Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сангийн хооронд тохиролцсон “Стэнд бай” хөтөлбөр амжилттай хэрэгжиж 10 дугаар сарын 1-нээр дуусгавар боллоо. Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч бөгөөд Ази, Номхон далайн газрын хэлтсийн дарга Стивен Барнетт тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхан хөтөлбөрийн талаар ярилцсан байна.
Дэлхийн санхүүгийн хямралын улмаас макро эдийн засаг, банк, санхүүгийн салбарт учирсан хүндрэлийг даван туулахад ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн “Стэнд Бай” хөтөлбөр үр дүнгээ өгсөн нь энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистик үзүүлэлтээс харагдаж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв.
Тэрээр хүнд үед шуурхай арга хэмжээ авч энэ хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ОУВС, Монгол дахь суурин төлөөлөгч болон түүний хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийллээ. Хэдийгээр олон нааштай өөрчлөлт гарч байгаа ч цаашдын хурдацтай өсөлтийг дагасан олон асуудал хүлээгдэж байна. Тухайлбал хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулах, иргэддээ үр өгөөжтэй эдийн засгийн өсөлт, байгаль орчин, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг улам бэхжүүлэх, эдийн засгийн бүтцээ төрөлжүүлэх зэрэг чиглэлээр олон ажил хийж байгааг Ерөнхий сайд хэлэв.
“Стэнд Бай” хөтөлбөрийг Ази, Номхон далайн бүс нутагт амжилттай хэрэгжүүлсэн анхны орон нь Монгол Улс. Хэдийгээр дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал нөлөөлж байсан ч Монгол Улсын Засгийн газар тухай бүр нь шуурхай арга хэмжээ авч байсныг Стив Барнетт тэмдэглэлээ. Монгол Улс цаашид төсвийн тогтвортой байдлаа хадгалах, банкны бүтцийн өөрчлөлтөд анхаарах, бусад донор орны санал болгож байгаачлан халамжийг хавтгайруулах бус харин авах ёстой иргэдэд хүргэх талаар анхаарах нь зүйтэй гэж тэрээр үзэж байна.
Дэлхийн эдийн засгийн хямралын улмаас төсвийн тэнцвэртэй байдал алдагдах нөхцөл үүссэн учир манай Засгийн газар эдийн засгаа тогтворжуулахаар “Стэнд Бай” хөтөлбөрийг 2009 оноос ОУВС-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дүнд төсөв, санхүүгийн байдал тогтворжиж, төсвийн алдагдал бууран төлбөрийн тэнцэл сайжирсан байна. Мөн гадаад валютын нөөц нэмэгдэж, инфляцийн түвшний өсөлт саармагжсанаас гадна манай улс хугацаа хэтэрсэн гадаад өр, төлбөрөө шийдэж хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.