Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 65 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ШҮҮМЖЛЭЛИЙН ХУРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С. БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.09.29 /
Нью-Йорк, 2010 оны 9 дүгээр сарын 27

Чуулганы дарга ноён Жозеф Дайс,
Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн,
Хатагтай, ноёд оо,

Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулган нь хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлттэй зэрэгцэн нэрвэсэн дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын дараагаар сэргэлтийн зарим шинж тэмдэг илэрч буй үед тохиож байна. Олон улсын хамтын нийгэмлэг хавсарсан, харилцан уялдаа бүхий эдгээр хямралын үр нөлөөг арилгах амаргүй сорилттой тулгарч байгаа хэдий ч Мянганы хөгжлийн зорилтууд (МХЗ)-ыг хэлэлцсэн Дээд хэмжээний уулзалтаас өнгөрсөн долоо хоногт  илүү эрчимжсэн хамтын үйл ажиллагаа явуулахыг уриалсан нь найдвар төрүүлж байна.

Их Уналтаас хойшхи хамгийн гүнзгий эдийн засгийн хямрал нүүрлэсэн цагаас эхлэн дэлхий ертөнцийн шилдэг эрдэмтэн мэргэд яагаад ийм байдалд оров, засаж залруулахын тулд юу хийвэл зохилтой вэ гэдэгт тодорхой хариулт олохоор чармайж ирлээ. Өнгөрсөн 25 жилийн туршид ноёлж ирсэн нео-либерализм, эсвэл зах зээлийн фунтаментализм гэж томъёолдог эдийн засгийн онолууд алдаатай байжээ гэж мэтгэх хүн цөөнгүй байна. Эдгээр онолын үндэс, тухайлбал зах зээл өөрийгээ засч залруулдаг учраас зохицуулалт шаардлагагүй гэсэн ойлголт буруу болох магадлалтай байна.

Эрчимтэй өсөлтөд хүрэхийн зэрэгцээ ядуурлыг бууруулах чиглэлээр ахиц дэвшил гаргасан улс орнууд, бүс нутгийн туршлагаас харахад төрийн зүгээс нийтэд хүртээлтэй өсөлт, тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих зорилгоор эдийн засагт зориуд интервенц хийж, зах зээлийн хөшүүргүүдийг ч залж залруулж болдогийг харуулж байна. Эндээс төр болон зах зээлийн үүрэг ролийн тухай ойлголтоо эргэн харахад чиглэсэн «хөгжлийн төлөөх төр» хэмээх концепц сонирхол татаж байна.

НҮБ дэлхий дахиныг өөрчилсөн шинэ, бүтээлч санаа, хөгжлийн тухай ойлголт төрүүлэгчийн хувьд гишүүн орнуудын хөгжлийн бодлого, төлөв байдалд багагүй нөлөө үзүүлж болох тийм суурь ойлголт, үзэл баримтлалуудыг хэлэлцэн хөгжүүлэхэд тэргүүлэн оролцох газар мөн гэж бид үзэж байна. Энэ бол ноён Дарга таны тус чуулганы ерөнхий шүүмжлэлийн гол сэдэв хэмээн санал болгосон «Дэлхий дахины засаглал дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын амин гол үүргийг дахин бататгах нь» гэсэн хэлэлцүүлгийн нэг чухал хэсэг байж болох талтай юм.

Өнөөгийн глобал сорилтуудад глобал шийдлүүд шаардлагатай гэдгийг өргөнөөр хүлээн зөвшөөрч байгаа билээ. НҮБ-ын үндсэн зарчмууд, шинж чанар нь түүнийг дэлхий дахины засаглалын үүсэн бий болж буй тогтолцооны салшгүй хэсэг болгож байна. НҮБ бол дэлхийн хамгийн өргөн төлөөлөлтэй, хууль ёсны, эрх мэдэл бүхий байгууллага, глобал хамтын ажиллагааны улс төрийн төв билээ. Тус байгууллага нь цөмийн зэвсгээс уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн асуудлаас хүний эрх гээд глобал бүхий л асуудлын шийдлийг нэгтгэн томъёолох хосгүй форум юм. Дэлхийн удирдагчид дэлхий ертөнцийг өнөөгийн болоод ирээдүйн үеийнхэндээ илүү аюулгүй, шударга, цэцэглэн хөгжсөн, ногоон болгон үлдээхээ хариуцлагатайгаар амладаг газар нь НҮБ мөн.

Гэвч шийдлээ НҮБ-аас гадуур олсон, эсвэл эрж хайж байгаа сорилтууд байгаа нь үнэн. Яагаад гэж асуух нь зүй ёсны хэрэг. Үүнд хялбар хариулт өгөхөд цөөнгүй хүчин зүйлс, олон асуудал нөлөөлж болно. Гэхдээ дэлхий дахины засаглал дахь амин гол үүргээ дахин бататгахын тулд НҮБ үйл ажиллагаагаа үр ашигтай болгож, шинэчлэлээ тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь бидний хэлэлцүүлгээс тодорхой харагдаж байна.

Ерөнхий Ассамблейн хэлэлцүүлэг, шийдвэр нь бидний төлөөлж буй ард иргэдийн амьдралд бодитой, наалдахуйц үр нөлөө үзүүлдэг байхын тулд түүний үйл ажиллагааг цаашид эрчимжүүлэх шаардлагатай байна. Глобал эдийн засгийн шийдвэр гаргах үйл явц дахь Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн үүрэг ролийг өндөржүүлэх хэрэгтэй. Өнөөгийн дэлхий ертөнцийн бодит байдлыг илүү төлөөлөхөд чиглэсэн Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл нь дэлхий дахины засаглал дахь НҮБ-ын амин гол үүргийг дахин баталгаажуулахад чухал түлхэц болох юм. Монгол Улс байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэн, өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын зохистой төлөөллийг хангах замаар Аюулгүйн Зөвлөлийг шударгаар, тэнцвэртэй өргөжүүлэхийн төлөө байна.

Хөгжил, энх тайван ба аюулгүй байдал, хүний эрх бол НҮБ-ын тулгын гурван чулуу билээ. Өнгөрсөн долоо хоногт Мянганы хөгжлийн зорилтууд/МХЗ/-ыг авч хэлэлцсэн Ерөнхий Ассамблейн Өндөр түвшний бүгд хуралдаан, хамгийн гол нь түүний өмнө өрнөсөн олон улсын идэвхтэй яриа хэлэлцүүлэг хөгжлийн төлөөх НҮБ-ын ажиллагааг эрчимжүүлж байгааг Монгол Улс талархан тэмдэглэж байна. Үүний үр дүнд МХЗ-ыг 2015 он гэхэд хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлтаа эрчимжүүлье гэсэн дэлхийн удирдагчдын амлалт бидний итгэл найдварыг бататгаж өглөө.

Монгол Улсын хувьд гэвэл бидний хоцроод байгаа Мянганы хөгжлийн 3 зорилт болох ядуурлыг бууруулах, жендэрийн тэгш байдлыг хангах, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах талаар хүчин чармайлтаа эрчимжүүлнэ гэдгээ манай Засгийн газар Дээд хэмжээний уулзалт дээр дахин нотолсон. Бид МХЗ-ыг хэрэгжүүлэхдээ салбар дамнасан, оролцоог хангасан, хүн төвтэй арга барил баримтлах, хөгжлийн амжилтын суурь болох засаглалыг сайжруулах, цаашдын үйл ажиллагаандаа илүү сайн мониторинг, үнэлгээ хийж ажиллах болно.

Бид ядуурлыг бууруулах хүч чармайлтаа эрчимжүүлэхдээ жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадваржуулахад чухалчлан анхаарахаар төлөвлөж байна. Бидний энэ хүч чармайлтад саяхан байгуулсан «НҮБ-Эмэгтэйчүүд» газар чухал түнш болно гэдэгт манай Засгийн газар итгэлтэй байна. Энэ жил Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадваржуулах асуудлаар Үндэсний сайн дурын илтгэлээ Эдийн засаг, нийгмийн зөвлөлд танилцуулсан. Эмэгтэйчүүдийн нөөц болоцоог эдийн засаг, улс төрийн хувьд бүрэн дүүрэн ашиглах, тэднийг эрүүл мэндийн үйлчилгээнд үр хүүхдийн хамт түлхүү хамруулах, ардчилсан засаглалд бодитойгоор оролцох боломжийг олгосон эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр бид ажиллах болно.

Эмзэг орнуудын хэрэгцээ шаардлагад санаа тавих нь хөгжлийн төлөөх НҮБ-ын үйл ажиллагааны цөм нь билээ. Далайд гарцгүй хөгжиж буй орон (ДГХБО)-ы хувьд Монгол Улс эдгээр бүлэг орны ашиг сонирхлыг урагшлуулахын төлөө бусад гишүүн орны хамт чармайн ажиллаж байна. Алматын Үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд ахиц гарч байгаа хэдий ч ДГХБО-ууд олон улсын худалдаанаас алслагдаж,  бараа бүтээгдэхүүнийг хил дамнуулан тээвэрлэх зардал өндөр хэвээр байгаа нь тэдний бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадваргүй болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

Өөрсдийн онцгой хэрэгцээ шаардлагын талаар судалгаа, дүн шинжилгээ хийх чадавхиа нэмэгдүүлэх замаар Алматын Үйл ажиллагааны хөтөлбөр, МХЗ-ыг бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөөх хамтын хүч чармайлтыг улам эрчимжүүлэх зорилгоор  ДГХБО-уудын Олон улсын судалгааны төвийг байгуулах санаачилгыг Монгол Улс дэвшүүлсэн билээ. Энэхүү төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг өнгөрсөн долоо хоногт хуралдсан ДГХБО-уудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит 9 дүгээр уулзалтаас сайшаан баталсныг өнөөдөр Та бүхэнд сонордуулахад таатай байна.

Тууштай дэмжлэг үзүүлж ирсэн бүх тал, түүний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,   Нэн буурай хөгжилтэй орон, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал хариуцсан  Дээд төлөөлөгчийн газар болон хамтран зүтгэгч бусад улсад манай Засгийн газар гүн талархал илэрхийлж байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн засаглалын бас нэгэн чухал талбар мөн билээ. Улс төрийн өргөн хүрээтэй зөвшилцөл бий болгох чиглэлээр Копенгаген хотноо олсон ахиц дэвшилд дөрөөлөн, энэ оны эцсээр Канкун хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Оролцогч талуудын 16 дугаар бага хурал хүртэл Конвенцийн хүрээнд явуулж буй дэлхий нийтийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх хойшлуулшгүй шаардлага эдүгээ тулгараад байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн Монголд үзүүлж буй сөрөг нөлөөллийг үгүйсгэх аргагүй юм. Сүүлийн 20 хүрэхгүй жилийн дотор манай газар нутгийн 70 гаруй хувь цөлжилтөд нэрвэгдээд байна. Олон зуун гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ширгэсний улмаас усны хомсдол бий болж, биологийн төрөл зүйлс устан доройтлоо. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний нөлөөллийг багасгах чиглэлээр манай улсын хэрэгцээнд тохирсон арга хэрэгслэлийг тодорхойлж, нэвтрүүлэх шаардлагатай байна.

Өнөөгийн хэрэгжүүлж буй стратеги, хөтөлбөрүүд  бидний хүсэн хүлээж буй үр дүнд хүрэхгүй байна. Аж үйлдвэрийн голлох салбар болох уул уурхайн хөгжил нь хүрээлэн буй орчны хувьд санаа зовоосон бас нэг асуудал болж байна. Иймд улс орныхоо байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хангаж, экологийн эмзэг байдлыг шийдвэрлэх нь ирэх он жилүүдэд бидний анхаарлын төвд байх болно. Хэрэгжилтийг хангах, тууштай байх, санхүүжилтийг шийдвэрлэх болон хөгжлийн төлөө хамтрах гэсэн 4 асуудал эдгээр сорилтыг даван туулахад тэргүүлэх үүрэгтэй байх болно.

Өнгөрсөн сард бид Говийн элсэн цөлд Засгийн газрын тусгай хуралдаан  хийлээ. Цөлжилт нь 100 гаруй орны тэрбум гаруй хүний тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан буюу хөдөө аж ахуйг зохисгүй эрхэлснээс үүдэлтэй өргөжин тэлсээр байгаа газрын доройтол нь түүнд өртөгсдийн хүнсний аюулгүй байдал, эцсийн дүндээ хүний аюулгүй байдалд  ноцтой аюул занал учруулж байна. Цөл болон Цөлжилтийн Эсрэг Тэмцэх НҮБ-ын 10 жилийн хүрээнд цөлжилттэй тууштай тэмцэх шийдвэр төгс байгаагаа манай Засгийн газар Говиос гаргасан илгээлтээрээ нийтэд илэрхийлсэн.          

Зэвсэг хураах олон талт үйл ажиллагааны хүрээнд олон улсын түвшний өөдрөг чиг хандлага 2010 оноос сэргэж буйг бид анзаарч байна. Энэхүү чиг хандлага нь манай Засгийн газраас сайшаасан Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээ болон  Цөмийн аюулгүй байдлын Дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичгээр дахин баталгаажсанаас гадна Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх Бага хурлын төгсгөлийн баримт бичигт тусгалаа олсон билээ.

Энэхүү Бага хурлаар Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнц бий болгох үзэл санааг гүйцэлдүүлэхэд чухал шаардлагатай ирээдүйд чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг тохиролцлоо. Монгол Улс Бага хурлын үр дүнг сайшааж байгаа бөгөөд өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид болгон зарлах зэргээр зэвсэг хураах болон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх Бага хурлын Төгсгөлийн баримт бичигт тусгалаа олсончлон манай улсын энэхүү статусыг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс бүрэн хүлээн зөвшөөрсөн билээ.

Айдас түгшүүр болон үгүйрлээс ангид байх эрхийг хангах үйлсэд Олон улсын атомын энергийн агентлаг(ОУАЭА)-аас оруулж буй хүвь нэмэр өсөн нэмэгдэж байгаад Монгол Улс талархан хүлээн авч байна. Цөмийн эрчим хүч, эрүүл мэнд, хүнс болон хүрээлэн буй орчны аюулгүй байдал зэрэг салбарт цөмийн хэрэглээг хэрхэн хангахаас МХЗ-ын биелэлт тодорхой хэмжээнд шалтгаална. Монгол Улс ОУАЭА-тай, ялангуяа хүний нөөцийг хөгжүүлэх болон эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт цөмийн технологи ашиглах талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Өнгөрсөн жил тус Агентлагтай гарын үсэг зурсан  2009-2014 оны хөтөлбөрийн хүрээнд цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил, манай улсын ураны нөөцийг хамтын ажиллагааны тэргүүлэх салбар болгон нэмж орууллаа.

Энэ жил Монгол Улс Хорт хавдрыг эмчлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн загвар төсөл хэрэгжүүлэх 8 улсын нэгээр сонгогдоод байна. Энэ нь Монгол Улсад өргөн тархацтай байгаа хорт хавдрын өвчлөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэх, хөгжиж буй бусад оронтой туршлага хуваалцахад тус дөхөм болох юм. Тиймээс бидэнд үнэтэй туслалцаа үзүүлж байгаа ОУАЭА болон түүний Ерөнхий захиралд Монгол Улсын Засгийн газар энэхүү боломжийг ашиглан талархал илэрхийлж байна.

Терроризмын эсрэг тэмцлийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхийг онцлохын сацуу гишүүн орнуудад энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхийн чухлыг тэмдэглэсэн Дэлхий нийтийн терроризмын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын стратегийг хянах хоёр дахь удаагийн хурлын дүнг  Монгол Улс сайшааж байна.

Монгол Улс нь терроризмын эсрэг дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмэр оруулах асуудалд онцгойлон анхаарч ирсэн бөгөөд терроризмын эсрэг олон талт бүх гэрээ, хэлэлцээрт нэгдэн ороод байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1373 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаарх дэд бүсийн семинарыг манай улс өнгөрсөн тавдугаар сард НҮБ-тай хамтран амжилттай зохион байгуулсан юм. Терроризмтэй тэмцэх улс орнуудын чадавхийг бий болгоход хөгжил дэвшил, ардчиллыг урагшлуулах, хүний эрхийг дээдлэх зэрэг нь нэн чухал үүрэгтэй гэдэгт бид бүрэн итгэдэг.

Энхийг сахиулах үйл ажиллагаа нь дэлхийн засаглалд хувь нэмрээ оруулах НҮБ-ын нэг чухал арга хэрэгсэл мөн. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эв зүйгээр зохицуулах, мөргөлдөөний дараах нөхцөл байдалд энх тайвныг сахин хамгаалах болон цогцлоон байгуулахад улс орнуудад дэмжлэг үзүүлж, чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг илүү хүчтэй, үр дүнтэй, харьцангуй бага зардалтай болгох чиглэлд өнгөрсөн арван жилийн хугацаанд шинэчлэлийн чанартай чухал алхамууд хийгдсэн.

НҮБ-ын энхийг сахиулах болон энхийг цогцлоон байгуулах хүч чармайлт нь уялдаа холбоо бүхий нэгэн цогц үйл ажиллагаа байх нь чухал гэж Монгол Улс үзэж байна. Өнгөрсөн арван жилийн туршид Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж, тодорхой алхамуудыг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр НҮБ-ын мандат бүхий энхийг сахиулах 6 ажиллагаа, түүний дотор хамгийн хүнд нөхцөлтэйд тооцогддог Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс, Чад, Судан дахь ажиллагаанд оролцож байна. Монгол Улс цаашид ч оролцоогоо өргөжүүлэхэд бэлэн байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс нь ардчилсан засаглалын институц, үйл явцыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, ардчиллыг урагшлуулахад чиглэсэн олон улсын  үйл ажиллагааны идэвхтэй оролцогч байж ирлээ. Монгол Улс 1992 оны Үндсэн Хуулиараа ард иргэдийнхээ үндсэн эрх, эрх чөлөө, хүний эрхийг баталгаажуулж, хүний эрхийн тухай олон улсын гол гол баримт бичгүүдэд нэгдэн орсон. Мөн хараат бус, бие даасан Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулж, 2003 онд батлагдсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Бодлогын үндсэн баримт болсон энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь төрийн байгууллагуудын чадавхи, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн оролцоог хангах, хүний эрхийг хамгаалах болон хүний эрхийн зөрчихийн эсрэг олон нийтийн идэвхийг хөхиүлэн дэмжихэд чиглэж байна. Товчхондоо манай улсад хүний эрхийг дээдлэн хамгаалах улс төрийн хүсэл эрмэлзэл, эрх зүйн орчин бий болсон гэж хэлж болно.

Гэхдээ аливаа улс орны хүний эрхийн байдал төгс төгөлдөр байдаггүй. Манай улсын хувьд гэвэл хүний эрхийг бүрэн дүүрэн дээдлэн хамгаалахад мэдлэгийн болон чадавхийн хомсдол голчлон саад болсоор байна. Үүний зэрэгцээ ХДХВ/ДОХ болон бусад халдварт өвчин, хүний наймаа, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг хил дамнасан асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн болон олон улсын үр дүнтэй хамтын ажиллагаа шардлагатай байна. Монгол Улс энэ оны 11 дүгээр сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанд Хүний эрхийн байдлын тухай үндэсний илтгэлээ хэлэлцүүлэх хүрээнд тус Зөвлөлтэй үр дүнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна.

Үндэсний болон олон улсын түвшний аль ч засаглалд иргэний шууд оролцоо нэн чухал билээ. Манай Засгийн газар бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх явцад иргэний нийгэм, олон нийтийг идэвхтэй оролцуулахыг чухалчилж байна. Бид иргэний нийгэмтэй хамтын ажиллагааны холбогдох гэрээ байгуулсан бөгөөд Засгийн газрын нээлттэй засаг вэб сайтаар дамжуулан иргэд бодлогын баримт бичгүүд болон хуулийн төслийн талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлэх боломжтой. Миний бие сүүлийн хоёр сарын хугацаанд хөдөө орон нутагт багагүй хугацаанд ажиллаж, орон нутагт тулгарч буй хөгжлийн сорилтуудтай газар дээр нь танилцан жирийн иргэдийн санаа бодлыг сонслоо.

Ийнхүү иргэдтэй нүүр тулан уулзаж ярилцах нь тэдний хувьд эн тэргүүнд тулгарч буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, цаашид анхаарвал зохих зүйлийг Засгийн газрын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов. Мөн энэ оны эхээр бид Монголын эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулж, эдийн засаг, хөгжлийн өргөн хүрээтэй асуудлаар хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй нухацтай санал солилцсоноор ойрын ирээдүйн тэргүүлэх зорилтуудаа тодорхойлоход ач тустай болов. 

Хүн амаа ажилтай, боловсролтой, эрүүл байлгах, өөрөөр хэлбэл, хүний хөгжлийг хангах нь манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны анхаарлын төвд байна. Энэ зорилгын хүрээнд манай Засгийн газар аж үйлдвэржилт, уул уурхай, дэд бүтцийн хөгжлийн томоохон төслүүд хэрэгжүүлэх замаар хүн бүрт наалдацтай эдийн засгийн өсөлтийг хангах бодлого баримталж байна. Саяхан байгуулсан Хүний хөгжлийн сангаар дамжуулан бид байгалийн баялгийн орлогоос халамжийн тэтгэлэг, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг үзүүлэх хэлбэрээр иргэн бүрт хүртээхээр ажиллаж байна.

Монгол Улс ирэх оноос Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах үүргийг хүлээнэ. Энэхүү нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг хэрэгжүүлэхдээ бид түүний гишүүн орнууд, холбогдох оролцогчидтой идэвхтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзлэл дүүрэн байна. Эцэст нь Монгол Улс НҮБ-ын үйл хэрэгт үнэнч, түүнийг бүрэн дэмжиж байдгаа илэрхийлж, “Хүчтэй, нийтэд хүртээлтэй, нээлттэй НҮБ бол дэлхийн засаглалын баталгаа мөн” гэсэн ноён дарга Таны хэлсэн үгээр өндөрлөхийг хүсч байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Канад нь Монгол Улсын хөгжлийн загвар орон болно
Санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 9 дүгээр сарын 29-ний болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав.
Монгол Улсын Ерөнхий сайд Канадад айлчилж байна
Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулганы дарга Монгол Улсын санаачилгыг дэмжихээ илэрхийлэв
Чехийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан