Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг, “Бүс нуурын хойд энгэр” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн малчин Даваахүүгийн үнээ боомоор өвчилж үхсэн байна. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улсын Онцгой комиссыг зарлан хуралдуулж, цагийн байдлыг хэлэлцэн, авах арга хэмжээний талаар үүрэг өглөө. Шинжилгээний хариу эцэслэн гараагүй хэдий ч хязгаарлалтын дэглэм тогтоож, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг эрчимжүүлэх, өвчний голомтод эргүүл, хяналт шалгалтын хэсэг гаргах, ариутгалын цэгийг Тэрэлж, зүүн аймгууд руу явах замд өнөөдрөөс ажиллуулж эхлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн гурван айлын 15 хүн, 1000 гаруй малыг дахин үзлэгт хамруулж, гартаа шарх авсан хоёр иргэнд үзлэг, шинжилгээ хийн, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэх болжээ. Цаашид шүлхий болон боом өвчний вакциныг цаг хугацаанд нь хийж дуусгах, халдварын голомтод байгаа айлын малыг нядлуулахгүй, сүү, цагаан идээг худалдан борлуулахгүй байхад хяналт тавих болсон байна. Дээрх гурван хот айлын малд гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг 7 хоногийн өмнө хийсэн байжээ.
Мөн хуралдаанаар цаг үеийн бусад асуудлын талаар хэлэлцлээ. Сүүлийн өдрүүдэд хур борооны улмаас үер бууж, голын усны түвшин нэмэгдэж байгаа учир Онцгой комиссоос сэрэмжлүүлэг гаргалаа. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр борооноос гадна аянга цахилгаан, түр зуурын хүчтэй салхи ихтэй байх тул амралт, аялал, зугаалга эхэлж байгаа энэ үед Онцгой байдлын ерөнхий газар, цагдаагийн байгууллага хамтран аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, хяналт, шалгалтаа тогтмол хийж байхыг Онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд үүрэг болгов хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.