Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.09.06 /
Наадмын дараагаас төвийн болон баруун бүсийн 9 аймаг, мөн говийн 4 аймагт албан томилолтоор ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын энэ удаагийн томилолт үйлдвэрлэл, газар тариалангийн гол бүс нутгууд болох Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт үргэлжиллээ. Засгийн газрын тэргүүн С.Батболд иргэдтэй уулзах үеэрээ “Олон түмэнтэйгээ уулзаж, та нарынхаа саналыг сонсож байгаа нь Засгийн газрын ажлын нэгэн хэлбэр юм” гэлээ.

Орон нутгийн иргэдийн сэтгэлийг зовоож буй гол асуудал нь ажлын байрны хүрэлцээ бага байгаагаас залуучууд ажил эрхлэхгүй байгаа явдал юм. Тиймээс ахмадуудын тэтгэврийн мөнгөөр амьдралаа залгуулж буй айлууд олон байна. Үүний зэрэгцээ монгол залуучуудын ажлын байрыг гадаадын ажилчид эзлээд байгаад бухимдах иргэд олон байлаа. Иргэдийнхээ санал бодлыг сонссон Засгийн газрын тэргүүн хэд хэдэн асуудлыг онцолж ярилаа. Эдгээрийн нэг нь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдэд мэргэжлийн ажилчин бэлтгэх асуудал юм.

Мэргэжилтэй ажилчин бэлтгэх зорилгоор Засгийн газраас 50 гаруй тэрбум, Оюутолгой төслөөс мөн ийм хэмжээний хөрөнгө зарж мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн техник, тоног төхөөрөмжийг шинэчилж байна. Эдгээр төвд залуучуудыг ямар нэгэн төлбөргүйгээр сургахаас гадна суралцах хугацаанд нь тэтгэмж олгоно. Зах зээлд эрэлт хэрэгцээ багатай мэргэжлээр их, дээд сургуульд сурч, суралцах хугацаандаа төлбөрийн дарамттай, төгсөөд ажлын байргүй, ажилгүй иргэдийн тоог нэмж байсны оронд инженер, техникийн ажилтан, гагнуурчин, бетон зутгагч, засварчны мэргэжил эзэмшвэл ажлын байр бэлэн байгаа төдийгүй гадаадад хар ажил хийх шаардлагагүй болно.

Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож хангалттай цалин авч сайхан амьдрах боломж байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн Оюутолгой, Тавантолгой төслийн бүтээн байгуулалтад оролцож байгаа залуучуудын цалин хангамж, ажлын байр, амьдрах орчны таатай нөхцөлөөр жишээ татан тайлбарлаж байлаа. Монгол Улсад уул уурхай, дэд бүтцийн салбарт ажлын байр олноор бий болж, түүнд ажиллах хүсэл сонирхолтой залууст мэргэжлийн дадал, ур чадвар олгох сургуулиуд нь бэлэн болж байна.

Энэ онд л гэхэд 3000 гаруй залуучуудыг ямар нэгэн төлбөргүйгээр МСҮТ-д сургахаар Засгийн газраас шийдвэрлэсэн бөгөөд орон нутгаас суралцах залуучуудын санал авч тодорхой квот гаргаж сургаж эхлээд байна. Одоо гагцхүү суралцагч, залуучуудын маань өөрсдийн сахилга хариуцлага, санаачилгатай байдлаас л цаашдын сайхан амьдралын баталгаа шалтгаалах болно гэдгийг сайтар анхаарах ёстой. Үүнд хүсэл зориг нэгдэж, идэвхтэй оролцож, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцахыг хүүхэд, залуучуудад уриалж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтуудын төгсгөлд дүгнэж хэлсэн үгэндээ энэ “Ажлын байрны асуудал очсон газар бүрт хөндөгдөж байна. Манай Засгийн газрын нэгдүгээрт тавьж буй зорилт маань иргэдээ ажлын байртай болгох. Энэ ажил маань шуурхай үр дүнгээ өгөх эсэх нь иргэд та бүхнээс шалтгаалах юм. Өнгөрсөн хавар шийдсэн томоохон бүтээн байгуулалтын шийдлүүд шинээр ажлын байр бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Он гарсаар Оюутолгойд ажиллагсдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдэж, өнөөдөр тэнд 3600 гаруй монгол ажилчин ажиллаж байна. Ойрын жилүүдэд 6000 хүртэл ажлын байр нэмэгдэх хандлага байна.

Үүнээс гадна хувийн хэвшлийнхэн Өмнөговь аймгийн Ухаахудаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний орд, Сэлэнгийн Төмөртэйн орд газрын олборлолтыг эхлүүлж, түүнийг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт  анх удаа үндэсний мэргэжилтэн, ажилчдын хүч хөдөлмөрөөр дулааны цахилгаан станцыг барьж байгуулж байна. Ажлын байр олноор бий болох хандлага байна. Эдгээр бүтээн байгуулалтад мэргэжилтэй ажилчид өгөөч гэж аж ахуйн нэгжүүд хүсэлт тавиад байна. Тиймээс ч иргэдээ үүнд бэлтгэхийн тулд Засгийн газар өөрөөс шалтгаалах бүхнийг хийж байна гэсэн юм.

Мөн “Говийн аймгуудаар ажиллахдаа Оюутолгойн бүтээн байгуулалттай танилцлаа. Говь нутаг маань сэрж байна. Оюутолгой төсөлд гаднын ажилчид олноор ажиллаж байна гэж байна. Засгийн газар аль болох монгол залуучуудаа ажилтай байлгах бодлого барьж байна. Оюутолгойн үндсэн олборлолт эхлэхэд Эрдэнэт үйлдвэрээс гурав дахин илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргана. Энэ нь манай улсын эдийн засагт үр өгөөжтэй. Энэ үйлдвэрт цаашдаа монгол ажилчид давамгайлж ажиллана гэдгийг та бүхэндээ хэлэх байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар л гэхэд тав, зургадугаар зэрэглэлийн  1300 гаруй гагнуурчин өгөөч ээ гэсэн хүсэлтийг компаниуд Засгийн газарт тавиад байна. Гэтэл Монгол Улсын хэмжээнд өндөр зэрэглэлийн 130 гаруйхан л гагнуурчин байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллага гаргаад байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ийм жишээ татсаныхаа дараагаар  “Тэгэхээр бид энэ ажлын байранд тэнцэж ажиллах залуусыг бэлтгэмээр байна. Тиймээс ч Засгийн газрын зүгээс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа иргэдээ сургах ажлыг эрчимтэй зохион байгуулж эхлээд байна.

Энэ бүгдэд харилцан чармайж, залуучууд маань хичээнгүйлэн суралцах ёстой” гэдгийг очсон газар бүртээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцлон ярьж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцахыг урьж байлаа. Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраас гаргасан. Эдгээр ажлууд хэрхэн хэрэгжиж байна, орон нутгийн ажил амьдрал ямар байна гэдэгтэй танилцах, ирэх хоёр жилд, түүнээс цаашхи хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх нь гүйцэтгэх засаглалын тэргүүний хөдөө орон нутагт хийж буй томилолтын зорилго юм.

“Албан томилолтын үр дүнгээр Засгийн газрын хуралдаан хийж,  хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж эхлээд байна. Баруун бүсийн есөн аймгаар явахад гарсан зөв зүйтэй санал санаачилгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажил хэрэг болгохоор шийдвэрлэсэн. Говь болон газар тариалангийн бүс нутгийн ажилтай танилцахад гарсан асуудлуудыг ч мөн шийднэ” гэдгээ Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байлаа. Иргэд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд хандаж Засгийн газрын хуралдаанаар оюутнуудын сургалтын төлбөрийн асуудлыг хэлэлцэн тогтоол гаргаж их, дээд сургууль, коллежийн суралцагчийн төлбөрөөс 500 мянган төгрөгийг ирэх оны нэгдүгээр сараас Хүний хөгжил сангаас бэлэн бусаар олгохоор шийдвэрлэснийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Үүний адил тэтгэврийн зээлтэй байгаа ахмадуудын банкны зээлийн өрийг Хүний хөгжил сангаас тэдэнд олгох мөнгөөр хааж өгөөч гэсэн хүсэлт уулзалт бүрт хөндөгдөж байв. Мөн жижиг дунд үйлдвэрийн зээлийн хугацааг сунгаж  өгөөч гэсэн санал олонтаа гарч байлаа. Иргэдээс гарсан санал, санаачилга, хүсэлтийг судалж, зохих арга хэмжээг авах болно гэдгээ Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Боловсрол ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа
Иргэдийн санал тогтоол боллоо
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ
Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө
Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан