Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
1 САЯ 500 ГАРУЙ МЯНГАН ХҮН ХУВЬЦААГАА ХУДАЛДАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.06.20 /

~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ ~

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаар танилцлаа. Үүнтэй холбогдуулан хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдэд хувьцааны төлбөрийг “Хүний хөгжил сан”-гийн хишиг, хувийг олгож байгаа банкуудтай нэмэлт гэрээ байгуулан өгүүлэхээр шийдвэрлэлээ. 5 дугаар сарын 29-ний байдлаар 1 сая 532 мянга 853 хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтээ гаргасны дийлэнх олонхи нь бэлэн мөнгөөр, үлдсэн нь орон сууц, банкны зээл, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, сургалтын төлбөр зэрэг хэлбэрээр худалдах хүсэлтэй байна. 

6 дугаар сарын 20-ны байдлаар 1096 аж ахуйн нэгж 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалгаа Үндэсний татварын ерөнхий газарт ирүүлжээ. Одоогийн байдлаар 82 аж ахуйн нэгж 2 тэрбум гаруй төгрөгийг тусгай дансанд оруулаад байна. Ер нь 6 дугаар сарын 28 гэхэд хувьцаа худалдаж авах захиалга өгсөн аж ахуйн нэгжүүд мөнгөө төвлөрүүлсэн байх ёстой. Энэ мөнгөөр дараа дараагийн санхүүжилтийг хийх боломжтой гэж Засгийн газар тооцоолж байна.

ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг улам эрчимжүүлэхийг холбогдох сайд нар, нийслэлийн удирдлагуудад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Энэ хүрээнд дэд бүтэц барих хөрөнгө оруулалтыг нэмж, хөгжлийн төлөө гаргасан иргэдийн санал, санаачлага зэрэгт дэмжлэг үзүүлэх болсон байна. Хуралдаанаар гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлын явцтай танилцсаны дараа ийм шийдвэр гаргалаа.

Сайд Т.Бадамжунай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах, газар зохион байгуулалт, хот байгуулалт, төлөвлөлт, инженерийн төвлөрсөн хангамжтай нийтийн орон сууцны бүс, төвлөрсөн болон бие даасан инженерийн хангамжтай тохилог хувийн орон сууцны бүс, захын гэр хороолол буюу бие даасан инженерийн хангамжтай бүс, цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, авто зам, нийтийн тээвэр, инженерийн бэлтгэл ажил, хог хаягдлын менежмент, тохижилт, иргэдийн оролцоо зэргийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар хотын 306 мянган өрхийн 184 мянга орчим хүн гэр хороололд амьдарч байна гэсэн тоо гарчээ. Гэр хорооллыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Газрын тухай багц хууль, Газрын кадастрын тухай зэрэг хуулийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа бол Хот байгуулалтын тухай, Барилгын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж эхэлжээ. Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд 7, 14 дүгээр орон сууцны хороолол, МҮОНРТ орчмын хорооллын инженерийн шугам сүлжээ_ барилгыг БНХАУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байна.

Хорооллуудын  инженерийн салбар шугам сүлжээний төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр Хөгжлийн банкнаас 23 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож эхэлжээ. Мөн иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй зээлийг ч олгож байгаа юм. Нийслэлийн агаарын бохирдлын талаар ч Засгийн газрын хуралдааны үеэр яригдлаа. Бохирдлыг бууруулахын тулд Засгийн газар гэр хороололд эрчим хүчний шөнийн хэрэглээний цагийг тогтоож, цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхийн хэрэглэсэн цахилгааны үнэд хөнгөлөлт үзүүлж байна.  Энэ хөнгөлөлтийг 46 мянган хэрэглэгч эдэлж 342 сая төгрөгийн урамшуулал авчээ.

Тайлангаас үзвэл энэ оны 1 дүгээр улирлын байдлаар нийслэлийн 90 мянга гаруй иргэн гэр бүлийн хэрэгцээний газраа өмчилж авсан байна. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох боломжтой төвийн хэсэгт 40 орчим мянган айл байна. Тэгвэл  Өлзийт, Туул, Тахилт, Баруун болон Зүүн салаа, Чингэлтэй, Хайлааст, Дамбадаржаа, Шархад, Улиастайн 48 орчим мянган өрхийн газрыг тохилог орон сууцаар барилгажуулж, төвлөрсөн болон бие даасан инженерийн шугам сүлжээнд холбох юм. Салбарын яам, хотын захиргаанаас захын гэр хороолол буюу бие даасан инженерийн хангамжтай бүсэд байгаа 52 мянган айлыг шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлжээ.

Гэр хороололд шинээр суурьшсан 12 мянга гаруй айлаас гадна хүчдэл нь унадаг 20 гаруй мянган айлыг цахилгаанаар найдвартай хангаж чадсан байна. Үүнтэй зэрэгцэн Буянт-Ухаа, Яармаг, Баянголын ам, Зайсан, МҮОНРТ, 7, 14 дүгээр орон сууцны хорооллын эрчим хүчний дэд өртөө, агаарын шугамыг барьж эхэлжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хотын төсвөөс хөрөнгө гарган гэр хорооллын талаас илүү хувийг гэрэлтүүлэгтэй болгосон мэдээ байна. Гэр хороололд 62 км зам шинээр тавьж, 15 км замыг өргөтгөн шинэчилсэн бөгөөд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 64 км зам барьж байна. 2016 он хүртэл нийт 171 км зам тавихаар төлөвлөжээ.

Өнгөрсөн онд нийслэл хот төсвөө тодотгон хог тээврийн автомашины паркийг 163-аар нэмэх шийдвэр гаргасан бөгөөд үүний дүнд энэ онд машины тоо одоогийнхоос 2 дахин нэмэгдэх боломж бүрдсэн байна. Ингэснээр айлуудын хогийг зөөж тээвэрлэх зэрэгт ахиц гарч байгаа юм. Гэр хорооллын иргэд амьдарч байгаа орчноо сайжруулахын тулд бүлэг болж хамтдаа багагүй зүйл хийж байна. Энэ хүрээнд 60 гаруй бүлэг нийслэлийн тусламж, дэмжлэгтэйгээр 2 тэрбум орчим төгрөгийн тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийжээ.

Засгийн газрын хуралдааны дараа Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын газрын нөхцөлийг сайжруулах ажлыг 1996 оноос эхэлсэн. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг төслийн байгууллагуудын хамтарсан шийдвэрийн дагуу гэр хоролооллыг сайжруулах, гэр хороололд шугам сүлжээ тавих ажил хийгдэж байна.

Тухайлбал, Дэлхийн банкны төслийн шугамаар Улаанбаатар хотын гэр хороололд цэвэр усны 185 км шугам татсан. Энэ шугам өнөөдрийг хүртэл нэмэгдээд хийгдэж байна. Үүнтэй холбогдон гэр хорооллыг сайжруулахын тулд дахин төлөвлөлт хийж эхэлжээ.  Үүний нэг жишээ нь Дамбадаржаагийн гэр хорооллыг цэвэр бохир усны шугамд холбосон явдал юм. Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас иргэдэд зориулсан сурталчилгааны материал болон зөвлөмж өгч байна. Энэ талаар Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар хэлэхдээ “Иргэд 0,07 га газартаа 9х9 хэмжээтэй хоёр давхар орон сууц барих, үүний хамт зам талбай, ногоон байгууламж, хүлэмж, тоглоомын талбай зэрэг төлөвлөлтийг хийнэ.

Төвийн шугамыг тавиад өгөхөд салбар шугамыг нь айлууд өөрсдөө татах боломжтой. 10 айл хамтраад хийхэд зардал 10 дахин багасч байгаа. Тухайлбал, 10 айл хоршиж 200 метр газар цахилгаан, дулаан цэвэр усныхаа салбар шугамыг татахад 25 сая төгрөгийн зардал гарна. Үүнийг  нийт барилгынхаа өөрийнх нь төсөвт өртөгт нэмэхэд 65 сая төгрөгөөр тохилог амины орон сууцанд амьдрах боломж бүрдэнэ. Ийм төслийг хэд хэдэн газарт хэрэгжүүлж байна” гэв.

ШАТАХУУНЫ ҮНЭ 6, 7 ДУГААР САРД ТОГТВОРТОЙ БАЙНА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн биелэлттэй танилцлаа. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд болон Газрын тосны газрын удирдлагуудын мэдээлснээр ОХУ-аас ачигдсан АИ-80, АИ-92 бензин ойрын өдрүүдэд ирэх юм байна. Ингэснээр ойрын хоёр сард шатахууны нийлүүлэлт хангалттай болж, үнэ ханш нь ч тогтвортой байх нь. 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийн шалтгааныг тогтоон, цаашид үнийг шатлалтайгаар буюу 100 хүртэл төгрөгөөр бууруулахаар зорьсон. Үүний дүнд дунджаар 1761,6 төгрөг болж нэмэгдсэн үнийг 1593,3 төгрөг буюу 168 төгрөгөөр бууруулжээ. Цаг үеийн шаардлагаар автобензин, дизель түлшний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үүднээс энэ оны  төсвийн хөрөнгө оруулалтад тусгасан 60.0 мянган тоннын багтаамжтай автобензин, дизель түлшний агуулах барих хөрөнгө оруулалтыг концессын жагсаалтад оруулж, сонгон шалгаруулалтаар эрх авсан компаниудаар гүйцэтгүүлж эхэлжээ.

Нийтийн тээврийн үнийн хувьд алдагдлыг нөхөх, татаас өгөх хэлбэрээр үнийн өсөлтийг барих үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний  аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээ үзүүлж буй их, дунд, бага оврын автобусны  эрхлэгчдийн шатахууны зөрүүнээс үүсч буй алдагдлыг нэг сарын гүйцэтгэлээр тооцон нийт 395.953.5 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас олгохоор тогтсон байна. Махны нийлүүлэлт, түгээх арга хэлбэр нь оновчгүй, ченжээр дамжин иргэдэд хүрдэг, махны экспорт хяналтгүй байгаагаас шалтгаалан эрэлт ихэсч, үнэ хөөрөгдөж байна гэж үзсэн байна.

Тиймээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан 15 мянган тонн хүртэл махны нөөц нэмж бүрдүүлэн, мах бэлтгэх, түүнийг жижиглэн худалдаалах ажлыг зохион байгуулж, аймгуудтай мах бэлтгэн нийлүүлэх гэрээг хийжээ. Түүнчлэн нөөцийн мах бэлтгэхэд шаардагдах 40 тэрбум төгрөгийн төсвийн зээл авах эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгон, дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс мах, махан бүтээгдэхүүний экспортыг 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хязгаарласан байна.

МАНАЙ УЛС 50 САЯ ТОЛГОЙ МАЛТАЙ БОЛЖЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай мал төллөлт, хаврын тариалалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 6 дугаар сарын 15-ны байдлаар 14 сая мал төллөж 14,3 сая төл бойжиж байна. Одоо 1 сая орчим бод мал төллөх бөгөөд нийт 15 сая төл хүлээн авснаар манай улс энэ жил түүхэндээ хамгийн их төл авах юм. Тэгвэл үр тарианы тариалалт 94,6, төмснийх 103,3, хүнсний ногооных 84,6 хувьтай байна. Энэ жил 330 мянга га-д чанар сайтай уринш боловсруулах бөгөөд 6 дугаар сарын 13-ны байдлаар 80 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байна.

Салбарын яам тариаланчдад зориулж техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа зохион, шатахуун, буудайн үр, ургамал хамгааллын бодис, эрдэс бордоог 40-50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгожээ. Мөн төсвийн хөрөнгө оруулалт, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр өндөр хүчин чадлын трактор, бусад техник хэрэгсэл нийлүүлж байна.

ТОВЧ МЭДЭЭ

  • Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
  • УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Түүхий эдийн нийлүүлэлтийг тогтворжуулах, үндэсний үлйдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан байна. Энэ асуудлыг тусгасан “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд үүнтэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг уламжлахаар боллоо. 
  • УИХ-ын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Баянмонгол компанийн тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн үндэслэлээр дэмжих боломжгүй гэж үзлээ. УИХ, нийслэлийн сонгууль болох гэж байгаа энэ үед УИХ-ын зарим гишүүн иймэрхүү хууль санаачилдаг нь  зүйд нийцэхгүй гэж сайд нар хэлж байлаа.
  • Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Энэ оны эхний хагас жилийн байдлаар 12 388 ажлын байр бий болсон байна. Иргэдийг ажлын байраар хангаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийт 67 төсөлд 9,5 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
  • Лондоны олимпод улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдын спортын иж бүрдэл хувцас авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Замын ачааллыг 30 хувь бууруулах шинэ зам ашиглалтад орлоо
22-ын товчооны чиглэлийн замын ажлыг наадмаас өмнө дуусгахыг Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо
“Нарантуул”-д худалдаа эрхлэгчдийн ажлын байр 25 жилийн баталгаатай боллоо
ЭНЭ ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 484 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙНЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан