Засгийн газрын бодлого шийдвэрт тусгах, хөдөөгийнхний өмнө тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн ард иргэд, аймаг, сумдын удирдлагаас тавьсан санал хүсэлт, хөрөнгө оруулалтын шинжтэй тулгамдсан 98 асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хэрэг эрхлэх газрын зүгээс Засгийн газрын хуралдаанаар хоёр ч удаа хэлэлцүүлж, тодорхой заалт бүхий тогтоол, төлөвлөгөөг батлан, холбогдох сайд нарт үүрэг чиглэл өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Иймд 2011 онд аймгийн удирдлагуудаас анхаарах зорилтын нэг бол Засгийн газрын дээрх тогтоол, шийдвэрийг аймаг бүр өөрт хамаарах ажлыг бүрэн хэрэгжүүлэхэд оршино. Энэ чиглэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон нутгийн удирдлагын хэлтэс, аймгуудын Засаг дарга нар бусдаас илүү их чармайлт гаргах шаардлагатай.
Орон нутагт ажилласан байдлаа дүгнэн үзэхэд ард иргэд маань хамтарсан Засгийн газрын бодлогыг тууштай дэмжихийн зэрэгцээ ихээхэн үр дүн хүлээж байгаа нь анзаарагдлаа. Мөн аймаг бүрт тодорхой бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, хүмүүс эх орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцон хөдөлмөрлөх идэвхи, урам зориг дүүрэн байсныг дурдах нь зүйтэй. Гэхдээ аймаг, орон нутагт бүтээн байгуулалтын хэмжээ, далайц, үр өгөөж харилцан адилгүй байна. Энэ нь тухайн аймгийн удирдлагын арга барил, гар сэтгэл нийлсэн хамтач ажиллагаа, санаачлага зүтгэлээс ихээхэн хамааралтай нь харагдаж байлаа.
Орон нутгийн удирдах албан тушаалтан Та нөхдөд өөр өөрийн аймаг, суманд ажлын байр шинээр бий болгох, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, иргэдээ ядуурлаас гаргах, тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах, төр засгийн бодлого шийдвэрийг хүргэж сурталчлах, боловсон хүчний ам ажил, эрх үүрэг, хариуцлагын нэгдлийг хангах зэрэг цөөнгүй тулгамдсан асуудлууд шил шилээ даран хүлээгдэж байгааг онцлон хэлэхийг хүсч байна.
Өнгөрч буй 2010 онд анх удаа өмнийн говьд Засгийн газрын тусгай хуралдаан хийж, дэлхий нийтийн анхаарал татаж байгаа цөлжилттэй холбоотой асуудлыг тусгайлан хэлэлцэж тодорхой шийдвэрүүд гаргалаа. Энэ нь байгаль орчноо хамгаалах, цөлжилтийн эсрэг тэмцэх, бэлчээрийг зүй зохистой ашиглах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах бодлогын хүрээнд хийгдсэн ажил юм. Аймаг, орон нутгийн удирдлагууд Та бидний өмнө тулгамдсан асуудлын нэг болсон байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг бууруулах, элсний нүүдлийг зогсоох, бүх нийтээр мод тарих хөдөлгөөн өрнүүлэх, улмаар мал аж ахуй эрхлэх уламжлалт арга барилдаа шинэчлэл хийх талаар нэгийг бодож, хоёрыг хийх цаг болжээ. Үүнд анхаарч ажиллах нь зүйтэй.
Бизнесийн хөгжлийг дэмжих таатай орчин бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас 2010 оныг "Бизнесийн орчны шинэтгэлийн жил" болгон зарласан. Энэ ажлын хүрээнд төрөөс үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл, хяналт шалгалтын дарамт, шат дамжлагыг судалж, эрх зүйн орчинг сайжруулах, үйлчилгээг хөнгөвчлөх, байгууллагын зарим чиг үүргийг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын эхлэлийг тавилаа. Энэ талаар төрийн захиргааны төв байгууллагууд төдийгүй мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхан идэвхтэй ажиллаж, тодорхой саналууд гарч, зарим үр дүнд хүрч байна.
Уг ажлын хүрээнд судалгаа шинжилгээ хийж, бизнес эрхлэгчид мэргэжлийн байгууллагуудын дунд өргөн хэлэлцүүлэг явуулсны үр дүнд 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаар эхний ээлжинд 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв. Энэ мэтээр төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх эхлэлийг тавилаа. Мөн энэ чиглэлээр холбогдох 21 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүллээ. Харин аймгийн удирдах ажилтнууд энэхүү хариуцлагатай ажилд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаад анхаарах хэрэгтэй. Бизнесийн орчны шинэтгэлийг зөвхөн энэ онд хийгээд зогсохгүй, цаашид үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэх ёстой. Тиймээс Та бүхэн ирэх 2011 онд ч гэсэн энэ асуудлын талаар орон нутагтаа тодорхой ажил хийх ёстой.
Улсын Их Хурал Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Энэхүү үндсэн чиглэлд "Хүний хөгжлийг хангах макро эдийн засгийн бодлого", "Бодит салбарыг хөгжүүлж, хүний амьдрах орчныг сайжруулах", "Хүнд ээлтэй байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлого", "Хүний хөгжлийг хангах нийгмийн бодлого", "Иргэнд ойрхон төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэл", "Гадаад бодлого, батлан хамгаалах" гэсэн 6 бүлэг, 19 зорилтыг тодорхойлж, энэ хүрээнд нийтдээ 665 арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа.
Засгийн газраас "Төсвийн тогтвортой байдлын тухай" хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулсан нь бидний 2011 оны ажлын шинэ эхлэл болно гэж үзэж байна. Энэ нь төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, цахилгаан станц байгуулах, олон улсын болон Европын холбооны стандартын шаардлага хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг эдийн засгийн суурь бүтцийг бэхжүүлэхэд шаардлагатай санхүүгийн хуримтлалыг бүрдүүлэх, төсвийг тогтворжуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Засгийн газраас төсвийн шинэчлэлийн хүрээнд төвлөрлийг сааруулах, төв, орон нутгийн төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, хяналтын явцад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах, улс орны хөгжлийн бодлого болон төсвийн төлөвлөлтийн уялдаа холбоог дээшлүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэх Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлснийг онцлон тэмдэглэж байна. Энэхүү хууль нь төсвийн хариуцлага сахилгыг сайжруулахад онцгой анхаарч, холбогдох албан тушаалтан болон шийдвэр гаргагч этгээдийн эрх хэмжээ, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгоход чиглэгдсэн. Уг хуулинд улс төрийн намуудын нийгмийн болон төсвийн хариуцлагыг дээшлүүлсэн тусгай заалт орууллаа.
Мөн Засгийн газраас төсвийн шинэчлэлийн хүрээнд анх удаа орон нутагт хөрөнгө оруулалтаар аймаг бүрт дунджаар 800.0 сая төгрөг, 5 бүсийн хөгжилд дэмжлэг болгон дунджаар 24.0 сая төгрөгийг тус тус 2011 оны төсвийн тухай хуульд тусган Улсын Их Хурлаар батлууллаа. Засгийн газраас бараа ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төвлөрлийг багасгах зорилт тавьж байгаа. Энэ бодлогынхоо хүрээнд орон нутагт хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх эрхийг, хүлээх хариуцлагын хамт орон нутагт нь шилжүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.
Энэхүү хуулийн төсөлд тусгаснаар улсын болон бүс нутгийн шинж чанартай худалдан авалтыг Засгийн газрын тусгай агентлаг төвлөрсөн байдлаар зохион байгуулна. Харин аймаг, нийслэлийн хувьд худалдан авах ажиллагааг өөрсдөө бие даан зохион байгуулахаар болж өөрчлөгдөх юм.
Ингэснээр орон нутагт төсвийн эрх мэдэл бодитойгоор шилжиж, төвлөрөл саарч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт оновчтой болж, ажлын байр нэмэгдэх, амьдарч буй орчноо өөрсдөө сайжруулах санаачлага идэвхитэй өрнөх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Энэ бүх шинэ онцлогууд нь аймаг, нийслэлийн удирдах ажилтан Та бүхнээс үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа шинэчлэл хийхийг шаардана гэдгийг зориуд онцлон тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан Та бүхэн дараах асуудлуудад анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй.
Үүнд:
Нэгдүгээрт: Манай улс зах зээлийн шилжилтийн үеийг дуусгаж их бүтээн байгуулалтын үйлсэд дэвшин орж байгаатай холбогдуулан Та бүхэн бодит шаардлага, нотолгоонд суурилсан шийдвэр гаргаж, зохион байгуулж буй ажлынхаа арга барилыг олон нийтэд ойлгомжтой, үр дүн нь мэдэгдэхүйц хэмжээнд шинэчилж өөрчлөх хэрэгтэй байна.
2011 онд улсын төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ихээхэн ажил хийгдэнэ. Иймд ажлын байр шинээр бий болгох, мэргэшилтэй ажилчид бэлтгэх, мэргэжил олгох асуудалд тал талаасаа анхаарч ажиллая. Орон нутагт хэрэгжиж байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, энэ жил улсын төсвөөс орон нутгийн хөгжил, бие даасан байдлыг хангах зорилгоор аймаг, нийслэлд олгож байгаа хөрөнгө оруулалт, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг ажлын байр шинээр бий болгоход чиглүүлж ажиллах ёстойг сануулъя.
Хоёрдугаарт: Улс орон, бус нутагт шинээр бий болж байгаа санхүү эдийн засгийн таатай нөхцлийг үр дүнтэй ашиглах ёстой. Үүнд орон нутгийн удирдлагууд Та бүхний мэдээлэл, зөвлөгөө, удирдлагын манлайлал чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Иргэд, өрх гэр бүлээрээ, нөхөрлөл, хоршоогоороо, сум, багаараа нэгдэн нийлж ажиллах, өндөр ашиг шимт мал үржүүлэх, үр тариа, ногоо, жимс жимсгэнэ тариалж, борлуулах, мах, сүү, ноос, арьс шир боловсруулах, бэлтгэн нийлүүлэх сүлжээ үүсгэх талаар санаачлага хөдөлгөөн өрнүүлж бодит ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Энэ талаар бид олон жил ярьсан ч бодит үр дүнд хүрсэнгүй. Харин эдийн засгийн талаасаа ирэх жилүүдэд боломж тохионо гэж үзэж байна.
Гуравдугаарт: Орон нутгийн өмчийн эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй боллоо. Аливаа тендер шалгаруулалт болон аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон багагүй эрхийг аймаг, нийслэлд олгож, эрх мэдлийн хүрээг өргөтгөснийг орон нутгийн хөгжил, нийтийн ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай. Эрх мэдэл, үүрэг хариуцлагыг дагаж олон нийтийн хяналт, оролцоо өргөжиж, шинэ шаардлага тавигдана гэдгийг анхааруулъя. Орон нутгийн төсвийн төлөвлөлт, орлого, зарлагын уялдааг сайжруулах хэрэгтэй байна. Үргэлж Засгийн газрын гарыг харж, Сангийн яамны арга эвийг олох гэдгээ зогсоох ёстой.
Дөрөвдүгээрт: Төр засгийн зүгээс сүүлийн 20 жилд хөдөөгийн малчид руу хандсан доривтой бодлого гараагүйд Засгийн газар дүгнэлт хийж тодорхой арга хэмжээг авч эхэлсэн. Малчдаа орон нутагтаа тав тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тэднийг ядуурлаас ангид байлгах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын баталгаа бий болгох эрх зүй, эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхээр “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Түүнийг 2009-2015 онд хэрэгжүүлэх эхний шатны ажлын төлөвлөгөөг Засгийн газар батлан хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх эхний шатны төлөвлөгөөнд нийт малчдын 70-аас доошгүй хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулахаар заасан.
2009 оны байдлаар нийт малчдын 4,1 хувь буюу 13,1 мянган малчин нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулсан. Эдгээр байдлыг харгалзан малчдыг нийгмийн даатгалд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгал, төлбөрийн тухай тусгайлсан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулаад байна. Мөн Малчин өрхийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар батлуулан, малчин өрхийг орлогын албан татвараас чөлөөлсөн.
Засгийн газраас цаашид малчдын малынхаа чанарыг сайжруулах, таримал бэлчээр, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн бэлчээрийг ашиглаж худаг, уст цэг гаргах, түүхий эд бүтээгдэхүүнийг орон нутагтаа боловсруулах чиглэлээр нэгдэж хоршоо, бүлэг, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр 2011 оны улсын төсөвт 56,0 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг тусгуулаад байна.
УИХ-аар батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатны төлөвлөгөөг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх арга хэмжээг авч байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын төсвөөс 2010 онд 5,3 тэрбум төгрөг зарцууллаа. Мөн Засгийн газраас бүх сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулах асуудлыг шийдвэрлэж, нийт 329 суманд 658 мэргэжилтэнг ажиллуулан, тэдгээрийн цалин, үйл ажиллагааны зардлыг хариуцаж байна. Ийнхүү малчдын талаар Засгийн газраас баримтлах бодлого тодорхой байгаа.
Энэ бодлогыг та бүхэн маань хэрхэн, яаж хэрэгжүүлж байна вэ? Малчдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангаж чадаж байна уу? Малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудал ямар шатанд явж байна вэ? Малчин бүрт эмнэлгийн үйлчилгээг үзүүлж чадаж байна уу? Хичнээн малчин нэрийн данстай болсон бэ? гээд та бүхнээсээ асуух олон асуулт надад байна. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх үүргийг Засгийн газраас та бүхэнд өгсөн. Хэрэгжилт нь ямар байгааг Засгийн газарт төдийгүй хөдөөгийн малчин иргэдэд тайлагнах цаг болсон гэж бодож байна. Мөн отор нүүдлээр яваа малчдаас ихээхэн хэмжээний татвар хураамж нэхэж, дарамт үүсгэдэг хандлага их байгааг аймаг, орон нутгийн удирдлагууд Та бүхэн анхаарах хэрэгтэй.
Тавдугаарт: Бидний онцгой анхаарах өөр нэг асуудал нь байгалийн баялгийг зохистой ашиглахын зэрэгцээ байгаль орчноо хамгаалах явдал боллоо. Энэ талаар их ярьсан ч үр дүн нь эсрэг байгааг олон нийт, орон нутгийнхан ярьж шүүмжилж байгаа нь зөв юм. Орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа компани бүр нутгийн иргэдтэй хамтран ажиллаж үйл ажиллагаа, олборлолт, нөхөн сэргээлтийн талаар зөв мэдээлэл солилцдог тогтсон механизмтай болох шаардлагатай. Мөн Сангийн яам, орон нутгийн удирдлага ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс улс, орон нутгийн төсөвт оруулсан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, хандив, тусламжийн тайланг гаргаж нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад мэдээлж, тэдний хяналтыг бий болгох явдал чухал юм.
Хөрс, ургамал, ус, бэлчээр, хадлан тариалангаа хамгаалах талаар судалгаа шинжилгээ, үнэлгээг тодорхой давтамжтайгаар тогтмол хийж, түүнд суурилсан төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор гаргаж, олон нийтийг хамруулсан ажил зохион байгуулж, мэдэгдэхүйц үр дүнд хүргэх хэрэгтэй.
Зургаадугаарт: Даяаршиж буй өнөөгийн нийгэмд тулгамдсан олон асуудлыг төрийн байгууллагууд дангаар шийдвэрлэх боломжгүй юм. Төрийн болон орон нутгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцох оролцооны ач холбогдол нэмэгдсээр байна. Иймд төр, иргэний итгэлцлийг бэхжүүлэх, гарч буй шийдвэрийн бодит биелэлтийг хангах үүднээс нутгийн удирдлагын байгууллагууд аливаа асуудлыг боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх, хяналт тавих ажилд хувийн хэвшил, иргэд, олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийнхнийг оролцуулах боломжийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Энэ бодлогын хүрээнд орон нутгийн төрийн бус байгууллагуудад тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болгож байна. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар иргэдийнхээ оролцоогүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг зарчим болгон ажиллах хэрэгтэй.
Долоодугаарт: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн үндэслэлгүй өсөлтөөс орон нутгийн ард иргэдээ хамгаалах асуудлыг анхаарлынхаа төвд байнга байлгаж, зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй. Засгийн газар "Атрын III аян" тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, улаан буудай, төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой боллоо. Газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тоо нэмэгдэж, тэдгээрийн хөдөө аж ахуйн техник хэрэгслийн хангамж нэмэгдсэн нь манай орны тариаланчид бас Та бүхний хичээл зүтгэлийн үр дүн юм. Хүн ардаа хүнс тэжээлтэй, ажилтай, орлоготой болгох нь Засгийн газар, Та бидний хамтын ажиллагааны зорилт, үр дүн байх учиртай.
Наймдугаарт: Сахилга, зохион байгуулалтын асуудлыг Та бүхэнд байнга сануулж ирсэн. Энэ удаа ч дахин сануулъя. Хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг орон нутагт шуурхай зохион байгуулж, биелүүлдэг хариуцлагыг бүх шатны нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд Та бүхэн хэнтэй ч хуваалцахгүйгээр үүрэх ёстой. Орон нутагт ажиллах явцад хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилт сайнгүй байгаа нь олон удаа ажиглагдсан. Орон нутгийн захиргааны байгууллагууд төрийн мэдээлэл, төрийн үйлчилгээг ард иргэдэд хангалтгүй хүргэдэг гэсэн шүүмжлэл байсаар байна. Иймд манай бүх шатны Засаг дарга нар хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн үүрэгт ажилдаа анхаарлаа хандуулж ажиллахыг сануулъя.
Монгол Улсын Засгийн газар үр дүнд суурилсан удирдлага, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх бодлогыг тууштай баримтлах болно. Энэ бодлогын хүрээнд Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний эрх зүйн орчин, тогтолцоог төгөлдөршүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг дээшлүүлэх талаар тодорхой зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Бид хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлого, зорилтынхоо үр дүнг нэг бүрчлэн тооцон үнэлж дүгнэх учиртай. Хийсэн бүтээснээ иргэд, олон нийтэд ил тодоор хэлж, болохгүй бүтэхгүй зүйлээ тухай бүр нь засч залруулахын төлөө тууштай чармайж, тэдний дэмжлэгийг авч ажиллах шаардлагатай байна.
Эцэст нь тэмдэглэж хэлэхэд ард түмэн Та бидний үйл ажиллагаанд дүн тавих сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусах ойртож байна. Ард иргэдээ ажилтай, орлоготой болгож, амьдралыг нь сайжруулах үүднээс л бид төсвийн болон бизнесийн шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа. Эдгээр зорилтыг ажил хэрэг болгож, ард иргэдийн амьдралд мэдэгдэхүйц үр дүн гаргахын төлөө Та бүхнээс гаргасан хүчин чармайлт, арга туршлагыг бүх талаар дэмжин тусалж, идэвх санаачлагагүй үйлдэл бүрт хариуцлага тооцох болно.
2011 он бол Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны бүтэн жилээр ажиллах сүүлийн жил. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт энэ оны ажлаас бүрэн хамааралтай гэдгийг зориуд цохон тэмдэглэе. Та биднийг хүлээж байгаа өвөлжилт, хаваржилтын цаг үеийн амаргүй ажилд байнга анхаарч ажиллах хэрэгтэй. Хүйтний эрч эрс чангарч, зарим аймаг, сумдад өвөлжилтийн байдал хүндэрч сэтгэл түгшээж эхэллээ. Гэхдээ энэ жил өнгөрсөн жилийн сургамжид тулгуурлан орон нутгийн удирдлагууд Та бүхэн ажилдаа хэрхэн хандсаныг, үүрэг даалгаврыг яаж биелүүлснийг илтгэн харуулах нэгэн шалгуур болно гэж би харж байна.
Амжилт ололтын зэрэгцээ дутагдал бэрхшээл ч байсан энэ он бидэнд туршлага, сануулга болон үлдэж байна. Харин угтан ирж буй 2011 ондоо ихийг бүтээж, илүүг хийж, амжилтаа бататгаж, алдаагаа засаж ажиллахыг нэг багийн хамт олон Та бүхнээс хүсье.
Анхаарлаа хандуулсанд баярлалаа.