Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 25-нд Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч Вацлав Клаустай НҮБ-ын төв байранд уулзав. Бусад улс орнууд хөгжлийн албан ёсны тусламжаа бараг зогсоогоод байхад Чех улс манайд үзүүлж байгаа тусламжаа үргэлжлүүлж байгаад Ерөнхий сайд С.Батболд ноён Клауст талархлаа илэрхийллээ.
Чех Улс Европын холбооны гишүүнчлэлийн өндөр шаардлагыг амжилттай хангасан арга зам туршлагаас суралцах, Чехийн энэ стандартыг Монголд нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд хэлээд чех хэлээр ярьдаг, Чех орныг хоёрдахь эх орноо гэж үздэг Монгол хүмүүс олон байдаг. Энэ хүмүүс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны гүүр болж байгааг тэрбээр дурдлаа.
Чех Улсын Ерөнхийлөгч Вацлав Клаус хэлэхдээ Монгол Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг, өнөөдөр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа худалдааны эргэлт тун бага байгаад дүгнэлт хийж, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхэд шаардлагатай бүх гэрээ хэлэлцээрийг байгуулахад бэлэн байна гэв. Энэ жил Монгол-Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ.