Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Энэтхэг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас манай улсад суух Элчин сайдаар томилогдсон Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Сатбир Сингх, Хоанг Таун Тхинь нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, ажлын амжилт хүслээ.
Мөн Бүгд Найрамдах Франц Улсаас (БНФУ) Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жан-Поль Дюмоныг хүлээн авч уулзлаа.
Монгол- Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд гаргахыг чухалчлав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас (БНЭУ) Монгол Улсад суухаар шинээр томилогдсон Элчин сайд Сатбир Сингхийг 2010 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол-Энэтхэг улсууд нь түүхэн уламжлалт оюун санааны хэлхээ холбоотой бөгөөд хоёр талын харилцаа эрт дээр үеэс улбаатай гэдгийг тэмдэглэлээ.
Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагааны уламжлалт соёл, боловсролын салбарын харилцаа идэвхтэй хөгжиж байна. Цаашид хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахын тулд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд онцоллоо. Хоёр талын хамтын ажиллагааны механизмыг улам боловсронгуй болгоход цаашид анхаарч, тухайлбал тодорхой салбарууд дээр хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах боломжтой юм гэж Ерөнхий сайд хэлэв.
Ноён Элчин сайд хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахын тулд харилцааны уламжлалт салбаруудаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллах болно гээд, харилцан албан уулзалт, айлчлал, солилцоог эхний ээлжинд байнгын, хэвшмэл болгохыг чухалчилж байгагаа илэрхийллээ. Энэтхэгийн томоохон, нэр хүнд бүхий хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулахыг ихэд сонирхож байгаа. Есдүгээр сарын сүүлчээр Энэтхэгийн бизнесийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНЭУ-ын Уул Уурхай асуудал эрхэлсэн сайдыг айлчлуулах боломжийг судалж байна гэж Элчин сайд С.Сингх хэллээ.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Франц Улсаас (БНФУ) Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жан-Поль Дюмоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Ерөнхий сайдыг Вьетнамд айлчлахыг урилаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдоод удаагүй байгаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Хоанг Таун Тхинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ. Хоёр орны хооронд бараа солилцоо нэмэгдэж, хүнс хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэнд, аялал жуулчлал болон олон нийтийн байгууллагууд хооронд хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Хоанг Таун Тхинь нь 1977-1982 онд манай улсын ХААДС-ийг төгссөн, Монгол дахь БНСВУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан монгол зан заншил уламжлал, түүх соёлыг мэддэг, монгол хэл сайн эзэмшсэн дипломатч ажээ. Хоёр орны харилцааг шинэ түвшинд хөгжүүлэхэд Эрхэмсэг ноён Элчин сайдын манай орны талаарх мэдлэг том дэмжлэг болно гэдэгт итгэж байгаагаа Засгийн газрын тэргүүн С.Батболд илэрхийлэв.
Мөн Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 14 дүгээр хуралдаан амжилттай болж өнгөрсөнд баяр хүргээд хоёр орны хооронд эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн комиссын шийдвэрүүдийг ажил хэрэг болгоход Элчин сайд Хоанг Таун Тхинийг идэвх гаргаж ажиллахыг хүслээ.
Монгол Улс АСЕАН-ы орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд дурьдаад “АПЕК болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, АСЕАН-ы хамтын ажиллагаанд оролцох манай эрмэлзлэлийг Вьетнам нөхөд маань цаашид ч дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ. Ноён Элчин сайд Хоанг Таун Тхинь уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг БНСВУ-д айлчлахыг урьсан Ерөнхий сайдынхаа урилгыг дамжууллаа.
2009 онд хоёр орны худалдааны эргэлт 8,9 сая ам.долларт хүрсэн бөгөөд Вьетнамын талын экспорт давамгайлж байгаа. Боловсролын яамд хорондын хэлэлцээр болон хувийн зардлаар Монголоос 55 оюутан Вьетнамд, Вьетнамаас 19 оюутан манай улсад суралцдаг юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.