Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг билээ. Тус өдрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд болон төр засгийн удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Манай улс энэ өдрийг тэмдэглээд эдүгээ 14 жил болж байгаа ажээ. 1998 онд Цагаатгалын хуулийг баталснаас хойш 29 мянган хүнийг цагаатгаад байгаа юм байна.
“1937-1947 онд шүүхээр 30 орчим мянган хүн шийтгэсний 21 мянгыг шууд буудан хороосон байдаг. Хэлмэгдүүлэлтийг гомдсон хэдэн хүний хийсэн хэрэг гэж ойлгох хандлага байдаг. Гэтэл монгол улсыг тэр чигээр нь хар үүл нөмөрсөн цаг үе байсан” хэмээн Улс төрийн хэлмэгдсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурьдаж байв. Энэ өдрийг тохиолдуулан манай улсын бурхан шашны сүм хийдүүд хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан ном айлдаж, зул өргөх ажээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.