Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн чуулганы эхний өдөр буюу есдүгээр сарын 20-нд хүлээн авч уулзсан тухай бид мэдээлсэн. Харин 9-р сарын 25-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулганы дарга Жосеф Дэйс Ерөнхий сайд С.Батболдыг хүлээн авч уулзав. Энэ нь НҮБ Монгол Улс дахь харилцаандаа чухал ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж ноён Жосеф хэллээ.
Уулзалтын үер Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын 65-р чуулганаар Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт, олон улсын энх тайван аюулгүй байдал, энхийг сахиулах үйл ажиллагаа, зэвсэг хураах, олон улсын худалдаа, эдийн засгийн хөгжил, байгаль орчин гэх мэт нэн чухал асуудлуудыг хэлэлцэж байгааг тэмдэглээд Монгол Улс 65-р чуулганд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа гэлээ.
Манай улсын хувьд тус чуулганы Эдийн засаг санхүүгийн асуудал хариуцсан хоёрдугаар хороог даргалах, Монгол Улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн асуудлаарх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг байгуулах, ерөнхий санал шүүмжлэлд оролцож Засгийн газрын байр суурийг илэрхийлэх зэрэг хэд хэдэн асуудалд гол анхаарлаа чиглүүлж ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.
Транзит тээврийн өндөр зардал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүндрэл Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгааг Ерөнхий сайд С.Батболд дурдаад эдгээр бэрхшээлтэй асуудлуудыг шийдэхэд НҮБ-тай харилцах харилцаа чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.
Ерөнхий ассамблэйн 65-р хурлын дарга ноён Жосеф НҮБ-ын дээд хэмжээний бүгд хуралдаанд Монгол Улс идэвхтэй оролцож байгаад Ерөнхий сайдад талархлаа илэрхийлээд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах, цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах зэрэг Монгол Улсын санаачилгыг хурлын даргын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ.