Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр Их Британи улсын Олон улсын Оюутны хотхоны гүйцэтгэх захирал Петер Анвил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус байгууллага нь Их Британид суралцдаг оюутан залуучуудын эрх ашиг, нийгмийн асуудлыг хариуцан ажилладаг бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд манай улсын 70 гаруй оюутан уг хотхоноор дамжин суралцжээ.
Уулзалтын үеэр ноён Петер Анвил “Манай улсад суралцдаг оюутнуудынхаа ярианаас л танай улсын тухай төсөөлөлтэй болсон. Өнөөдөр танай сайхан оронд хүрэлцэн ирж, найрсаг ард түмэнтэй нүүр тулан уулзаж байгаадаа их баяртай байна” гэлээ. Тэрээр манай улсад ажил хэргийн шугамаар ирэхдээ Их Британид суралцаж байсан оюутнуудтайгаа уулзаж ярилцах зорилготой ирсэн. Мөн жил бүр хоёр оюутныг тэтгэлэгтэй суралцуулах болсноо Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар ирсэн гэлээ. Уг тэтгэлэг гурван жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд нийт 150 мянган фунт стерлингийг зарцуулах юм байна.
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэдний саналыг хүлээн авч талархлаа илэрхийлээд Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирчихсэн, уул уурхайн нөөц бололцоогоо ашиглах болсон энэ түүхэн цаг үед бидэнд нарийн мэргэжлийн өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчин нэн хэрэгтэй байгаа юм. Гэхдээ бидэнд газрын доорх баялаг үнэтэй хэдий ч, хүнийхээ толгой доторх баялгийг ашиглах нь түүнээс илүү үнэ цэнэтэй гэлээ. Ийм цаг үед Монголын ард түмэнд оюуны үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Тус уулзалтад Олон улсын оюутны хотхоны Оюутны асуудал эрхэлсэн проектор Кевин Койн, Гадаад төгсөгчдийн асуудал хариуцсан захирал захирал Жон Волфь Үйл ажиллагаа хариуцсан ажилтан Дэвид Чапмин нарын төлөөлөгчид байлаа.